Амин сүлдээ эрэхүй
2020-11-17,01:30
ГУРАМСАН ЯРИА
1980 оны Москвагийн олимпийн дараа манай цөөн сэхээтэн ЗХУ-ын коммунист систем задрах тухай шивнэлдэх болсон юм. 1981 онд Монгол хүн сансарт ниссэний дараа улс орон даяарх хөөр бахдлын шуугиан дор ийм яриа архины даруулга болох нь ихсэв. Ялангуяа үндэсний үзлээсээ болж гадуурхагдсан зохиолчид удахгүй ирэх системийн задралын тухай зоригтой өгүүлцгээж байлаа. Гэхдээ мэдээж ханцуй дотроо. Төмөр хөшигний хоёр талд гарсан хоёр системийн үзэл суртлын тулаанд ялахын тулд дэндүү их үнэ төлж, олимпын наадам, сансарын хөтөлбөрт хэр хэмжээнээсээ хэтийдсэн хөрөнгө, хүч хаяж байгаа нь ойрын хорин жилд ЗХУ-ыг эдийн засгийн хувьд сөхрүүлэх нь тодорхой гэлцэнэ. Тэгээд л “Пүннннн....”. Цөм нь хагарахад систем бүхэлдээ нурна. Тэр цагт манай улс хаачих вэ? Энэ л тэдний тархийг гашилгаж байсан юм.
Тэр цагт гадуурхагдаж явсан үндэсний үзэлтнүүд болох Н.Нямдорж, Л.Нямаа, Т.Галсан, Го.Мижиддорж, Л.Лувсандорж, Ж.Зана гэх мэт хэдэн зохиолч дөчин мянгатын “Ширээний теннисний клуб”-тэй 21-р байранд, Даадгарындаа цуглана. Нууц штаб гэсэн үг л дээ. Би Даадгар ахын хүүтэй найз учраас байнга тэднийхээр орж, өнөөх үндэсний үзэлтнүүдийн яриаг шимтэн сонсох донтой. Тэд энэ нийгмийн идээ бээрийг шахан гаргаж шивнэлдэнэ. Анхны лонх хоосорсны дараа яриа чангарна. Энд л шинэ тогтолцооны амт үнэр оргилон буцалж байв. Тоймловол доорх маягаар:
- Тогтолцоо нурах үед яах вэ? Хамгийн түрүүнд ёс суртахуун нурж унана. Ёс суртахуунгүй нийгэм амьтны хүрээлэн болж хувирна. Хамгийн сувдаг, ичгүүргүй хэсэг нь улс орны бүх баялгийг ховх сорж араа шүдтэй болцгооно. Хулгай зэлгийгээр хөрөнгөжсөн тэр хэсэг нь хоорондоо үгсэн хуйвалдаж нэгдэнэ. Эцэстээ хэдэн том гэр бүл болж улс орны эцсийн баялаг дээр хоорондоо алалцаад дуусна. Хорсож үгүйрсэн иргэд босож хувьсгал өрнөнө. Энэ үед улс орон маань өр шир, ухсан нүх, усгүй цөл болсон байна. Систем задарсны дараах манай улсын ирээдүйн тавин жилийн тавиланг тэд ийнхүү гунигтайгаар зөгнөж байв.
Энэ тамаас алсуур тойрох зам байна уу? Үүний тулд үндэсний ёс суртахуун, сэтгэлгээний цогц буй болгох учиртай. Гэтэл энэ ёс суртахуун гээч нь Үндэсний амин сүлд дээр л эс суурилбал нийтэд сууж, хэвшихгүйн дээр шил шиг хэврэг зүйл болно. Эцэстээ адгийн шааруудын нүүрээ нуух хуурамч баг болж хувирах вий. Өнөөх Үндэсний сэтгэлгээ нь ч амин сүлдэд эс суурилбал үндсэрхэх үзэл болон хувирч хэнээрхэлд хүргэхээс хэтрэхгүй. Амин сүлд буй цагт ердөө гарын арван хуруунд багтах үндэсний сэхээтэн байхад л сая хүрэхгүй хүнтэй энэ улсыг давгүй чирээд явчихна. “Өрх гэрийн тусын тулд өөрийн амийг золь. Аймаг овгийн тусын тулд өрх гэрийг золь. Гүрэн улсын тусын тулд аймаг овгийг золь. Хүй сэтгэлийн тусын тулд хүж дэлхийг золь” гэх дээдсийн сургаалиар сэтгэл зүрх нь ассан хэдхэн ланжгар сэхээтэн л хэрэгтэй. Чухам тэднийг юугаар цэнэглэн бэлдэх вэ? Бас дээр нь бодит туршлага хэрэгтэй.
Лууяа тив нэгтэй Мэйжигийн үеийн японыг жишээлэх авч нөгөө хэд нь үл хэрэгсэнэ. Гумилев, Вернадский, Рерих гэх нөхдийг жишээлэхдээ харин дуртай. Баруун зүгийнхнийг бол ор тас мэдэхгүй. Ямартаа ч тэд цор ганц л зүйлийг эрж хайсан. Суурь. Энэ суурь нь Үндэстний Амин Сүлд. Амин сүлдийг олж суурилахгүйгээр ямар ч ёс суртахуун хөөс болон замхарна. Энэ амин сүлдийг л олоодохвол үүн дээр шинэ ёс суртахуун, үндэсний цогц үзэл, соёлыг барьж босгоно. Үндэсний сэтгэлгээ, ёс суртахуун дээрээ улс үндэстэн суурилан хөгжих нь цорын ганц зөв Зам. Алтан гадас чигийг заана гэдэг шиг. Энэ зам үндэсний жинхэнэ сэхээтнүүдийг буй болгоно. Тэд цоо шинэ оргилол, эрчмийг бүтээнэ. Тэдний жишгээр үлгэрлэн нийт үндэстэн цааш алхаж ирээдүйгээ итгэл төгс барьж босгоно. Гүйцээ.
