Монгол бичиг

2009-08-24,19:36
Гавьяат багш Шаравын Чоймаа
    
1952 онд монгол хэл, бичгээ хамгаалан үлдээх үйлсэд үнэхээрийн гавьяа байгуулсан Улсын гавьяат багш эрдэмтэн Шаравын Чоймаа Говь-Алтай аймагт мэндэлжээ.

2006 онд (54 нас) Монголын нууц товчоон, Лувсанданзангийн Алтан товч (эхийн харьцуулсан судалгаа УБ, 2002), Хаадын үндсэн хураангуйн алтан товч (эх бичгийн судалгаа УБ., 2002) хэмээх эх бичиг-сурвалж судлалын судалгааны цуврал бүтээлээрээ МУИС-ын профессор, хэл бичгийн ухааны доктор Ш.Чоймаа Монгол Улсын гавьяат багш болсон.



Монгол үндэсний бахархал монгол бичиг

"Ном гэдэг үнэхээр гайхамшиг!...Хүн төрөлхтөн өөрийн ухамсарт бүх түүхийнхээ турш номноос илүү гайхуулам, ид шидтэй юм бараг бүтээгээгүй болов уу гэж би бодох юм" гэж нэгэн ухаантан өгүүлжээ.

Тэгвэл хотол хорвоогийн оюуны соёлын оройн чимэг болсон ном эрдэнийг үсэг бичгээр туурвидаг шүү дээ. Санаагаа бичгээр илэрхийлж, хол газар үг хэлээ дамжуулах болсон нь хүн төрөлхтний оюун ухааны асар том ололт ажээ. Эрт цагт сонсогч этгээд өөр газар байгаа үед санаа бодлоо илэрхийлэх эрмзлэлийн анхных нь дээс зангидах, модонд хэрчлээс гаргах, сүг дүрс зурах тэргүүтэн болзмол тэмдэг байжээ. Монгол нутгаас элбэг олддог хадны янз бүрийн сүг зураг ч өвөг дээдсийн маань нэн эртний үеийн үсэг бичгийн эхлэл мөн. Аливаа юмны дүр зургаар бүхэл өгүүлбэрийг илэрхийлэх болж, улмаар зургийн бичиг, дүрс бичиг, утгын бичиг буй болжээ. Утгын бичгийн хөгжлийн дараагийн шат нь үет бичиг юм. Ийнхүү үсэг бичиг боловсрон хөгжсөөр манай эриний өмнөх X зууны үед газрын дундад тэнгисийн зүүн эргээр оршиж байсан Финикт анхлан авианы бичиг үүсчээ. Энэхүү анхны авианы бичиг өрнө зүг дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн үндэс болжээ. Дорно зүг дэлгэрсэн нь Арамей, Сири, Согдоор дамжин Уйгар, Монгол бичгийн цагаан толгойн үндэс болжээ. Монголчуудын эртний өвөг болох Хүннү, Сяньби, Муюн, Тоба, Жужан нар тусдаа бичигтай байсныг судлаачид нотолж байна. Мөн Кидан нар X зуунд их, бага хоёр бичигтэй байсан гэдэг. Энэ тухай үл өгүүлэн, он цагийн шалгарлыг даван туулж, монгол туургатны оюуны соёлын арвин өвийг бүтээж ирсэн монгол бичгийн үүслийн тухай өгүүлье.

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домог өдгөө бидэнд мэдэгдэж байна. Нэг нь XҮIII зууны үед Рабжамба Данзандагвын зохиосон "Зүрхэн тольтын тайлбар огторгуйн маани" хэмээх хэлзүйн бичигт "Тэр цагт Зая Бандид (Зая Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө түгдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэг модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдэргэний дүрсээр нь эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болвой" гэсэн домог юм. Энд өгүүлсэнчлэн Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) монгол үсгийг анх зохиосон бус харин тэрбээр 1243 онд 61 насан дээрээ монгол бичгийн хэлний авиа зүйн бүтээл буюу анхны зүрхэн тольт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ. Хоёр дахь нь "Юан улсын судар"-ын 124-р ботод байгаа Уйгар түшмэл Тататунгаатай холбогдсон домог юм. Тэнд өгүүлэхдээ: "Чингис өрнөш дайлж, Найман улс эвдрэхүйд Тататунга тамгыг өвөртлөн дайжаад баригдав. Чингис хаан ухавчлах асууруун: - Даяны иргэд, нутаг цөм миний болсон бөгөөтөл чи бээр тамга өвөртлөн хааш очмүй хэмээхэд тэрбээр: "Түшмэлийн тушаал болмой. Үхтэл сахиж, угийн эзэнд өгсү хэмээмүй. Ямар аймшиггүй өөрийг сэтгэх аж." хэмээжүхэй, Хаан зарлиг болж "Шудрага элбэрэлт хүн ажгуу" хэмээгээд тамгыг юунд хэрэглэхийг асууваас, "Аму цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг өргөмжлөх аливаа үйлд итгэмж болгомуй." хэмээсэнд хаан таалж шадар болгожихуй. Түүнээс хойш засаг зарлиг тамга хэрэглэн үүсгэж мөн түүгээр захируулав. Хаан "Чи тус улсын бичгийг нэвтэрхий мэдмүй." гэхэд тэрбээр сурсанаа өчсөн нь зарилагт нийлэлцсэн тул даруй хөвгүүд, дүү нарт уйгар үсгээр улсын хилийг тэмдэглэхэд сургагтун хэмээн захив." гэсэн байдаг. Чингис хаан Найманыг 1204 эзэлж авсан нь үнэн. Харин энэ үед монголчууд анх бичиг үсэгтэй болсон хэрэг огт биш бөгөөд алдарт зохиолч эрдэмтэн Б.Я.Владимирцовын бичсэнчлэн Чингис хаан өөрийн эзэнт улсын хэрэгцээнд ихээхэн боловсорсон бэлэн утга зохиолын хэлийг авч ашигласан ажээ. Өөрөөр хэлбэл монголын зарим аймагт хэрэглэж байсан бичгийг Чингис хаан эзэнт улсынхаа хүрээнд хэрэглэжээ. Зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн Г.Д.Санжев энэ тухай "Ямар ч гэсэн 1204 онд Чингис хаан Найманыг бут цохиж, Найманы Таян хааны тамгыг барьж байсан нэгэн уйгарыг олзолж, түүний тусламжаар төрийнхөө бичиг хэрэгт уйгар үсэг дээр үндэслэсэн монгол бичиг үсгийг хэрэглэсэн бололтой гэсэн нэгэн домог байдаг. Гэвч хэргийн гол Чингис хаан төрийнхөө бичиг хэргийг Согдоор дамжиж, Арамейгаас ирсэн шинэ үсгээр явуулах тухай тушаал гаргасанд бус, харин Чингис хааны үед монголчууд нэгэнт ямар нэгэн хэмжээгээр бэлхэн болоод байсан утга зохиолын хэлийг хэрэглэж эхэлсэнд оршино." гэжээ. Монголчууд XIII зуунаас хол эрт уйгаржин бичгийн хэлтэй байсны гол баримт бол уйгаржин бичгийи хэл ХIII, XIV зууны монголын аман аялгуунаас ихээхэн ялгаатай байгаа явдал юм. ХIII-ХIV зууны үеийн монгол аялгууг бусад хэлэнд галиглан тэмдэглэсэн ном зохиол, толь бичиг тэргүүтнээс бид тухайн үеийн монгол үгсийн дуудлагыг олж мэдэж болдог билээ. Хэл гэдэг тийм цөөн жилийн дотор амархан-өөрчлөгддөг зүйл биш бөгөөд алгуур аажим хувьсдаг учраас бичгийн хэл нь аман аялгуунаасаа ихээхэн зөрөөтэй байна гэдэг бол тэрхүү бичгийн хэл, бичиг үсэг олон жилийн өмнө үүссэн гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Монголчууд XIII зууны үед боловсорсон утга зохиолын хэлтэй, бичиг хэрэг хөтлөх тогтсон уламжлалтай байсны нэг нотолгоо бол 1225 онд бичсэн Чингисийн чулууны бичиг юм. Уг бичээст мөр тэтгэж бичих ёс тун нарийн харагдаж байдаг.

