Хувь төөрөг, тавилан... (хувийн)

2023-10-28,18:28
Бодогдоод бичмээр санагдаад болдоггүй ээ 😅 Урт болохоор бас тэр бүр хүн уншихгүй л байх л даа. Гэхдээ яахав ер нь бол сэдэв нь бүтэлгүй хайр, сүсэг бишрэл, сүнс сүлд, итгэл үнэмшил маягийн юмнууд холилдсон, өөртөө бол чухал сэдэв 😅
 
Ер нь "зурсан зураг төөрөг" гэж бодох тусам байдаг юм шиг санагдаад байгаа юм. Тэрний талаар.
 
Юуны өмнө ах, дүү хамаатан саднууд, найзууддаа нэг юм захимаар байна. Хүүхдүүдээ заавал Англи хэлтэй болгоорой. Дээр нь өөр бас явмаар газар, үзмээр хэл байгаа бол дэмжээд үзүүлээрэй. Сургаарай. Би бол Герман, Япон хэлний аль нэгийг санал болгоно.
Хэлтэй бол хөлтэй гэж...
 
Ер нь хоёр хэлээр авч байгаа өөр мэдээллүүд, хоёр мэргэжил, хими, физик, математик, мэдээлэл зүйн шинжлэх ухааны сургалтуудыг дунд сургуульд нэлээн гүнзгий түвшинд заалгаж байсан суурь гээд харьцангуй илүү юмыг олон талаас харах ойлгох, боломжийг өгдөг байж магадгүй.
Бас ...-р сургуулийн байгалийн ухааны анги, химийн ангиудыг дамжиж сурах боломж ч өөр сургуульд тэр бүр байхгүй байсан болов уу. Төгсөөд анхнаасаа АиТи биш анагаахаар сурсан, гээд бас л зурсан зураг төөрөг арай бусдаас өөр илүү, боломж өгөгдөл байсан байж ч мэдэх юм.
 
Хааяа ч Чойномын шүлэглэсэн
"Цэцнүүдийн дунд тэнэг явахад
Цэнгэл жаргал элбэг олдох юм
Тэнэгүүдийн дунд л цэцэн байхад
Тэрнээс илүү зовлон алга"
гэдэг шиг бусдаас дээгүүр харж бухимдах үе байдаг 😅
 
Яаж ч бодсон л урдчилаад бодоод, олж хараад сануулж хэлсэн зүйлс минийхээр болох нь элбэг, ихэнх нь эргээд санадаггүй байх ч гэсэн. Мэдээж надад ч алдах онох зүйл бий, уян хатан байж авч өөрчлөгдөж сайжирч явахыг ч хичээгээд л байгаа.
 
...Миний амьдрал хэл мэддэгээс эхлээд л аяндаа зурсан зургаар явсан юм шиг үеүүд зөндөө.
 
Дээр нь нагац эгч маань хэл сурч гадаад явснаар бидний амьдрал бас түүнээс салбарлан модны мөчрүүд шиг зурагдаж явсан ч юм шиг.
 
Хэл тэгэхээр хөл төдий ч бас биш л юм шиг...
 
Ганц хүүхдээ гэлтгүй өөрсдөө ч бас хичээвэл хэл бол сурчихаж болох зүйл байх шүү!
2019 онд Японоос Монгол буцах шийдвэр гаргах үедээ сүмийн сугалдаг зурхайн дээр хол явахад сайн гэдгийг уншаад эргэлзээ тайлагдаж шийдэж байсан 😅
Цааш бичихээр олон эмэгтэй гарахаар бас ойлгомжгүй болох юм байна. Ядаж нэрнийх нь эхний үсгүүд зарим нь адил байгаад 😅 За А, Б, В... гэе.
Тэр үед Монгол буцах бас нэг шалтгаан нь А гээд нэг бүсгүйтэй чатаар бичдэг байсан юм, дээр үед ажлаар танилцаж дурлаж байсан. Монголд очоод ганц нэг уулзаад л бүтээгүй л дээ даанч 😅😪
 
Монгол буцахаасаа яг 5 хоногийн өмнө Б гээд нэг бүсгүйд нэлээн хүчтэй дурлаад буцаж байж билээ 😅 Дараа нь хааяа холбоотой байсан.
...Дээр үед нэг хийсэн зүйлээрээ холбогдож танилцаж бас шохоорхож дурлаж явсан В гээд нэг бүсгүй ажил санал болгоод Монголд байхдаа Япон компанид ажиллах боломж гарч ажиллаад, түрүү зун бас л зураг төөрөг, аз гэх үү хослоод Японд ажлаар (бараг аялж😅) ирэх боломж гарч, тэгэж ирэхдээ Японд ирэх шийдвэрийн эхлэл нэлээн гүнзгий тавигдсан. Уг нь бол Канад, Америк зүг рүү бодож байсан юм.
 
Япон сонгоход Б бүсгүйн том нөлөө бас байсан байсан 😅
 
Дээр хийсэн зүйлээрээ холбогдсон гэж бичсэн тэр зүйлийг хийгээгүй бол В-тэй дотно танилцаа ч уу, үгүй ч үү тэгэхээр бас тэр үеэс л бараг Монголд очоод Япон компанид ажиллах зураг зурагдсан л байсан байгаа юм.
 