ЭХНИЙ ЯРИА: МЭЙЖИЙГ ДАГА
Бидний өгүүлэх сэдвийн эхлэл болох энэ товчхон яриа 1981 оны хавар Даадгар ахын гэрт болсон юм. Лууяа ах Мэйжийн үеийг ухаж малтана гэж зөрүүдэлсээр. Учир нь амин сүлдээ тэд олсон. Мэйжигийн үед олсон.
- Даадгар минь, ийм байна аа. Бид өөрийн үндэсний амин сүлдийг олоод зогсохгүй түүн дээр ёс суртахуунаа барьж бүтээхэд тэдний туршлага л хамгийн төгс жишиг болно. Япон гэдэг чинь юу билээ, 24 каратын шижир ёс суртахуун шүү дээ. Үр бүтээмжгүй хоцрогдсон феодал тогтолцооноос үр бүтээмж өндөртэй аж үйлдвэрлэл рүү шууд дайран орж, цөөн жилийн хугацаанд өрнөдийн ланжгаруудтай эн зэрэгцэж, дэлхийг цочоон гэнэт тэсэрч гарч ирсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ч, балгаснаасаа галт шувуу мэт 20 хүрэхгүй жилийн дотор ахин сэргэж, дорд үзэгдсэн ази тивийн нэр нүүрийг дэлхийд тахлан, тивдээ анхны олимп, экспог хийж, хөгжлөөрөө гайхагдах болсон энэ ард түмний чанадын чанад дахь нууц нь юу байв аа? Мэдээж хатуу чанга ёс суртахуун нь гэдэг. Гэтэл энэ ёс суртахууны амин сүнс нь юу юм бэ? Энэ бол ердөө л Гири Нинжо гэгч юм байна. Гири нь амиа өгөөд ч хамаагүй заавал гүйцэтгэх үүрэг. Нинжо нь манай нинжтэй төстэй, өрөвч, ачлалт сэтгэл. Хатуу, зөөлний энэ хоёр туйлын торгон тэнцвэр дээр л японы дэлхийд гайхагддаг өндөр ёс суртахуун урган цэцэглэжээ. Эрсэн эрдэнээ оллоо. Одоо нарийвчлан судлах л үлдлээ шүү дээ.
- Хмм, Мэйжи гэнэ шүү. Айлаас эрэхээр авдраа уудалъя. Бид л үлгэр шиг уншаад өнгөрдөг болохоос энэ чинь манайд бүр бичээтэй байж л байнадаг. Монголын нууц товчооны эхэнд өгүүлэх Чингэс хааны язгуур нь дээд тэнгэрээс заяат Бөртэ Чоно, Гоо марал нар бүлгээ гэсэн өгүүлбэрийг бод доо. Монголын их хөлгөн тууль яагаад энэ өгүүлбэрээр эхлэв. Үүнд л бүхний эхлэл, тайлал нуугдаж байгаа. Үүнд л монголын амин сүлд буй. Үүрэг-хайр хоёр, эр-эм чанарын нэгдэл. Чиний хэлснээр хатуу-зөөлний туйлын тэнцвэр. Мэдээж гаднаас тарималжуулсан онол номлол дээр хатуу чанд ёс суртахуун тогтохгүй. Японы дэлхийг алмайруулсан өндөр цэгц ёс суртахуун нь өөрийн амин сүлд дээр гагнагдан тогтсон нь ойлгомжтой. За чи минь наадхаа жаахан нухаж элдээдэх.
- Тийм ээ. Итгэл үнэмшил төрүүлэхүйц илүү тодорхой болгох хэрэгтэй. Бидэнд нийгэмд хэрэгжчихсэн бодит жишиг л гарын авлага болно гээд хөөрч баясан гарч явснаасаа хойш удалгүй тэнгэрт хальсан юм. Ингэж л бидэнд тов тодорхой жишиг болох утас тасарсан юм даа.
Үүнээс хойш хэсэг тасалдсан үндэсний үзэлтнүүдийн цуглаан ахин бужигнаж эхлэв. Тэд гэмээ нь цаг нь болтол хонины арьс нөмөрцгөөхөөр тохиролцсон нөхөд. Ямар сайндаа л “Нуугдъя гэвэл Лениний тухай магтуу шүлэг хаяа таталчихаж бай” гэж бие биедээ зөвлөж байхав. Бурхных нь ард нуугдчихаж байгаа нь тэр. Харамсалтай нь Лууяагаас хойш амин сүлдийн эрэл илт саараад явчихсан юмдаг. Бүүр ч харамсалтай нь тэдний тооцоолж явсан тогтолцоо нурах цаг нь хамаагүй эрт эхэлчихсэн юм. Тооцоолсноос нь арван жилийн өмнө. 1987 онд хойд хөршид шинэ салхи сэвэлзэх үеэр л тэдний урам нураад уначихсан даа. Үндэсний сэхээтнүүд буй болох нь байтугай тэд ч учир зүйгээ олж амжаагүй цаг шүү дээ. “Хөл дээрээ тэнцэж сураагүй хүүхдийг хашир уулчидтай уралдуулан мөсөн оргил руу авируулчихлаа даа. Нэг бол доош нисэж үхэх, эс бөгөөс аль нэг гүрний түрийд дүүжлэгдэн дэнжигнэх зам л үлдлээ дээ” гэлцэнэ.