Монголчуудын дунд "Уйгаржин монгол бичиг", "монгол бичиг", "Худам монгол үсэг" анх хэдийд, хаанаас авсан тухай сүүлийн үед эрдэмтэн, судлаач нар өөр өөрийн бодол саналыг дурдсан байна. Манай эрдэмтэн Ц.Шагдарсүрэн "Монголчууд ХIII зуунд согд үсгийг уйгараас дам авч хэрэглэсэнгүй, харин VI-VII зууны үед Монгол, Уйгар одоогийн Тажикийн дээд өвөг Согд нараас нэгэн зэрэг бичиг үсэг авсан байж бoлох баримт гарч байна." хэмээн бичсэн буй. Мөн Өвөр Монголын эрдэмтэн Данзан "Монгол бичгийн үүслийн цагийн асуудал" хэмээх шинжилгээний томоохон өгүүлэлдээ "Эртний монголын хэл аялгууны байдал, эртний монгол орон дахь бичгийн соёлын байдал, эртний монгол орны аймаг угсаатны соёлын харилцааны байдал ба хуучин монгол бичиг дэх хэлний болон үсэг зүйн онцлог зэргийг ерөнхийд нь шинжилж үзвэл, монголчууд ХIII зуунаас хол эрт согд гаралтай уйгар үегийг авч хэрэглэсэн бөгөөд бодитой цагийн талаар 805-840 оны хооронд буюу эсхүл 971-1125 оны хооронд буюу гэх хоёр цаг үед хэрэглэж эхэлcэн боломж нь өөр үеэс илүү байна." гээд түүнийгээ олон баримтаар батлахыг хичээсэн байна.

Монгол бичгийн хэл чухам хэдий үеийн ямар аялгууг тусгасан бэ? Гэдэг асуулт юуны өмнө уг бичгийг авсан он цагтай холбогдох нь тодорхой бөгөөд энэ талаар ч судлаачдын санал нэг мөр болж чадаагүй байна. Ямар боловч монголчууд согд гаралтай уйгаржин монгол бичгийг авч хэрэглэсэн нь X зуунаас наашгүй гэж үзэх үндэстэй юм. Тийм ч учраас бид монгол, бичгээ мянган жилийн түүхтэй хэмээн ярьж буй.

1616-1911 оны хооронд оршин тогтнож ирсэн Дай Чин /Их Чин/ улсын албан ёсны бичиг болох манж бичиг нь монгол бичгээс үүссэнийг дурьдах нь зүйтэй. Манжийн төрийг үндэслэн байгуулагч Нурхач хааны зарилгаар Эрдэнэ багш, Гагай заргач хэмээх хоёр хүн 1599 онд монгол бичгийг манж хэлэнд тааруулан, дусал бинт нэмэх зэргээр өөрчлөн зохиосон билээ. Эрдэмтэн судлаач нар манж бичиг зохиосон энэ хоёр хүнийг монгол хүн байсан гэж үздэг.

Монгол бичиг боловсрон хөгжсөн нь

Монгол үгийг анхлан боловсруулахдаа уйгар үсгийн арван дөрвөн толгой нь монгол хэлний үг бүтээх авиалбарын тооноос арай цөөн тул хошоод, гурваад дүрсийг нийлүүлэн зарим үсгээ тэмдэглэсэн билээ. Тухайлбал ө, ү гэхэд аалеф, вав, йод гурвыг холбож бүтээжээ. Олон зуун жил монгол бичгээ сурч, сургаж ирэх явцад тэрхүү дүрс, зурлага бүрт тусгай нэр цол өгсөн нь заах аргын өвөрмөц нэгэн зүйл юм. Титэм, шүд, ацаг, өргөс, шилбэ, завж, гэдэс, сүүл, орхиц, нум, нуруу, эвэр, гэзэг, зартиг гэх мэтээр монгол бичгийнхээ зурлага, дүрс бүрийг ялган нэрлэсэн нь бичих хэрэглэлгүй нөхцөлд амаар хэлж өгөх боломжийг бүрдүүлэжээ. Жишээ нь монгол гэсэн цэгтэй, дор нь гэдэс, төгсгөлд нь дэвсгэр "л" буюу эвэр гэх болно.

Нэн эрт цагт үсэг бичгээ боловсруулсан мэргэд маань голчлон нутгийн аялгууг нэн сайтар анхаарч, нутаг нутагт нэгтгэн хэлдэг авиаг адил дүрсээр тэмдэглэсэн байдаг. Жишээ нь эрт одоогийн зарим аялгуунд үгийн эхэнд "ж" нь "я" болдог ү зэгдлийг нарийн ажиглаж, адил дүрсээр тэмдэглэсэн тул засаг, ясаг, жасаг гэж дуудах б ү рэн бололцоотой байдаг. Үе үеийн олон мэргэд монгол бичгийг засаж өөрчлөлгүй явж ирсний гол шалтгаан нь бол Төв Азийн өргөн уудам нутагт тархан суусан олон нутгийн аялгуутай монгол туургатныхаа алинд ч бэрхшээл түвэггүй ойлгогдох нарийн увдистай бичиг болохыг мэдэрснийх буй заа. Өөрөөр хэлбол монгол бичгийн авиан зүйн тогтолцоонд монгол хэлний нутгийн олон аялгуутай онцлогийг бахдууштай сайхан тусгаж чадсанд л хамаг учир байгаа билээ.

Монгол үсгийн бас нэгэн онцлогийг Ш.Лувсанвандан багш тайлахдаа: "хуучин монгол үсгийн нэг онцлог нь нэг үсэг үгийн эхэн, дунд, адагт янз бүрээр хувирдагт оршино. Ингэж нэг үсэг янз бүрээр хувирах нь эртний согд, уйгар үсэгт ч байсан юм. Нэг үсгийн янз бүрийн хэлбэртэй болсон нь үсгээр үг тэмдэглэхдээ уг үсгүүдийг бие биеэс нь салангид биш, залгаж бичихтэй холбогдон гарч ирсэн байна. Үг хэлэхэд хүний амнаас цувран гарсан авиа бие биендээ нөлөөлж, мөн нэг авиа үгийн эхэн, дунд, адагт янз бүрээр хувилдгийн адил үсгийг цувруулан залгаж бичихэд мөн нэг үсгийн хэлбэр зэрэглээ үсгийн бичлэгээс болж янз бүрийн хэлбэртэй болох нь зүйн хэрэг. Нэг авиа нөгөө зэрэглээ авианыхаа нөлөөгөөр хувирдаг бол мөнхүү авиаг тэмдэглэсэн үсгийн хувилбарт зохих тусалаа олж болох юм. Энэ учраас бид нэг авиаг тэмдэглэсэн үсгийн янз бүрийн хувилбарыг мөн нэг фонемын янз бүрийн хувилбартай харьцуулж үзэх бүрэн үндэстэй юм." гэсэн билээ.

Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч ирэхдээ эрт цагийн үгийн бүтцийг өчүүхэн ч алдагдуулалгүйгээр авчирсан нь чухамдаа монгол хэлний хөгжил хувьсал бүхнийг ташаагүй үнэн тэмдэглэсэн түүхэн сурвалж бичиг мэт ажээ. Орчин цагийн монгол хэлний дуудлагаас өөрөөр бичиж байгаа үг бүрийн цаана эх хэлний маань түүхэн хувьсал үгийн гарлын учир шалтгаан, үндэсний хэл сэтгэхүйн маань бүхэл бүтэн түүх байгаа гэдгийг онцлон дурдах нь зүйтэй болов уу. Учир нь монгол бичгээ сурч судлахыг хичээх болсон өнөө үед зарим шантарган гэнэн хүн монгол бичгийг одоогийн аялгуунд тохируулан өөрчилж болдоггүй юм уу? гэж хэлэх нь хааяа тохиолдох юм. Энэ бол туйлын аминчхан үзлийн илрэл мэт бодогдож мэдэх үг ээ.

Монгол бичгээр бичдэг ёсыг зөрчиж, хэлэх аялгаа баримтлан бичнэ гэдэг эх хэлнийхээ эд эсийг зэмдэглэн тайрч хаяна гэсэн үг бөгөөд түүгээр хойч үеийнхнийхээ өмнө уучилшгүй нүгэлтэн болж мэднэ. Учир нь монгол хэл, монгол бичиг гэгч гагц өнөөгийн бидний өмч биш. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн түм буман монголчуудын өмч учраас нэгэн үеийн бид дур мэдэн бичиг үсгээ өөрчилж засамжлан, хойч үеийнхээ эх хэл сэтгэхүйнх нь түүхнээс холтгох эрхгүй. Монгол бичиг бол монгол хэлний үгийн түүх гарлыг нягтлан тольдох толь бичиг юм. Наад захын үгээр жишээлэхэд хутга, хядах, чарга чирэх, гэх мэт үгийг монгол бичгээр хидуга, хидуху, чирга, чирхү гэж бичнэ. Эхний хоёр үгийн язгуур нь хиду-бөгөөд хядаж, хяргадаг юмын нэрийг хутга гэдэг болох нь илт харагдана. Нөгөө хоёр үгийн язгуур чир-бөгөөд чирч явдаг юмыг чарга гэдэг болох нь тодорхой байна.

Үсэг зүйн хувьд авч үзвэл, XVI - XVII зууны үе хүртэлх бичгийн хэв маяг, үсгийн зурлага уугуул согд, уйгар үсэгтэй их төстэй байсан бөгөөд тийм ч учраас энэ үеийн монгол бичгийг уйгаржин монгол бичиг гэж нэрлэх нь бий. ХVI -ХҮII зуунаас хойш, өдгөөгийн монгол бичиг үсгийн хэв маягийг олж, үсгийн зурлага, нэмэлт тэмдэг сэлт нь тогтворжин боловсорч, харь хэлний үгийг тэмдэглэх галиг үсгийн бүхэл бүтэн тогтолцоотой болж, зөв бичих дүрэм ч жигдрэн цэгцэрсэн байна. ХҮI -ХҮII зууны үед монголчуудын ном бичгийн үйлс нэн өрнөж, ном барлах, орчуулах туурвах үйл мандан дэлгэрч, сонгодог бичгийн хэл бүрэлдэн тогтжээ. Монгол бичгийн зөв бичих дүрэм жигдрэн цэгцрэхэд ХIII зуунаас эхлэн удаа дараа туурвиж ирсэн олон арван хэлзүйн бичиг, олон зүйлийн толь бичиг нэн чухал байв. Эдгээр "Зүрхэн тольт" хэмээх хэлзүйн бүтээл цагаан толгой, үсгийн дүрмийг хамарсан төдийгүй хэл шинжлэл буюу дуун ухааны олон талыг багтааж байжээ. Нэгэн жишээ татахад XIII зууны эцэс, XIV зууны эхэн үед бүтээн туурвиж байсан. Чойжи-Одсэр, монгол бичгийн авиазүй, хэлзүйн онцлогийг сайн тусгаж, үгийн эцэст үе битүүлэн орж чадах гийгүүлэгч үсгийг бүртгэн тогтоож 11 дэвсгэр үсэг гэж нэрлэжээ. Эртний монгол хэлний 11 дэвсгэр гийгүүлэгчээс 9 нь орчин цагийн монгол хэлэнд нэгэн адил дэвсгэрлэн орж байгаагаас үзэхэд тэр эрт цагт монгол хэлний гийгүүлэгч авиалбарын байрлалын чухал хуулийг нээсэн ажээ. XIII зуунаас эхлэн Саж Бандид Гунгаажалцан, Чойжи-Одсэр, Рабжамба Дагзандагва, Алшаа Дандар Лхаарамба, О.Жамьян, С.Шагж тэргүүтэн олон мэргэд, олон арван цагаан толгой, "Зүрхэн тольт" хэмээх хэлзүйн дүрмийг боловсруулсаар ирсэн билээ. XX зууны эхэн үед С.Шагж багшийн "Үсгийн дүрмийн толь" гарч, өдгөө хүртэл Өвөр Монгол, Буриад бүгд л энэ толийг зөв бичих зүйн хувьд мөрдлөг болгож байгаа юм.

Монгол бичгийн сан хөмрөг

Монгол туургатан олон зууны турш үндэснийхээ бичгээр оюуны соёлын хосгүй арвин өв сан бүтээжээ. Цаг цагийн гамшиг, үе үеийн үрэгдлийг тэсч өнгөрөөсөн нь л бидэнд хүрч иржээ гэж бодоход өдгөө Монгол оронд болон дэлхийн олон орны номын санд хадгалагдаж байгаа монгол номыг мэдсэн дуулсны хэрээр хэмжээлэн санахад өөрийн эрхгүй бахдан бишрэх сэтгэл төрөх ажээ.

Зөвхөн улсын нийтийн номын санд монгол бичгээр тууривсан 20000 орчим судар шастир хадгалагдаж байна.

ОХУ, Монгол, АНУ, Англи, Япон, Герман, Швед, Польш, Унгар, Франц зэрэг дэлхийн олон орны номын санд монгол бичгээр туурвисан судар шастир, мөн үлэмж тоотой байгаа бөгөөд зарим орны эрдэмтэн өөрийн оронд байгаа монгол номын гарчгийг хэвлүүлсэн нь зөвхөн тусгай ном, том боть болсон байх юм.