Бүүр дунд сургуульдаа компьютерын дугуйланд орсноос ч юмуу, эсвэл дэлгүүрийн хажуугийн мухлагт ах нар компьютер тоглуулж байсан үе, аав хужаа Нинтендо авч өгч байснаас эхлээд миний төөрөг зурагдсан ч байж мэдэх л юм.
 
Дээрх Япон компаний төсөлд ажиллаж байхад бас дээр бичсэн нагац эгчийнхээ дотно найзын охин Д-тэй хамт ажиллаж билээ 🙂 Надаас 3 дүү бага сургуулийн насан дээрээ хамт нэг оронд унтаж явсан байдаг 😝 Юм гэдэг сонион гэж хууччуул ярьдаг. Гэхдээ зүгээр л хамт ажилладаг найзууд байсан шүү буруугаар ойлгов 😅
 
За тэгээд яг одоо байгаа Канагава мужийн Кавасаки гээд хотыг Б-тэй ойрхон байх гэж сонгож ирсэн юм. Нэтээр хайгаад олж ажилд орсон компани маань бол Хоккайдо гээд хойд арлын компани л даа. Б-г байхгүй байсан бол анхнаасаа Японд биш Канадад ч явж байх байсан байх, Японд байлаа гэхэд Хоккайдод байх байсан. Энд биш.
Урд нь 2 жил Нийгат мужид байхдаа Б-тэй илүү эрт танилцах өөр боломж ч байсан л байх, гэхдээ яг Монгол буцахаас 5 хоногийн өмнө танилцуулсан гэхээр энэ Кавасакид л Японы бурхан ч юмуу эсвэл ямар нэг дээр байгаа нөхөр авч ирэх гээд зураад байсан юм болов уу даа л гэж бодогдоод байгаа. Энэ хүүхэмсэг нөхөр энэ охинтой хальт тааралдуулчихвал хөтлөгдөөд хүрээд ирэх байх, эрт танилцуулчихвал Монгол буцахгүй энд үлдчихнэ гээд л зураад сууж байсан болов уу 😅
 
Анх 2004 онд хэлний сургуульд ирээд Анагаахын тэтгэлэг бараг авахын даваан дээр бүтээгүй Монгол буцаж байсан, тэр ч бас миний энэ зураг төөргийн нэг чухал байх ёстой зураг нь байсан байх. Хэрэв тэтгэлэг бүтсэн бол магадгүй хэзээ ч АиТи руу орохгүй анагаахаар явчих байсан байх. Тэгэхээр хүний амьдралд зарим бүтээгүй зүйлийн нөгөө талд өөр нэг зүйл ч юмуу боломж ирдэг байж магадгүй. Бүтээгүй зүйлд нэг их айхтар сэтгэлээр битгий унаарай гэсэн сургамж юмуу даа.
Б-тэй бүтээгүй ч гэсэн угаасаа л бүтэх ёсгүй, зүгээр л энд ирэх шалтгаан болох л ёстой хүн л байсан байх магадлалтай, бурханы надад зориулсан өгөөш л байсан юм байна гэж бодоод, итгээд байгаа.
 
Анх Японд ирэхдээ бас энэ Канагава дүүрэгтээ ирж байсан. Эндээ бас эргэж ирэх хувь зурагтай л, тэр зургаараа л яваад байна уу даа л гэж.
Бас нээрээ түрүү зун ирээд автобусанд нэг Хоккайдогийн эмээтэй танилцаж яриад, тэгээд Хоккайдогийн компанид орох боломж сонголт илүү боломжтой байгаад сонгоход бас эмээтэй танилцсан маань нөлөөлсөн. Энэ компанид сонгож орсон маань ч бас нэгэн зүйлийн эхлэл, зураг төөрөг яваа байх гэж бодоод байгаа.
За за нэг их гоё бүтэлгүй хайрын түүх мүүх бичиж чадсангүй 😅
 
Одоо удахгүй бүтэлтэй хайрын түүх бичих нь үү эсвэл хайр дурлалдаа завгүй болоод ФБ орж ирж стрессдэх завгүй алга болох нь уу мэдэхгүй алга болж магадгүй шүү 😎😁
Жоохон элийрэл, балайрал ч гэлээ бас нэг тийм зураг төөрөг, бурхан сахиус, өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд итгэж, мэдэж сонсож, дагаж, урсаж залбирч явахад ч хааяа илүүдэхгүй байх шүү л гэж хэлэх гэсэн юм өө. 🤗
 
Бидний амьдралын зураг төөрөг хэдий байдаг хэдий ч тэр нь нэг шулуун шугам шиг биш модны мөчир шиг, салаа бүр дээр нь хүн өөрөө сонголт хийж явдаг байх.
Харин тэр нь дээр шүү, тэрнээс болгоомжлоорой гээд дээрээс сэрэмжлүүлж, дохио өгч байдаг, тэрийг нь бас анзаарч явах хэрэгтэй гээд сонсож байсан, үнэн ч юм шиг санагддаг, аль болох анзаарч, дээр нь өөрөө бодож замаа сонгож явахыг хичээдэг.
Заримдаа том огцом сонголтуудыг хийх хэрэгтэй болдог...

 
төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 291 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)