УДААХ ЯРИА
Олон жил өнгөрчээ. Нэг удаа Зана ахтай уулзлаа. Гундуухан сууж байна. Тэгснээ:
- Бодоод байх нь ээ, энэ нео либерал эдийн засаг гээч чинь байна аа, дэлхийг тоносоор язартлаа таргалсан хаширууд саяхан төрсөн мөлхөө жаалд “Чи юу хүссэнээ хийх эрх чөлөөтэй. Гэхдээ зөвхөн бидний зааснаар хий. Худалдаагаа чөлөөл, хилээ нээ. Тэгээд хэдүүлээ эрх тэгш үзэлцье” гэж тулгаж байна. Учраа ч олоогүй нялхасд “Бүхнийг хувьчил” гэж зааварлаад тараагаад өгчихнө. Тэд нь юугаа мэдэх юм. Түүхий эд болгоод л урагшаа зөөнө. Байсан үйлдвэрлэл нь үгүй болчихоор яах юм. Тэдний л хийснийг авч таарна. Хэдэн зуун дамнан зөвхөн хонжиж, ховх сорж сурсан тэд цаашид ч хонжсоор байх болно. Болоогүй ээ, бас гар хөлд нь зарагдаж хүссэн хууль тогтоолоо гаргуулах хамжлагуудаа төрд шургуулна. Тэр хамжлагууд нь улс орны баялгаас шуналынхаа чинээгээр огтолж залгицгаана. Ийм л мөнхийн битүү тойрогт манай үл мэдэгчид биднийг оруулж орхилоо. Яг л бидний яриад байсан юм болчихлоо доо гээд толгой сэгсрэв. Ийм л цөлх хар ухаантнууд байлаа. Би арга ядаад асуув.
- Зана ах аа. Таныхаар хэзээ энэ дампуурал дуусах вэ? гэхэд нэг сүрхий санаа алдсанаа:
- Зиа даа. Өнөөх амин сүлд гээчийг л бүтээсэн цагт сэхээтнүүд нь сэхээрч чигээ олно биз. Тэгээд ёс суртахуун, үндэсний сэтгэлгээгээ дархална. Тэр цагт л жинхэнэ шинэ Монгол буй болно доо. Гэхдээ хэр их тоногдож барагдсан хөрсөн дээр босох нь хурдаас л хамаарна гээд янжуураа гунигтайгаар соров.
Даадгар ахаас:
- Та нарын яриад байдаг Үндэсний Амин Сүлд чинь яахаараа тийм нууц чанад байдаг хэрэг вэ? гэж асуухад ам дүүрэн алтан шүдээ яралзуулан инээгээд:
- Мунхагаар бодоход чинад нуухгүй бол болохооргүй цаг үе байсаан. Том улс гүрнүүд нь жижгийгээ барьж идэж амьдардаг. Энэ бол загасны эриний жам. Ийм цагт Үндэсний амин сүлд нь ил тод налайж хэвтвэл их гүрнүүд устгаж орхих биш үү? Манж нар яагаад л айл бүрээс ном судруудыг түүж шатаагаад тангад номоор сольж өгөөд байв? Амин сүлдээ сэргээж олох сэжүүрийг устгаж байгаа нь тэр шүү дээ. Айл өрхүүд ном сударгүй болсон цагт коммунистууд яагаад л алтан ургийнхныг өвсөн дундаас зүү эрэх мэт түүж устгав. Өнөөх амин сүлд нь амаар, цусаар дамжин энэ л урагтаа үлдсэн болохоор тэр. Гэвч Монголын заяа их юм даа. Лувсанданзан шашины өлгийд өлгийдэн байж хөлгөн судрынхаа ихэнхийг авч үлджээ. Бас хожим Нууц товчоо хятад ханзаар олдсон нь тун хоржоонтой хэрэг шүү. Манж нар хятад номыг устгаагүй. Тиймээс хятад ханзанд нь нуугаад бүтнээр нь авч үлдсэн овжин сэхээтэнд мөргүүштэй. Хувь заяаны даажин гэж энэ шүү дээ хө, ха ха ха гэж инээгээд:
- Монголын амин сүлдийн бүх сэжүүрийг устгасан хоёр хөршийн нэгнийх нь бичиг үсгээр тэмдэглэгдэж үлдсэнийг нөгөөгийнх нь судлаач олж л байдаг. Үүнийг хувь ерөөл гэхээс өөр юу гэхэв. Ном нь үлдсэн хойно цаг нь болохоор сачийтай нэг нь олж мэддэг жамтай. Чинад нууцалсаны бас нэгэн учиг энэ шүү дээ хө. Аль ч цаг үед монгол хүн байгаа л бол тэдний дундаас шилдэг үрс нь төрж л таарна. Алтан ургийнхан эргүү биш. Дэргэд нь аграмба, лхаарамба зэрэгтэй эрдэмт хутагтууд ч хамт байсан. Цаг цөвүүтэхийг ажиглаад үр удмаа эгэл малчны дөрвөн ханатад нууж үлдээсэн нь цөөнгүй. Тэдний ураг удмын гараас юм гарна даа. Тэгээд ч хэрэгтэй үед нь тархи, зүрхээ гашилган байж олох тусам үндэсний оюун санаа цоо шинээр эрчимжих бус уу? Амин сүлд бол биччихсэн дүрэм, цутгачихсан баримал биш. Цаг үе бүр өөр. Тэр цагийн шинжид тохируулан цоо шинээр амилуулан гаргаж ирнэ шүү дээ. Хэрэв тухайн цагийнхаа хөгөөр яс тооччихвол өөр цагт нийцэхгүй модон дүрэм журам л төдий. Дорнын нууц үүнд л байдаг юм. Үндэсний амин сүлдээ авч үлдсэн цагт улс орон нь том гүрний саварт орсон ч ахин сэргэж босдог л юм. Еврейчүүдийг хар. Тэдний амин сүлд нь “Бид бол бурхны цорын ганц хайртай хүүхдүүд” гэдэг итгэл үнэмшил нь юм шүү дээ. Энэ нь еврейчүүд нутаг оронгүй тэнэж явахад нь ч эрчим болж нэгтгэж байдаг юм. Энэ ганц өгүүлбэрт л өнөөх амин сүлд буй. Түүнийг дан ганц еврэй хүн л тайлж, мэдэрч чадна. Монголын нууц товчоо гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм шүү. Үйл явдлыг нь нууцлаад байгаа хэрэг огт биш. Нууцалсан хамгийн гол зүйл нь эхний өгүүлбэрт буй.