Монгол туургатны дотроос ухаан билгээрээ тодрон гарсан олон мэргэд зүйл зүйлийн ухааны нэн арвин шастир судар туурвисан байхаас гадна эртний дорно дахины соёлт орнуудын шилдэг зохиолын орчуулгын баялаг сан хөмрөг буй болгожээ. Ганцхан жишээ дурдахад монголын их хаадын намтар, хатад, хөвгүүд, гавъяатан сайд, түшмэдийн шастир болон Юань улсын үеийн монголын эдийн засаг, соёлын түүхийг өргөн хамарч бичсэн "Юань улсын судар" хэмээх 210 дэвтэр номыг монголын нэрт бичгийн хүн, хятадач Дандаа (чухам нэр нь Дэмжигдорж) 1917-1928 оны хооронд орчуулсан нь гар бичмэлээр улсын нийтийн номийн санд хадгалагдаж байна. Мөн энэхүү "Юань улсын судар"-ын 14 дүгээр дэвтэр манж хураангуйг орчуулсан нь бас байх юм. Ганжуур, Данжуур тэргүүтэй өдий төдий судар шастирыг төвд хэлнээс орчуулсныг хэн бүхэн мэдэж байгаа. Монгол бичгээр байгаа орчуулгын сан хөмрөгт 1921-1945 он хүртэл өрнө дахины хэлнээс орчуулсан бас нэлээд арвин ном зохиол бий билээ. Монгол бичгээр бидэнд уламжлагдан ирсэн судар, шастир, намтар түүх, илтгэл шасдир, данс хараа, алба албан бичиг тэргүүтэн нь монгол туургатны туулж ирсэн зам мөр, туурвиж бүтээсэн оюун ухаан, мандаж буурсан түүхэн үнэн, шүтэж баримталсан зан үйлийг танин мэдэх гол түлхүүр бөгөөд сонгодог бичгийн найруулгын ур маяг, эх хэлнийхээ яруу сайхан, арвин баялаг үгийн санг гагцхүү монголын бичгийнхээ сан хөмрөгөөс л сурч мэдэх учиртай.

Төгсгөлд нь тэмдэглэхэд монгол бичиг нь монгол туургатны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, олон аялгуутныг соёлоор холбох гүүр билээ. Өөрчлөн байгуулалтын сайн цагийн урин улиралд найман настнаас наян настан буурал, жирийн ажилтнаас төрийн сайд хүртэл хэлмэгдсэн соёлоо сэргээж, монгол бичгээ сурч мэдэхийг хичээн чармайж байгаа нь нэн сайшаалтай бөгөөд монгол бичгээ улсынхаа албан ёсны бичиг болгох нь түүхэн зайлшгүй шаардлага болон тавигдлаа.

Иймээс бид эх орон, эх хэл хоёроо эрхэмлэн дээдэлж, монгол түмний ертөнцийн оюуны санд оруулсан хандив болох монгол бичгээ шамдан сурцгаая!

Тод бичиг

Их эзэн Чингис хаан монгол бичгийг таалан төрийн бичиг болгосны 800 жилийн ойг тохиолдуулан цуврал гаргаж буй, гавъяат багш, док.проф Ш.Чоймаа гуайн "Тод бичиг" нийтлэлийг сонирхон уншина уу.

Зая Бандид Намхайжамцын намтар “Сарны гэрэл” хэмээх номыг түүний шавь Раднаабадраа 1691 онд туурвиж үлдээсэн бөгөөд энэхүү намтар зохиолын монгол тод бичгээр уламжилсан эх нь Монгол улсад байхаас гадна тод бичгээр байгаа хэд хэдэн бичмэл эх нь ОХУ-д хадгалагдаж байна. Тод бичиг, түүний дурсгалыг тусгайлан судалсан эрдэмтэн Х.Лувсанбалдангийн бичсэнчлэн “Сарны гэрэл” хэмээх энэ намтар нь “болсон үйл явдлыг үнэн зөв бичсэнээрээ түүхийн сонин сурвалж бичиг” ажээ. “Сарны гэрэл”-ийг 1959 онд академич Б.Ринчен гуай оршил бичиж хэвлүүлсэн билээ. Мөн академич Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршив” номондоо хэсэгчлэн оруулж, орчуулсан номын нэрийг монгол, төвдөөр жагсаан нийтэлсэн юм. Тод бичгээр бичсэн “Сарны гэрэл”-ийг монгол дурсгалт бичгийн цувралаар 1967 онд хэвлэн гаргасан. Ойрдын хошууд Яст Гөрөөчин отгийн Шангас овогт их бандид Огторгуйн далай буюу Намхайжамц нь 1599 он буюу шороон гахай жил Баавханы тавдугаар хүү болон мэндэлжээ. Тэр цагт дөрвөн ойрдын ноёд нэг нэг хүүгээ сахил хүртээж банди болгоё хэмээн тохиролцсон тул Байвгас баатар Намхайжамцыг 17 настайд нь үрчлэн авч сахил хүртээн лам болгожээ. Үрчлэн авсан эцэг Байвгас нь Чингисийн дүү Хавт Хасарын удмын ноён бөгөөд Дөрвөн Ойрдын түүхэнд зартай хүний нэг билээ. Намхайжамц 1617 онд Төвдийн Цогт Брайбүн хийдэд шавилан суужээ. Энд 20 гаруй жил “таван ухаан”-ы номд шамдан сурч, гоц авъяас билгээрээ гайхуулж Равжамба хэмээх цол хүртжээ. Тэрбээр 1638 онд Төвдөөс Ойрд нутагтаа заларсан ажээ.

Зая Бандидыг нутагтаа эгэхээс өмнө тавдугаар далай лам Лувсанжамц уулзаж мутрынхаа эрихийг хайрлаж, “Чи миний төлөө монгол хэлтэнд гарч, шашин хийгээд амьтанд ном үзүүлж туслан үйлд” хэмээжүхүй. Ингээд Зая Бандид 1639 оны намар нутагтаа ирж Тарвагатайн Харавгайд Очир тайжийнд ирж өвөлжжээ.

1640 онд Ойрд, Халхын ноёд цугларч “Их цааз” гэдгийг тогтооход оролцсон тухай тодорхой бичгийн баримт үгүй боловч оролцсон гэж үзэх үндэс байгаа билээ. Баатар хунтайжийн санаачилгаар монголын билгийн улирлын XI-р жарны төмөр луу жилийн намрын дунд сарын шинийн таванд Тарвагатайн Улаан Бураа хэмээх газар Халх, Ойрдын ноёдын чуулган болсон бөгөөд түүнд Халхын Засагт хан Субадай, Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөөтэй том ноёд, Ойрдын Эрдэнэ Баатар хунтайж, Хөндлөн Увш, Хошуудын Гүүш хан Төрбайх зэрэг халх, ойрд, Хөх нуурын монголчууд, Ижил мөрний торгуудын гол гол ноёд оролцсон ажээ.

Тэр чуулган феодалын бутралыг давж, үндэсний нэгдсэн улсыг сэргээн бэхжүүлж, харийн дайсныг хамтран эсэргүүцэх хэрэгт монгол угсаатны хамтын хүчин зүтгэлийг нэгтгэх гол зорилтыг тавьсан билээ. Энэ чуулганаар шарын шашныг түгээн дэлгэрүүлэх тухай бас хэлэлцсэн бөгөөд 1641 оны хавар Халхын Засагт хан, Зая Бандидыг урин залж, улмаар Түшээт хан, Сэцэн ханыд заларсан байна. “Их цааз” тогтоосон 1640 оны чуулганд Зая Бандид оролцсон учраас түүнийг халхын ноёд бишрэн хүндэлж дараа жил нь өөрийн нутагтаа залсан байж таарна. Зая Бандид халхад явсан зорилгыг Оросын түүхч доктор И.Я.Златкин “Халх долоон хошуунд Зонховын шашныг дэлгэрүүлэхийн сацуу Халхын 3 хантай учирч Манж чин улсын түрэмгийллийн эсрэг нэгдэх гэсэн Халх, Ойрдын хуулийн гол санааг давтан сануулах зорилгоор явсан бололтой” гэж тодорхойлжээ.

