Нүгэл зугтам сайхан харцнаас тань
Нүүрийн буянтайг үзэж баяслаа
Нүнжиг удамтай айлын охин гэж
Нүднээс далд магтдагт итгээрэй
Ай миний дөлгөөхөн хөөрхөн
Аавын энхрийхэн охин минь дээ
Жаргал хоргодом сайхан аашнаас тань
Жаврын үзүүр нугарахыг мэдэрлээ
Түвшин амгалан айлын гэргий гэж
Төрөл садан маань хайрлаж яваасай
Ай миний амгалан шүтээн
Айлын сайхан гэргий минь дээ
Сүүдэр нугарам сэтгэлийн гэрэлд тань
Сүлд хийморь тавилан бөхөжлөө
Удам залгасан үрийн минь ээжий
Уужуу тайван сэтгэлийн сүм минь дээ
Ай миний хүүгийн минь ээжий
Асралт тэнгэр хань минь дээ
Бичсэн: moligo_ochir
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)