- Даадгар ах аа, тэр эхний өгүүлбэрт юу нуучихсаныг мэдэж болох уу? Эсвэл бас нууц, чанад зүйл юм уу?
- Одоо цагт энэ бол нууцлах юм биш. Идэж цөлмөдөг загасны эрин “хувааж захир” гэх дүрэмтэйгээ бөхөж байна. Ирж буй Бумбын эриний бэлэгдлийг мэдэх үү хө. Гадагш урсгал. Харин ч дэлгэрүүлж мэдүүлэх ёстой үе нь. Ирэх цагт нуусан бүхэн ил хөвөн гарч ирнэ. Тэнгэрийн цагийг угтан мэдээд замнах нь дээд төрийн жам. Чингэс хааны зам юм шүү дээ. За энэ ч яахав, өөр сэдэв. Эхний тэр ганц өгүүлбэрийг задлаад үзье. Бөртэ чоно, Гоо марал гэдэг бол огторгуйн оддын нэр. Монголчуудын уг гарвалыг шууд зааж байгаа юм. Тэнгэрт хамгийн тод гялалзах Сириус А одыг монголчууд Бөртэ чоно хэмээн нэрийддэг. Үүнийг хожмын монголчууд эцгийнхээ алдарыг хэлэхийг цээрлэдэг ёсоор нэрийг нь сольж Хөхдэй мэргэн гэлцэх болж. Өнөөх алдартай Догончуудын агуйд зураг нь байдаг, “хүмүүс эндээс ирсээн” гэж заадаг од шүү дээ. Манай галактикийн төв од ч гэдэг. Галактикийн нар юм даа. Өрнийн зурхайд энэ одны үрсийг чин үнэнч, хатуужил тэсвэртэй, гал халуун зорилготой хүмүүс гэдэг. Харин дорнын зурхайд энэ одыг хуудуугүй үнэнч зан, дайчин зориг, хамгийн гол нь чиг үүргийг бэлэгддэг гэх. Орчин цагийн одон зурхайчид Сириус одыг монголчууд болон америкийн уугуул оршин суугчидтай холбох нь түгээмэл болжээ.
Марал одны тухайд гэвэл, гурван марал од гэж ярьдаг даа. Маралын одон ордын дараалсан гурван од. Түүний дээр тус ордын хамгийн тод од Маралын гялаан буюу Гоо Марал гялалзан буй. Энэ од зөн мэдрэмж, оюун билэг, хамгийн гол нь ач энэрэлийг бэлэгддэг хэмээн зурхайчид өгүүлнэ. Ингээд дээрх Бөртэ чоно одтой хамтатгаад үзэхээр Монголчуудын дээд өвөг нь тэнгэрийн Бөртэ чоно, Гоо марал оддоос ирсэн агаад дайчин чанар ач элбэрэлтэй нэгдэн нийлж дундаас нь Батцагаан хэмээх хүү төржээ гэж ойлгогдоно. Бат-цагаан хэмээх нэр ч дээрх чанарыг шууд өгүүлжээ. Бат гэдэг бол мэдээж хатуу бэрх, дайчин гэх утга агуулна. Цагаан гэдэг ариун нандинг заана. Нэг үгээр бол Бөртэ Чоно, Гоо марал оддын нэгдэл нийлэмжийг шууд заачихаж байгаа хэрэг. Япон ойлголтоор бол гарцаагүй гири нинжо л юм даа. Өнөө цагийн утгаар хэлбэл үүрэг, энэрэл хоёрын торгон нэгдэл бол монголчуудын суурь амин чанар юмаа. Тэгэхээр монгол хүний үндсэн чанар бол үүрэг, хайр, эв нэгдэл гурав боллоо. Судрын хэллэгээр Бөртэ Чоно, Гоо марал, Батцагаан. Христчилж ойлговол эцэг, хүү, ариун сүнс гэдэг шиг. Нийгмийн утга оруулаад хэлбэл амин Сүлд. Одоо энэ чанарыг гири нинжо лугаа адил задлаад үзье. Нэг талаасаа үүрэг хариуцлагыг чандалсан эр зориг, шударга шулуун, дайчин хатуу эр чанар, нөгөө талаасаа зөөлөн эелдэг, нинж хайраар бялхсан энэрэнгүй эм чанар. Тэгээд эдгээрийн зохицол нийлэмж болох эв нэгдэл, хамтач чанар. Энэ бол Монгол. Үүн дээр тухайн цаг үедээ нийцтэй эрхэм дээд зан чанарууд нэмэгдэхээр монголчуудын ёс суртахуун гараад ирнэ. Монголын нууц товчоо бол монгол хүний амин сүлдээс эхлээд ёс суртахууны чанаруудыг кодолчихсон судар юм шүү. Үүсэл гарвалын дараа Алунгоо эхийн түүхээр эв, эе орж ирж байна. Өнөөх япончуудын дэлхийд гайхагддаг хамтач чанар шүү дээ.
Ингээд сэтгэхээр зүгээр нэг чоно, буга гэх амьтад биш, хүний нэрс ч биш, огшиж бахдам сайхнаар зүрх сэтгэл чинь дүүрээд ирж байгаа биз. Шөнийн тэнгэр өөд ширтэхэд л удам гарвал маань нүднээ хамгаас хурц тодоор гэрэлтэн харагдана шүү дээ хө, ха ха ха. Гадны элдэв ёс суртахууныг нутагшуулах гэж мунгиналтгүй болчихно. Удам гарвал, амин сүлдээ таниж мэдсэний дараа монголчуудын заяагдмал ёс суртахуун, дээдлэл бишрэл нь аяндаа л ундраад ирнэ шүү.