1645 онд Халимагт очсон нь мөн л дээрх зорилгыг агуулж байсан буй заа. Зая Бандид 1640 оны орчмоос ном орчуулах үйлээ эхэлсэн гэж үздэг. Түүний намтарт “барс жилээс хойд барс жил хүртэл орчуулав” хэмээн 177 номын нэрийг дурдсан буй. Энэ хугацааг судлаачид 1650-1662 он гэж үзэх боловч орчуулсан номын жагсаалтанд үүнээс өмнө орчуулсан бүтээл ч хэд хэд байгаа тул бас эргэлзээ төрүүлж байна. Магадгүй “барс жилээс хойд барс жил хүртэл” гэдэг нь 1638-1662 он буюу 24 жилийн хугацааг заасан хэрэг байж болох юм. Зая Бандид 1648 оны өвөл монгол бичгийг засварлан тодорхой болгосон тод бичгээ зохиожээ. Зая Бандид “Үсгийн найрлага” хэмээх цагаан толгойнхоо төгсгөлийн үгэнд тод бичиг зохиох болсон зорилгоо “Омог монгол улсын хувьтанд хялбар болгохын тулд” гэж тодорхойлжээ. Үүнээс үзвэл тод бичгийг зөвхөн дөрвөн Ойрдод зориулсан бус болох нь тодорхой юм. Зая Бандид 1662 оны намар Ойрд нутгаас Төвдөд очих замын зуур 63 сүүдэртэй байхдаа өвдөж таалал төгсчээ. Зая Бандид Намхайжамц бол одоо хүртэл хэрэглэсээр байгаа тод бичгийг зохиож, эртний дорно дахины олон ухааны судар шаштирыг эх хэлнээ орчуулж, шашин төрийн үйл хэрэг, монгол туургатны эв нэгдлийн төлөө хүч билгээ зориулж явсан соён гэгээрүүлэгч эрдэмтэн хүн билээ.

Тод бичгийн онцлог

Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь монгол бичгээ тодорхой нарийн болгосныг өгүүлж буй. Монгол бичгийн чухам юуг тодорхой болгосныг өгүүлэхийн урьд монгол бичгийн зарим онцлогийг тодруулах хэрэгтэй юм. Орчин цагийн монгол хэл халх аялгуунд биеэ даасан авиалбар буюу үгийн утга ялгадаг авианы заримыг монгол бичигт нэгэн дүрсээр тэмдэглэсэн байдаг. Үүний гол шалтгаан бол эртний монгол хэлэнд тухайн авианы зарим нь үүсэн бий болоогүй буюу биеэ даасан авиалбар болж чадаагүй байсантай холбоотой билээ. Монгол бичиг маань монгол хэлний олон аялгуунд сэлгэн хэлэгддэг авиаг нэг дүрсээр тэмдэглэснийг бид мэднэ. Өдгөө бидний үзэхэд монгол бичиг маань олон ижил дүрстэй ялгахад бэрх мэт санагдаж яагаад авиа бүрийг ялгасан нарийн үсэг зохиож болоогүй юм бол гэсэн бодол төрдөг.

Үүний учир шалтгааныг нэрт монголч эрдэмтэн Г.Д.Санжеев ийнхүү өгүүлжээ. “Ямар учраас дундад зууны үеийн монгол хэл бичгийн хүмүүс уйгур үсгийг авахдаа хожим манж нар үсгээ зохиохдоо дусал бинт нэмэх зэргээр маш нарийн болгосны нэгэн адил авиалбар бүрийг нарийн ялгахын тулд ямар нэгэн нэмэлт тэмдэг хийж оновчтой хэрэглэж чадсангүй вэ гэж асууж болно. Үүний бүх баримт зүйлийг анхааралтай судалж үзвэл хэл шинжлэлийн ноцтой үндэс байсан юм гэж дүгнэж болох байна. Үүнд XIII зууны эцсээр Хубилай хааны үед монголчууд энэхүү боловсон бус үсгийг төвд цагаан толгой дээр үндэслэсэн бүр нарийн үсгээр солихыг оролдсон юм. Хэдий тийм боловч энэхүү оролдлого нь амжилт олсонгүй. Мөн үүнчлэн XҮII зууны дундуур зохиосон, авианы талаар маш нарийн Зая Бандидын “тод үсэг” нь ойрдын зарим аймгийн дунд өргөн дэлгэрч чадсангүй. Хэлний нутгийн аялгуу нь үлэмж олон салбар бөгөөд тэдгээр аялгууны хоорондын ялгавар нь нэгэнтээ жигдрэн нийлээгүй байх үед үлэмж нарийн цагаан толгойтой үсэг нь зайлшгүй аль нэг нутгийн аялгуун дээр үндэслэх хэрэгтэй болдог байна. Тэгвэл тийм бичиг үсэг нь бусад бүх аялгуугаар хэлцэгчдэд ойлгомжгүй болдог байна. Чухам ийм учраас Хубилай хааны дөрвөлжин үсэг, жич Ойрдын зарим аялгуудын дунд Зая Бандидын тод үсэг авиан зүйн талаар боловсон бус цагаан толгойтой хуучин монгол үсэгтэй өрсөлдөж хүчин мөхөстжээ. Хэлний олон салбар нутгийн аялгуу бүхий нөхцөл байдалд нэг бол дундад зууны үеийн Монголд болсонтой адил авиан зүйн талаар олон нутгийн аялгууны дундын чанартай бичиг зохиох хэрэгтэй, эсвэл дундад зууны үеийн Францад болсон шиг нийт улсынхаа бичиг харилцааны ашиг тусад тохируулалгүй салангад аялгуу бүрд бичиг үсэг буй болгох замаар орох хэрэгтэй болдог ажээ. Хуучин монгол бичгийн хэлний онцлог чухам энэхүү дурдсан зүйлээр тайлбарлагдах нь түүний цагаан толгойн үсгийн бүрэлдхүүнээс илэрхий байна” гэж Г.Д.Санжеев өгүүлсэнчлэн “үлэмж нарийн цагаан толгойтой бичиг үсэг нь зайлшгүй аль нэг нутгийн аялгуун дээр үндэслэх хэрэгтэй” бөгөөд Зая Бандидын зохиосон тод үсэг ч баруун монголын аялгуунд үндэслэсэн юм. Тод бичиг зохиохдоо монгол бичгийг хэрхэн өөрчилснийг үндсэн 7 эгшгийн жишээгээр өгүүлье!

А, Э эгшиг монгол бичигт үгийн эхэнд ялгаатай боловч үгийн дунд, адагт адил байдгийг ялган тэмдэглэсэн. И эгшгийн тухайд бараг адилхан боловч бичлэгийн ялгавар бий. Ө эгшгийг дөрвөлжин гэдэсний ард дээд талдаа өргөстэй Ү эгшгийг монгол бичгийн гэдсээр, У эгшгийг урдаа өргөстэй гэдсээр тус тус тэмдэглэсэн ажээ. Тод бичиг зохиохдоо хэлний нэг авиалбарыг нэг л дүрсээр тэмдэглэж эхэнд, дунд, адагт орох олон хэлбэргүй болгохыг ихэд хичээсэн байдаг. Тод бичигт урт эгшгийг “удааны” (уртатгалын) тэмдэг болон гэдэс давхарлах хоёр аргаар тэмдэглэсэн бөгөөд академич Ш.Лувсанвандан, Б.Ринчен, Г.Д.Санжеев, эрдэмтэн Х.Лувсанбалдан, Г.Жамьян зэрэг судлаачид энэ талаар өөрсдийн өвөрмөц саналыг дэвшүүлсэн билээ.

