Миний 2022-2023

2023-01-01,01:16
Уг нь урд жилүүдэд нэлээн хэдэн жил иймэрхүү байдлаар (https://xvv.coo.mn/115848/minii-2018-2019.html) жилээ дүгнэж, дараа жилээ төсөөлж, төлөвлөж бичдэг байсан санагдах юм. Үүнээс өөрийг ирээд олсонгүй. Бодвол ФБ дээр бичээд олдохгүй болсон юм болов уу даа... Эсвэл хаа нэгтээ хадгалсан байж байж ч мэдэх л юм...

2022
Ер нь л их дээш дооштой, ер бусын сайхан жил болж өнгөрсөн. Бас нэг бүсгүйтэй хэсэг үерхээд бас амьдралын нэгээхэн хамгийн сайхан мөч, сайхан үе байсан... Удалгүй дууссан ч гэлээ ямар ч байсан зүгээр холоос аз жаргал хүсээд, хааяа бас жоохон хажуугаар нь санаж явсаар он дуусаж байна гэжж 😅

Хамгийн удаан араас нь гүйж байсан, ямар нэгэн хэмжээгээр хамгийн хайртай бүсгүйтэй уулзаж эв зүйгээ олсон. Энгийн найзууд болсон. Бас гэхдээ дахин дурласан дурласан нуугаад яахав хаха.

Бас нэлээд том шийдвэрүүдийг бол өөртөө гаргасан байх. Ерөнхийдөө Ковидын хорио, өөрийнхөө иргэдийг ч оруулахгүй, шударга бус, ухаангүй, шинжлэх ухаанч бус, Хойд Солонгосоос долоон дор арга хэмжээ, нэгнээ хатан ээж хэмээн өргөмжилж... гээд зүйлсээс эхлээд л энэ улсад миний амьдрахыг хүсэх орчин, ирээдүй харагдахаа болисон байсан тул энэ оны эхээр гадагшаа бүр мөсөн явж ажиллаж амьдаръя гэж шийдвэр гаргасан байсан 😢😪

Харин АНУ юмуу Канад эсвэл Европи, бүүр чадахгүй бол Австрали ч юмуу явна, Япон буцаж явахгүй гэж бодож байсан ч зун азаар ч гэмээр юмуу томилолтоор Япон явж, бас азаар санаснаас илүү сайхан зүйлс их тохиолдсон, бас яг тухайн үетэй жоохон давхцаад явахын өмнө, явж ирээд дурлаж хайрлаж явдаг, Японд байдаг нэг бүсгүйтэй уулзах боломж гарсан зэрэг нөлөөлөөд Япон явах шийдвэр гаргасан. Ер нь бид 2 анх 2019 онд намайг Монгол буцахаас 5 хоногийн өмнө танилцаж байсан юм. Одоо бодоход Японы бурхад намайг буцааж аваачих гэж бид 2-ыг учруулж, бас надад зун явах тийм боломж гаргаж өгсөн ч байж мэдэхээр л санагддаг, аригатоугозаимасү. Бас тэр ажилд авсан даргадаа, хамт ажиллаж байсан тийм боломж гаргаж өгсөн бүх хүмүүстээ баярлаж яваа шүү.

Бас ажлынхантайгаа Монгол улсынхаа зүүн хязгаар, гэр бүлээрээ аавынхаа нутаг баруун өмнөд хязгаар руу аялж уул, ус, дэлхий, өвөг дээдэстээ бараалхаад ирсэн. Урд өмнө бас ховорхон байсан сайхан тайван, бас ч адал явдалтай, хөл хөдөлгөөнтэй жил болжээ.

Тодорхой хэмжээнд ажлаа цэгцэлж, явах бэлтгэлээ хангаад л байна.

2023
Нэг их олон том зорилго юм тавихгүй. Хамгийн гол нь хайртай бүсгүйгээ очиж найрч, үерхэж, авч нийлэх л ганц зорилготой энэ жил. Хажуугаар нь яахав хэлээ сайжруулна, өөрийгөө жоохон хөгжүүлнэ, өрөө дарна даа. Өөр боломж, хүн төрөлхтөний төлөө хийж бүтээж ахиухан мөнгө олоод баяжчихаар зүйл юу байна бас бодож нүдээ бүлтийлгээд боломжийг хайж харж явахыг өөртөө багахан зэрэг сануулаад орхино оо 😅

За тэгээд нэг тийм эгэл жирийн нэгний амьдралаараа тайван сайхан амьдраад явна даа.
төрөл: Хувийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 15 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)