Нууц товчооны зөвхөн эхний өгүүлбэрийг л задлахад ийм. Цаашаа эв нэгдэл, андлал нөхөрлөл, андгай тангараг, үнэнч сэтгэл, дайчин чанар, ачлал элбэрэл, эрдэм ухаан, хүндлэл дээдлэл гэх монгол хүний бүх нандин дээд чанаруудыг урвалт, атаа жөтөө, хэрүүл тэмцэл, хов жив гэх мэт сөрөг муу чанаруудтай харгалдуулж кодлоод тэмдэглэчихсэн байна. Харин үүнийг нийгэмд суулган хэвшүүлэхэд Лууяагийн үглээд байдаг гири нинжо, Мэйжигийн цаг үе үнэхээр түлхүүр, жишиг болж магад. Лууяа бол их хүн. Аливаа юмыг учир утгагүй шохоорхох нөхөр биш. Гири гэдэг нь амиа золиослоод ч атугай үүргээ заавал гүйцэлдүүлэх хатуу хариуцлага. Дорнын ойлголтоор бол арга. Нинжо гэдэг нь билгэ. Ачлалт нинжин сэтгэл. Амьдрал дээр тайлбарлах гэж оролдъё л доо. Жишээ нь, нэгэн самурайн эзэн шударга бусаар гүтгэгдэн алагдаж, мань эр эзэнгүй ронин болжээ гэж төсөөлье. Мань хүн эзнийхээ өшөөг заавал авах нь гири. Тэгээд эзнийг нь алсан даймёо ноёны гэрт дайрч орно. Бүгдийнх нь хоолойг хэрчинэ. Эцэст нь манцуйтай нялх охин л үлджээ. Тэр юу ч мэдэхгүй, цав цагаахан. Ямар ч нүгэлгүй, буруугүй. Тэр бяцхан бүлээн амийг хөнөөхөөс татгалзана. Энэ бол нинжо. Гиригээ мөрдөж чадаагүй учраас тэрээр харакири хийж амиа хөнөөнө. Энэ ч бас гири. Гири, нинжо хоёрын торгон тэнцвэр дээр л японы амин сүлд оршдог. Аминаас үнэтэй үүрэг хариуцлага, бас аминаас үнэтэй нинжин сэтгэл. Хариуцлага, хайр хоёрын огтлолцол. Гагцхүү энэ амин сүлд нь л токугавагийн эцэс үеийн самурай нарт үндэсний хэмжээний үүрэг тохоож, тэд өөрсдийгөө золиосолсноор Японд шинэ эринийг авчирсан. Үүнийг зүгээр ойлгох нь тусгүй. Мэдэр. Ерөөс дорнын ухаан бол өрнийнх шиг баримт тоочдог, тооцоолдог, ойлгодог ухаан биш. Мэдэрдэг, зөгнөдөг амьтай ухаан. Амьтай учраас өөрийн сүнс, сүлдтэй. Тиймээс л нууцас нь далд, чинад оршдог. Үндэсний амин сүлдийг олъё гэвэл судалж, таниж мэдэх хангалтгүй. Зөвхөн мэдэр. Үлгэр домог мэт сэтгэ. Эндээс учиг ургана. Амин сүлдээ сэргээж чадвал тухайн улс үндэстэн зөв зам мөрөө олж өөдлөн дэвждэг юм. Үүнийг л Гумильев “оргилол” гэсэн юм шүү дээ. Монголын эзэнт гүрэн, Японы Мэйжигийн үе бол үндэстний оргилол. Хэчнээн хөгшин үндэстэн ч оргиллоор эргэн сэргэж, цоо шинээр ахин төрдөг. Оюун санаа нь төдийгүй эд эс нь сэлбэгддэг. Өдгөө ийм оргилол доройтсон Монгол, Оройлсон япон хоёуланд дутагдаад байгаа биз? Тусгаар тогтнолоо тунхагласан анхны жилүүдэд Чин Ван Ханддорж яг л мэйжигийн япон сэхээтнүүд шиг зүйлийг зорьж явсан бололтой байдаг. Ёс суртахуун дээр үндэслэсэн нийгмийн шинэчлэл. Үүн дээр нэмээд хөгжингүй өрнөд маягийн боловсрол, үйлдвэрлэл. Өрнө гэдгийг тэр үеийн хаант оросоор хүлээж авсан байгаа юм. Өөрөөр хэлбэл монгол ёс суртахуун дээр оросын боловсрол, үйлдвэрлэлийг байршуулах. Даанч түүнийг ойлгох ноёд байсангүй. Ойроос сайн ноён Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд нар, холоос гэвэл Хайсан гүн л арай дөнгүүр ойлгох гэсэн юм болов уу? За за, ингэсгээд зогсъё. Ингэхэд чи Лууяагийн эрж бэдэрч явсан Мэйжигийн нарийн ширийн учигийг цааш нь үргэлжлүүл. Улс орных нь хувьд хүнд цаг үед үүрэг гэж нэг юм сэхээтэн хүнд байх учиртай юм шүү хө гэж нүд рүү цоо ширтэн хэлэх нь гарцаагүй үүрэг хариуцлага надад үүрүүлчихэж байгаа мэт санагдаж билээ. 2001 онд болсон тэр уулзалтын дараахан Даадгар ах маань тэнгэрийн орондоо заларсан юмдаг. Ам дүүрэн алтан шүдээ яралзуулан чанга инээж “Үүрэг шүү хө” гэж гэрээслэх нь одоо ч нүднээ үзэгдэнэ.