Үг зүйн тухайд гэвэл монгол бичгийн хэлний дагавар нөхцөлийг аль болох ойрдын аялгуунд ойртуулсан, зарим эртний хэлбэрийг орхисон зэрэг онцлогтой юм. Үгсийн сангийн тухайд бол тод үсгийн эхэн үеийн дурсгалд ойр нутгийн аялгууны үгс нэн ховор бөгөөд хожмын дурсгалд нутгийн аялгууны үг өдий төдий тохиолддог. Энэ онцлогт нь үндэслэн судлаачид тод бичгийн хөгжлийг хоёр үе болгодог бөгөөд нэгдүгээр үе нь 1648 оноос XҮIII зууны II хагас хүртэл, хоёрдугаар үе нь XҮIII зууны II хагасаас Халимагт 1924 он, Шинжаанд одоог хүртэл хэмээсэн үечлэл хийж байна. II үед тод бичиг нь Халимаг-Шинжааны ойрд, монгол аялгууг тусгасан, тэдний утга зохиолын хэл болжээ. Одоо БНХАУ-ын Шинжааны ойрд монголчууд тод бичгээ хэрэглэж сонин, сэтгүүл, ном хэвлэсээр байна.

Тод үсгийг Зая Бандид анх зохиохдоо нийт монгол хэлтэнд зориулсан боловч бүх монголчуудад дэлгэрч чадалгүй зөвхөн ойрдын бичиг болон хувирсан явдал бол өмнө өгүүлсэнчлэн олон аялгуу дундын шинжтэй монгол бичгийг тодорхой нэг аялгуунд ойртуулснаас шалтгаалжээ. Мөн тод бичиг нь монгол бичиг шиг хурдан бичихэд төвөгтэй, нарийн зурлага олонтой байсан нь бас нөлөөлжээ. Гэвч тод үсгийн ололттой зарим зүйлийг хожмын үсэг зохиогчид ашиглаж байжээ. Тухайлбал 1905 онд Буриадын лам Агваандорж тод үсэгт тулгуурлан буриадын шинэ үсгийг зохиосон бөгөөд олны дунд “Вагиндрагийн үсэг” хэмээн алдаршжээ.

Тод бичиг, түүний дурсгалыг судалсан нь

Тод бичгийн судалгаа одоогоос 140 гаруй жилийн өмнө эхэлжээ. 1847 онд Казаний их сургуулийн профессор А.Попов “Халимаг хэлний зүй”, 1849 онд А.Бобровников “Халимаг монгол хэлний зүй” хэмээх бүтээл туурвисан бөгөөд мөн 1850-д оны үеээс Санкт-Петербургийн их сургуулийн оюутан Ю.Лыткин нэлээд зүйл хийжээ. Тэрчлэн нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов, С.А.Козин, Г.Д.Санжеев, Д.Кара, Н.Поппе, Ж.Крюгер нар үнэ цэнэтэй судалгаа хийсэн билээ.

ОХУ-ын Халимаг, БНХАУ-ын Шинжааны эрдэмтэд тод бичгийн судлалаар их зүйл хийж байгааг онцлон хэлэх ёстой. Монголын эрдэмтэд, тухайлбал Х.Лувсанбалдан, Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, Ц.Шагдарсүрэн, Ж.Надмид, Г.Жамьян нар тод бичгийн судалгаанд жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд манай судлаачид энэ талаар сонирхолтой судалгааг явуулж байна.

Тод бичгийн дурсгалууд

Монголчууд олон үеийн турш хэд хэдэн бичиг үсэг зохион хэрэглэж, түүгээрээ ном зохиолоо туурвин үлдээснийг бид мэднэ. Тод бичгээр туурвисан бүтээл нь монгол бичгийн дараа орохуйц арвин сан хөмрөгтэй юм. Тод бичгийн дурсгалын дийлэнх нь гар бичмэл байх бөгөөд одоо Монгол улсын нийтийн номын сан болон хэл зохиолын хүрээлэнгийн номын хөмрөгт давхардсан тоогоор 2000 гаруй ном байгаа ажээ. Мөн орон нутагт тухайлбал, Ховд, Увс аймаг, хувь хүмүүсийн гарт нэлээд ном хадгалагдаж байгааг тооцох ёстой.

ОХУ, БНХАУ, Герман зэрэг бусад орны номын санд тод бичгийн дурсгалууд арвин байгаа юм. Берлин хотын Гумбольдтын их сургуулийн Азийн судлалын хүрээлэнтэй МУИС-ийн монгол хэл шинжлэлийн тэнхим хамтран ажилладаг бөгөөд 1989 оны намар миний бие Берлинд очиж, улмаар Дрезден мужийн Хернхүт хэмээх жижиг хотын сүмийн архивт хадгалагдаж байгаа тод бичгийн дурсгалыг долоо хоног үзэж танилцах сайхан боломж олдсон билээ. Тэнд монгол бичгийн Алтангэрэл, Үлгэрийн далай, Ушаандар хааны тууж, Увш хунтайжийн тууж, Улаан сувд эрих сургаалын зохиол тэргүүтэй нэлээд арвин дурсгал хадгалагдаж байна. Мөн 1822 онд зохиосон Герман-Халимаг толь (гар бичмэлээр) XIX зууны эхэн үед нэрт монголч эрдэмтэн Б.Я.Шмидтээр дамжуулан хорийн буриад Номт.Бадам, халимагийн Содном нар Германы миссионер (шашин номлогч) Ё.Г.Шиллтэй харьцаж байсан захидлууд зэрэг судалгааны сонин хэрэглэгдэхүүн байгаа юм. Хернхүтийн сүмийн архивт хадгалагдаж байгаа эдгээр тод бичгийн дурсгалыг бүртгэн авч, заримыг нь гараар хуулан авсан билээ. Энэхүү дурсгалтай танилцах бүхий л боломжоор хангасан доктор Удо Баркманнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа энэ ялдамд тэмдэглэмээр байна. Мөн энэ явдлаараа 1866 онд Лейпциг хотод В.Юүлгийн хэвлүүлсэн тод үсгийн “Шидэт хүүрийн үлгэр”-ийг хуулбарлан буулгаж авсан билээ. Тод бичгийн дурсгалууд нь сэдвийн хувьд бурхан шашны хөлгөн судрууд, гүн ухаан, анагаах ухаан, зурхай, уран зохиол, аман зохиол, зан үйлийн холбогдолтой гэх мэт тун олон янз юм. Б.Содном гуайн бичсэнчлэн тод бичгийн дурсгалуудыг төвд хэлнээс орчуулсан, монгол бичгээс тод бичигт буулгасан, шууд тод бичгээр зохиосон гэж 3 зүйлд хуваан үзэж болно. Тод бичиг, түүний дурсгалыг судлан шинжилж олны хүртээл болгох нь монгол туургатны бүтээсэн соёлын арвин хөмрөгөөс хойч үедээ танилцуулж, тэдний оюуны санг баяжуулах эрхэм нэгэн эх булаг юм. Нөгөө талаар эх хэлнийхээ хөгжил хувьсал, нутгийн аялгууг судлан үзэхэд тод бичгийн дурсгалын хэлийг зайлшгүй судлах шаардлагатай билээ.