Мэйжигийн нууц
ГУТГААР ЯРИА
Тэр эрхэм хүний надад үүрүүлчихсэн “үүрэг” дээрээс дараад мэйжитэй холбоотой ном судар олж уншваас өрнөдийн сэтгэлгээгээр бичсэн дүгнэлт, үйл явдлаас хэтрэх биш. Овоо мэдлэг мэдээлэлтэй болоод авсан ч яг өнөөх амин сүлд гэчихээр юу ч алга. Учраа ололгүй мунгинасаар олон жил өнгөрчээ. Нээрээ л Даадгар ахын хэлснээр мэдэх биш мэдрэх ёстой ч юм уу? Үлгэр домог мэт сэтгэх. Ингээд эрлийнхээ жолоог өөр тийш залж үзэхээр шийдэв. Соёлжиж иргэншсэн хүний нүдэнд бол инээдтэй л дээ. Арга ядсан л хэрэг юм даа. ОХУ-д ажлаар ойр ойрхон очдог найз минь сонин мэдээтэй орж ирлээ. Сергей Брюсийн ховсын төвд астрал ертөнц болон хүний сүнстэй холбогдож ярилцдаг тухай олж мэджээ. Тэгээд хэлж байна: - Чи нөгөө Лууяа ахынхаа сүнстэй ярилцаж болно ш дээ. Энэ чинь мухар сүсэг биш шүү. Шинжлэх ухааны чиглэлтэй, туршлагад суурилсан хүрээлэн гэв ээ. Эхэндээ инээд ч хүрэх шиг, эргэлзэж байснаа эцэст нь шийдлээ дээ. Ийнхүү Санкт-Петербургийг зорив. Лууяа ахын сүнстэй ярилцах санаатай шүү дээ. Инээдтэй хэрэг байгаа биз? Аян замын тэмдэглэл биш учраас шууд л яриандаа оръё. Бүдэг гэрэлтэй жижиг өрөөнд тавьсан орон дээр аялагч гэх хүн нүд нь боолттой хэвтэнэ. Түүний амаар уулзах эрхэм маань ярих бололтой. Дэргэд нь ховсчин буюу замчлагч сууж удирдана. Яриа орос хэлээр өрнөв. Замчлагч зааварлаж яриа эхлэв. Өнөөх ам нь л ил гарч нүүр нүдгүй хар даавуугаар битүү боосон аялагч асуултанд хариулах маягтайгаар ярилцана. Хүний овог нэр хэлэхийг цээрлэн цэгээр орлуулав.
- ………. овогтой ………. гэх нэрээр дэлхийд амьдарч байсан хүнийг олоорой. Тэр хаа байна. Нэг, хоёр, гурав.
- Оллоо. Тэр 13-р түвшинд байна. Дэргэд нь ирчихлээ.
- Бидэнтэй ярилцах эсэхийг нь асууна уу?
- Биднийг хүлээж байжээ. Одоо би өөрийгөө түүнд шилжүүлье гэж аялагч хэлээд хэсэг чимээгүй болов. Үүнээс цааш яриа маань замчлагчийн хэлснээр Лууяа ах бид хоёрын дунд өрнөв.
- Та амар сайн байна уу? Би танаас Мэйжигийн үеийн япон, түүний цаана орших амин сүлдийн талаар ярилцахаар монголоос ирлээ. Ялангуяа тэр гири нинжо гэгчийн талаар. Ном судраас хайхаар тоймтой юм олддоггүй. Монголчууд маань өнөөгийн хөл толгойгоо алдсан даажигнал дороос гарч, өндөр ёс суртахуун дор зүг чигээ олоход бодит туршлага болно гэсэн санаагаар л...
- Чамайг Даадгар явуулсан, тийм үү. Би ирэхийг чинь хүлээж байлаа. Асуусан бүхэнд чинь хариулъя. Зөвхөн монголчууд гэлтгүй өнөө цагийн Япон улсад ч тус нэмэртэй л юмсан.
- Даадгар ах 19 жилийн өмнө өөд болсон. Гэхдээ намайг нааш илгээсэн гэж хэлж болно оо.
- Би мэднэ ээ. Чиний аялагчийн эрчим хангалттай хүрэлцээтэй бус учраас асуух гэснээ шууд асуу. Чамд цаг тийм ч их байхгүй.
- Баярлалаа. Мэйжигийн их шинэчлэлийн загалмайлсан эцэг нь хэн бэ? Сайго Такамори, Кидо Коин, Окуба Тошимичи нар гэж би мэднэ. Эдний дундаас хэнийг нь та онцлох вэ?
- Хэнийг нь ч биш. Тэднээс илүү онцгой нь Кацү Кайшюү байлгүй яахав. Энэ хүн японы түүхэн дэх хамгийн хүнд хэцүү, яах учраа мэдэхгүй мухардсан үед нь гэнэт тодрон гарч ирж, улс орныхоо залуурыг хоромхон хугацаанд өөрчлөн, хамгийн сайн хувь заяаны замд нь нь хөтөлж чиглүүлчихээд харван одсон хурц тод солир байсан юм шүү. Аматерасү тэнгэр хамгийн хүнд үед элчээ илгээсэн дээ. Мэйжийн хувьсгалыг хүнээр зүйрлэвэл тархи нь Кацү юм шүү дээ. Бусдыг нь гар, хөл, нүд, чихтэй зүйрлэж болно. Ер нь Кацүг л сайн ойлгочихвол Мэйжийн хувьсгалыг төдийгүй гири нинжог ойлгочихно доо.
- Ёстой ингэж бодсонгүй. Түүхэнд Кацүгийн тухай тун бүрхэг, бүр зарим талаар сөрөг ч гэмээр тэмдэглэл байдаг.
- Мэйжигийн хувьсгалын тухай хамгийн ихийг бичиж, хамгийн их чалчсан Фүкүзава Кацүд тийм ч дуртай биш юм хойно аргагүй. Тэгээд ч Кацү яг л үл үзэгдэгч шиг ажиллаж байсан. Тэнэг мангуу амьтас улс орныг нь сүйрүүлчих вий хэмээн зовнихдоо хамгийн чухал цагт, хамгийн чухал газарт, хамгийн чухал хүмүүстэй уулзаж, хэний ч олж хараагүй өнцгөөс асуудлыг дүгнэж, гайхамшигтай оюун ухаанаараа бусдын санаа бодлыг ховсдож орхиод алга болдог байв. Очсон газар бүрдээ шинэ эриний үрийг атга атгаар цацаад л явсан хэрэг. Тухайн цагийн японы хамгийн гоц уураг тархи, хамгийн ихээр хөвчирч зангирсан зүрх сэтгэл байсан даа. Эд эс бүхэн нь японы хоцрогдсон, сул дорой байдалд гутран зовинож, үүнд буруутай хэмээн бакуфу засгийг үзэн ядаж, улс орныхоо ирээдүйн төлөө шаналан багтарч явсан юм.
- Тун гайхалтай юм аа. Өөр ертөнцийн хүн шиг л санагдчихлаа. Кацүгийн тэр агуу гавъяаг дурьдвал их баярлах байна.
- Тийм ээ. Өөр ертөнцийн хүн. Гавъяаг нь дурьдахаас өмнө хоёр зүйлийг эхэнд нь онцлох хэрэгтэй. Сүүлээс нь дурьдвал хоёрдугаарт, Эдогийн төгсгөл үед Кацү японы хамгийн анхны “иргэн” хэдий нь болчихсон байлаа шүү дээ. Японы цорын ганц иргэн гэсэн үг. Хүн ам нь Ши Ноо Коо Шёо гэх дөрвөн анги давхаргад хуваагдсан фёодалын үед шүү дээ. Иргэн гэдэг бол тухайн үеийн японы хувьд байж болшгүй, байх нь байтугай санаанд ч орохооргүй содон ойлголт. Энгийнээр хэлбэл юу хийдэг, хэн байхаас үл хамааран төр улсынхаа эрх тэгш, бас салшгүй эд эс гэсэн үг. Төрт улс гэх ойлголт огт үгүй, зөвхөн өөр өөрийн эзэнд л харъяалагддаг тэр үеийн хамжлагат сэтгэлгээтэй хүмүүс үүнийг яаж ойлгох билээ дээ. Цорын ганц иргэн нь учраас, өөрөө эд эс нь болсон улс орныхоо хувь заяанд санаа зовон дэлбэрчих шахаж байсан хэрэг. За, тэгээд нэгдүгээрт, мэдээж иргэн юм хойно Эдогийн төгсгөл үед “Япон Улс” гэх хэний ч санаанд ороогүй орчин үеийн төрт улсыг хэдийнээ томъёолчихсон байв. Төр улсгүй иргэн гэж хаа байхав. Энэ хоёр чинь нэг бүхэл зүйл. Ирээдүйгээс ирсэн хүн гэлтэй байгаа биз? Тэгээд тэр гоц санаа бодолтой “иргэн” маань Сацума хошууны Сайго, Тоса хошууны ронин Рёома гэх мэт бакүфү засгийн эсрэг бодолтой, нөлөөтэй чадвартай хүмүүстэй ойртон нөхөрлөж, санаа бодлыг нь эрчлэн чиглүүлж, нөгөөтэйгүүр хооронд нь холбон нэгтгэж байв. Үүний хамт бакүфү засгийн эсрэг элдэв цуу яриа тарааж, нийтийн санаа бодлыг утас ээрэх мэт нэгэн чигт инчдэн зангидсаар явжээ. Хэрэв хувьсгалыг ус урсгах суваг гэж төсөөлбөл Кацү сүүдэр мэт гэтэж суваг доторх бартаа саадуудыг зайлуулан, хэрэгтэй газарт нь матаж ухсаар их усан урсахад бэлэн болгожээ. Ийнхүү нүдэнд үл үзэгдэх, түүхэнд эс бичигдэх арын албанд зүтгэсээр суваг бэлэн болонгуут японы түүхэн дэх хамгийн агуу, суут үйл хэргийг ганцхан өдөрт л хийчихсэн дээ. Шёогунтай уулзах нь байтугай ойртох ч эрхгүй доод албат Кацүгийн гарт сүүлчийн шёогүн Ёшинобу улс орны хувь заяаг шийдэх бүх эрх мэдлийг атгуулчихаад, угтан ирж буй их түүхийн тайзнаас өөрийгөө татаж аваад замхран алга болсон юм даа. Агуу хүн дээ, Ёшинобу гэдэг чинь. Тулалдах хүч чадал хангалттай, ялагдах яагаа ч үгүй байхад л Тоба, Фүшимигийн тулааныг орхиод зогсохгүй бакуфу засгийн залуурыг тээр доод тушаалын Кацүгийн гарт атгуулчихаж л байдаг. Тэр агуу хүн цаг үеийн эгзэгийг бүхэлд нь, ихээ дээрээс харж байсан ажээ. Улс орныхоо хувь заяаны төлөө Кацүгаас дутуугүй шаналан зовж байсан хэрэг. 1192 онд анхны шёогүн Минамото Ёритомогийн байгуулсан бакүфү засгийг сүүлчийн шёогүн Токугава Ёшинобү өөрөө устгаж эс түвдэхдээ Кацүгийн гарт чинжаал атгуулчихсан хэрэг. Эрин цагийн шаардлагыг мэдэрч, улс орноо аварч үлдэх гэсэндээ өрөө өөртөө харакири хийчихлээ л гэсэн үг дээ. Өөрийнхөө амийг харакири хийж хөнөөх бол байдаг л хэрэг. Гэтэл өвөг дээдсийнхээ цусаараа байгуулж 300 жил тасралтгүй үргэлжилсэн асар том тогтолцоог хөнөөх гэдэг бол аймаар хэрэг. Тийм болоод л өөрөө гардан хийж түвдсэнгүй, Кацүгийн гараар хийлгэжээ. Гири нинжо л юм даа. Засгийн дээд эрх мэдлийг атгасан Кацү тэр дор нь бакүфү засгийг түлхэн унагаж, Эдо цайзыг нээн, Эзэн хаан Мэйжид эрх мэдлийг шилжүүлчихжээ. Ингэж л Мэйжийн эрин эхэлсэн юм даа. Өнөөгийн Токио хотод ганц дусал цус унагалгүйгээр хувьсгал хийчихсэн дээ. Ердөө л эрх мэдэлгүй ганц хүн, ганцхан үдэш 670 гаруй жил оршин тогтносон бакүфү засаглалыг, 300 жил ноёрхсон Токугава овгийн ноёрхлыг түлхэн унагаж, Мэйжигийн эринийг эхлүүлчихсэн хэрэг. Ийм галзуу үйл явдлыг ертөнцийн түүхээс чи өөрийг олж чадах уу?