Бидний өвөг бэх зуурч, бийр янтай нийлүүлсэн бичгийн их соёлтой байжээ
Р.ОЮУНЦЭЦЭГ ( 2006-08-18 )

МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Эх бичиг-Алтай судлалын тэнхмийн багш, доктор, профессор Ш.Чоймааг танихгүй хүн бараг үгүй.

Тэрбээр монгол бичгийн төлөө насаараа зүтгэж яваа эрдэмтэн. Чоймаа багш саяхан “Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал” хэмээх 30 боть номоор уншигчдынхаа оюуныг мялаав. Энэхүү бүтээлийнх нь талаар түүнтэй ярилцлаа.

-Монголчуудын номын “цангааг тайлсан” сайхан бүтээл болжээ. Хөрвүүлэх номоо хэрхэн сонгов?

-XIII-XX зууны эхэн үе хүртэлх үеийг хамарсан, монгол хүн монгол бичгээрээ бичиж үлдээсэн хамгийн нэртэй түүхэн сурвалж бичгийн дээжсийг шүүж кирилл үсэгт хөрвүүлсэн юм. Өөрийн номын сангийн судруудад түшиглэн шилж сонгоод эхний 30 ботийг хэвлүүлэн гаргалаа.

-Ийм том бүтээлийг хөрвүүлэхэд амаргүй байсан байх. Хэдий хугацааны хөдөлмөр зарав?
-Мэдээж хөрвүүлэг гэдэг нэг бичгийг нөгөөд буулгахын төдий зүйл бус. Эртний ном судрыг байцаан шүүж манж, төвд үгийн уг сурвалжийг судлах, хэллэгийн утга учир, үнэн мөнийг эргэцүүлэн нягтлах гээд олон нарийн ажиллагаатай. Заримдаа нэг үгийн утгыг бүтэн өдөр ухаж байж олох тохиолдол ч байсан.

Би ганцаараа энэ бүгдийг хийгээгүй. Манай Монгол хэл, соёлын сургуулийн Эх бичиг-Алтай судлалын тэнхмийг төгссөн магистр, докторант, оюутнуудын хүч хөдөлмөр шингэсэн. Нэлээд олон жил хийх гэж бодож, ном ч их цуглуулсан. Цагийн бачим, хэлний бэрхшээл гээд янз бүрийн шалтгаанаар эхэлж болохгүй л байлаа. Тэгээд ч одоо ном хийх гэж сургуулиасаа мөнгө зээлээд өрөнд ордог болсон цаг.
А.Цанжид гуайг БСШУ-ы сайд байхад нь санаагаа төсөл маягаар бичээд хэлсэн юм. Тэр хүн их тусалж хөрөнгө мөнгө олж өгсөн. Нэг хүнийг бүр бүтэн жил цалинжуулж материалаа шивүүлсэн. Мөн Зам тээвэр, аялал жуулчлалын яам хөрөнгө мөнгөний талд тусалсан. Ингээд номын нөхөдтэйгөө бүх хүчээ шавхан ажиллаж нэг жилийн дотор дуусгасан даа.

-Та үг бүрийг нягталж судалсан гэж хэллээ. Ойлгоход хэцүү үг хэллэг олон таарсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Нэг номонд л гэхэд 200-900 тайлбар оруулж, удмын хэлхээсийг хавсаргасан. Өөрөөр хэлбэл, төвд, санскрит үгийг нь хадаад дор бүр нь хаалтад одооны хэллэгтэй ойр утгыг жишиж тайлбарласан. Мөн тухайн сурвалжийн олдсон эхүүдийг харьцуулж, боть бүрт оршил бичсэн.

-Нийт хэдэн хувь хэвлүүлсэн бэ?
-500 хувь. 30 ботийг 300 мянган төгрөгөөр худалдаалж байгаа.

-Хийж бүтээснийг тань үзсэн хүн бүр баяр хүргэж байгаа биз дээ. Ямар нэг санал нэмэрлэх юм уу?
-Намайг зарим хүн шүүмжилж байгаа. “Чи насаараа монгол бичгийн төлөө зүтгэчихээд одоо ухарч байна. Чамайг ингээд кирилл үсэг рүү хөрвүүлээд байвал хэн монгол бичгийн ном унших юм бэ” гэж. Хэдийгээр би хөрвүүлж байгаа ч их далай мэт тэр арвин номуудыг дуусгаж яаж барах вэ.

Бидний өвөг агт сундалж, илд агссан дайчин баатраас илүүтэй бэх зуурч бийр янтай нийлүүлсэн бичгийн их соёлтой байсан. Үүний ач буянаар бидэнд эх түүхийн чамлахааргүй сурвалжууд уламжлагдан иржээ. Ялангуяа тухайн түүхэн цаг үедээ ойрхон зохиогдсон бүтээл бол үнэнд их ойр байдаг. Тухайн үеийн хүмүүс монгол хүн үүссэн цагаас авахуулаад өөрийн амьдарч буй цаг хүртэлх бүхий л зүйлийн талаар мэддэг бөгөөд түүнийгээ бичдэг байсан.

-Анх хөрвүүлэх санаа хэрхэн төрөв?
-1941 онд бичиг үсгээ сольсон нь уран зохиолд ноцтой нөлөөлсөн. Манайхан түүх гэхээр 1921 оноос, уран зохиол гэхээр Д.Нацагдоржоос эхэлж мэддэг.

Өнөөдөр XVII-XIX зууны үеийн судар уншиж, ойлгож чадах хүн бараг л байхгүй. Тэгэхэд Орос гэхэд хүүхдэд багаас нь бичиг үсэг зааж, үсгээ нүдлээд ирэхээр нь Толстой, Пушкины үлгэрийг уншуулж эхэлдэг. Тэгэхээр хүүхэд аяндаа багаасаа үгийн баялаг санг эзэмшдэг. Бид бол Ц.Дамдинсүрэн гуайн хөрвүүлсэн “Монголын нууц товчоо”-ноос өөр түүхэн ном зохиол бараг уншаагүй хүмүүс.

Үүнээс гадна социализмын үед хуучин ном зохиолуудыг өнгөрсөн нийгмийн хорт агуулгатай гээд кирилл үсэгт хөрвүүлэлгүй явж ирсэн. Бүх зохиол бүтээл монгол бичгээр болохоор уншиж чадахгүй, хий л монголч эрдэмтдийн бүтээлийг хардаг. Тиймээс Монголынхоо энэ сайхан ховор нандин түүхийн сурвалжийг залуус уншиж, тэр сайхан баялаг үгийн санг мэдэрч, амьдралдаа хэрэглээсэй гэж хүссэн.

Бидний хүүхэд нас малчны хотонд өнгөрсөн тул Монголын уламжлалт амьдрал, ёс заншил, үг хэллэг зэрэг зүйлтэй ойрхон өсчээ. Ээж аав ч хэлж зааж өгдөг байсан. Харин одоо бол залуучууд нийгмээ дагаад хотжиж байна. Энэ тэдний буруу биш л дээ. Хотжиж байгаа учраас тэдэнд нүүдлийн амьдралыг ойртуулах хэрэгтэй. Энэ нь ч бидний үүрэг. Хамгийн гол нь судрын үгийг та бүхний хэрэглээнд ойртуулж, бичгийн хэлд дэлгэрүүлэхийг хүссэн.

Мөн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан манай сургуулийн том бэлэг гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ном, сурвалж бичиг хэзээ ч хуучирч хувирдаггүй. Харин ч удах тусмаа үнэ цэнэтэй болдог. Залуучууд эдгээр номыг уншвал хэлний баялаг эзэмшихээс гадна түүхийн арвин мэдлэгтэй болно.

-Номын тань хавтасны зургууд их өвөрмөц юм?
-Хавтасны зураг дизайныг манай тэнхмийн багш Т.Жамьянсүрэн хийсэн. Дан түүхт зургуудыг нэлээн эрж хайж олж авсан. Мөн дотор нь эх номын зураг, хэсгээс хавсаргасан.

-Та сурвалж бичгүүдийг жинхэнэ эхээс нь хөрвүүлсний хувьд өмнө нь өөр хүмүүсийн хөрвүүлсэнтэй харьцуулж үзсэн үү?
-Үзэлгүй яах вэ. Өвөрмонголчууд гэхэд олон мянган баялаг номтой. Гэвч алдаа мадагтай байдаг. Би яг эх номыг тэр чигээр нь хөрвүүлсэн. Тухайлбал, Ц.Дамдинсүрэн гуайн хөрвүүлэг нийтээр ойлгомжтой болгох үүднээс эртний үг хэллэгийг эдүгээчлэн найруулах, хожуу үеийн түүхэн сурвалж дахь домгийг шигтгэн оруулах зэргээр үндсэн эхэд баригдалгүй чөлөөтэй найруулсан бүтээл юм.

-Номын ерөнхий агуулгын талаар ярихгүй юү?
-Түүхэн судрын ихэнхийг манжийн дарлалын үед бичсэн байгаа. Тэр хэцүү нөхцөлд яагаад ийм олон хүн ном зохиол бичсэн бэ гэвэл үндэсний ухамсар, бахархлыг сануулж байх гэж тэр. “Уг язгуураа бүү умарттугай, залгамж сүлбэтүгэй” гэсэн уриан дор зохиолоо бичиж байсан. Энэ нь үндэс угсаа, ёс заншлаа хэзээ ч бүү март, үеийн үед эрхэмлэж яв гэсэн санаа.

-Та цаашдаа сурвалж бичгээ үргэлжлүүлэн хөрвүүлэх үү?
-Яваандаа зөвхөн түүх гэлтгүй “Их, бага таван ухааны орон”, “Эм домын судар” гээд анагаах ухааны болон бусад төрлийн монгол бичгээр бичсэн зохиолуудыг үг үсэг, ацаг шүдээр нь гарган тайлбарлах хэрэгтэй байна. Залуучуудад энэ бүхнийг таниулах нь бидний гол үүрэг.

“Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал”
1.“Монголын нууц товчоо” 1240 (1228 он)
2.“Арван буянт номын цагаан түүх” 1330 (XIV зуун)
3.“Чингис хааны алтан товч нэрт цадиг” XIV-XV зуун
4.“Хаадын үндсэн хураангуй алтан товч нэрт судар” 1604-1628
5.“Чакраварти Алтан хааны тууж” (XVII зууны эхэн үе)
6.Лувсанданзан “Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан алтан товч оршив” XVII зуун
7.Саган Сэцэн “Эрдэнийн товч” 1662
8.Жамба “Асрагч нэртийн түүх” 1677
9.“Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж” 1643-1662
10.Гүн Гомбожав “Чингис эзний алтан ургийн түүхэн Гангын урсгал нэрт бичиг оршив” 1725
11.Лами “Монголын Боржигид овгийн түүх” (1735)
12.Дарма Гүүш “Алтан хүрдэн мянган хигээст” (1739)
13.Мэргэн гэгээн Лувсандамбий Жалсан “Их Монгол Улс үндэсний алтан товч” 1765
14.Рашпунцаг “Дай Юань улсын болор эрих” 1775 I боть
15.Рашпунцаг “Дай Юань улсын болор эрих” 1775 II боть
16.“Хөх түүх” (1796-1820)
17.Ната Гомбованжил “Монгол орноо шашин төр тогтсон ёсыг сайтар өгүүлсэн тунгалаг ухаант залуусын хоолойн чимэг гэрэлт алтан эрих” (1817)
18.Гүнчүгжав “Сувд эрих” (1835)
19.Ишбалдан бандида “Эрдэнийн эрих” 1835
20.Галдан туслагч “Эрдэнийн эрих” 1841
21.Жамбадорж “Болор толь” (1846-1849) I боть
22.Жамбадорж “Болор толь” (1846-1849) II боть
23.Инжаннаши “Их Юань улсын мандсан төрийн хөх судар” (1830-1891) I боть
24.Инжаннаши “Их Юань улсын мандсан төрийн хөх судар” (1830-1891) II боть
25.Инжаннаши “Их Юань улсын мандсан төрийн хөх судар” (1830-1891) III боть
26.“Монгол Улсын шастир” I боть
27.“Монгол Улсын шастир” II боть
28.Л.Дэндэв “Монголын товч түүх” УБ 1934
29.А.Амар “Монголын товч түүх” 1935
30.Алтан–Очир “Чингис хааны байлдааны бичиг”

төрөл: Монгол бичиг | (10) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 8584 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Баярлалаа.
Унтах гэж байтал таны блогтой таараад уншаад эхэлтэл нойр бур сэргэчихлээ. Ёстой бахархмаар, бахдмаар сайхан зуйл бичжээ. Хамгийн гол нь маш олон юмыг ойлгож авлаа.Баярлалаа. Таны блогын байнгын зочин болохоор шийдлээбаярлах
Москвагаас (зочин) хэзээ бичсэн: 04:50, 2013-01-14 | |
уйлах санаа зовох санаа зовох санаа зовох гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 21:09, 2012-02-13 | |
монгол бичэг
миний хувьд маш гүе bna
Зочин хэзээ бичсэн: 21:27, 2011-11-22 | |
Өө хөөрхий эх сурвалж дурдалгүй оруулжээ. Би бичээгүй шүү хэхэ
xvv хэзээ бичсэн: 23:38, 2011-10-11 | |
алга ташилт гоё бичжээ
Баянзул (зочин) хэзээ бичсэн: 09:31, 2011-10-10 | |
инээх :grin надад таалагаж байна монгол хэлээ соелоо хүндлэн дээдлэх хэрэгтэй
Зочин хэзээ бичсэн: 22:26, 2011-10-01 | |
bichig
баярлах одоо үед бид монголын төрөлх хэл болох уйгаржин бичгээ мэдхээ болисон билээ талархаж байна залуу оюутан
зочин (зочин) хэзээ бичсэн: 12:38, 2011-09-19 | |
30
Юуны өмнө Чоймоо багш даа баярласан талархалаа илэрхийлэе! Энэ 30 ботийг дуусахаас нь өмнө авч унших юмсан. тэврэлт
Мөнхбаяр (зочин) хэзээ бичсэн: 10:30, 2010-08-27 | |
алга ташилт тэврэлт
Зочин хэзээ бичсэн: 14:37, 2010-01-29 | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 03:33, 2009-12-10 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)