- Бурхан минь, ёстой л тэнгэрийн санаа гэмээр юм. Бусад улс оронд хувьсгал яаж болдог билээ дээ. Хэрэв үйл явдал өөрөөр өрнөсөн бол Токио тулааны талбар болж цусанд будагдан, иргэний дайны хөлд Япон бүхэлдээ сүйрч өрнийхний идэш болчих байсан даа? Фүшими дэх жижиг ялагдлын дараа ч Ёшинобу шёогүний мэдэлд СачЧёоТоБэ дөрөвхөн хошуунаас бусад 270 орчим хошуу байсан шүү дээ. Гайхмаар юм. Одоо бид гири нинжогийн тухай ярилцаж болох уу?
- Гири нинжо бол шаардлагатай үед өөрөө тодрон гарч ирдэг тэнгэрлэг хосмол чанар. Ёс уламжлалаа алдаагүй дорны хүмүүс миний хэлж буйг ойлгоно. Ингэж гарч ирэхдээ тодорхой хүнээр дамжин нийгэмд уусч шингээд тухайн үндэстнийг бүхэлд нь цоо шинээр амилаан босгодог юм даа. Токугава удмын шёогүн нар болон даймёо ноёд тэнгэрлэг дээд энэ чанарыг ихээр дарагдуулсан. Айсан л даа. Учир нь тэр бол хувь хүнээс, самурай нараас ч, тэр ч байтугай засаглал, тогтолцооноос хэтийдсэн өндөр дээд чанар юм. Өнөөгийн ойлголтоор Дээд Иргэн гэлтэй л мөрөөдлийн хүн буй болно шүү дээ. Их бүдүүлэг тайлбарлавал хүмүүний бус тэнгэр бурхдын ёс суртахуун, зан чанар юм даа. Гэтэл шёогүн болон даймёо ноёдод дуулгавартай албатууд, бас нийгмийн тогтвортой байдал л хэрэгтэй. Тиймдээ ч гири нинжогийн эрхэм дээд чанар бакүфүгийн үед ихэд доошилсноор барахгүй салж хуваагдаад, ердийн ёс суртахууны хэсэг мэт болчихсон юм. Өнөө цагт якузагийн удирдагч нараас өөр энэ үгийг хосоор нь дурьддаг хүн ч алга болж дээ.
- Тодорхой хүнээр дамжин нийгэмд уусч шингэдэг гэж та хэллээ. Чухам яаж?
- Ахиад л Кацү Кайшюүг дурьдах болох нь дээ. Эхэндээ тэрбээр авьяас чадвартаа ихэд найдаж түүхэн чухал үйл хэргийг улс орондоо бүтээхээр гал халуун сэтгэлээр эрмэлзэн зорьж явсан юм. Гэвч өөрөөс нь дорд чадвартай хүмүүс язгуур гарлаараа илүү өндөр ажил албанд томилогдож буйд дургүйцэж, энэ дургүйцэл нь нийгэм тогтолцоогоо үзэн ядах уур хилэн болж дүрэлзсэн юм. Бакүфү засгийг гэсэн үг л дээ. Энэ их бачуурал нь хүнд л байж болох хамгийн оргил цэгтээ тулсан хэрэг. Тэгсээр өөр шиг нь хувь заяатай тулгарсан мянга мянган авъяас билэгтэй хүмүүсийг өрөвдөв. Улс орныг нь сэвхийтэл босгоод ирэх чадвартай хүмүүс ажилгүй тэнэж явдаг. Гэтэл угсаа гарвал өндөртэй гэр бүлд төрсөн ямар ч чадваргүй, сэтгэлгүй, мунхаг новшнууд Эдогийн японы хувь заяаг шийдээд сууцгааж байдаг. Суудалдаа чамлагдсан албатууд л улс орныг сүйдэлж байгаа юм шүү дээ. Энэ бухимдал нь дээд хязгаартаа тулахын хамт улс орноо бүхэлд нь өрөвдөн харуусчээ. Чинээндээ тултал оргилсон уур бухимдал, өрөвдөл харуусал. Энд л гири нинжо амилан гарсан юм даа. Гэнэт л энэ бүхнийг заавал өөрчлөх “үүрэг” түүний дээрээс асгаран буусан хэрэг. Эдогийн анхны “Иргэн” бэлэн болжээ. Энэ үед хувьсгалыг оройлогч Сацүма, Чёошү овгийн самурайнууд зөвхөн гадаадын чөтгөрүүдийг л хөөн зайлуулахаас өөр санаагүй давхиж явсан гэдэг. Анхны “иргэн” санаагаа гүйцэлдүүлэхийн тулд СачЧёоТоБэ хошуудын тэмцэгчидтэй уулзаж тэдэнд өөрийн санаа бодлыг халдварлуулжээ. Бакүфүг түлхэн унагаж, оронд нь хүн бүр адил тэгш эрхтэй эзэн хаант төр улс байгуулах хувьсгалт цоо шинэ санаа түймэр мэт түгсэн юм даа. Ерөөс гири нинжо бол хаан хүнд, эсвэл бүүр дээшээ бурхан тэнгэрт л байж болох чанар. Хүний төдийгүй нийгмийн амьдралыг сонгох, үхүүлэх-аврахын торгон зааг дээр гири нинжо оршдог. Энэ чинь бүхнээс дээд эрх мэдэл гэсэн үг. Самурай нарт ч сэлэм зүүж, түүнээ хэрэглэх онцгой эрх дарх байсан. Иймдээ ч гири нинжогийн бяцхан оч хадгалагдсан хэрэг. Энэ бяцхан оч нь хүний билэг оюун, нинжин сэтгэл хоршин туйлдаа хүртэл хөвчрөн зангирах үед сэтгэлгээний хайрцаг савнаасаа тэсрэн гарч түймэр болон дүрэлздэг юм. Ингэхэд нэгэн мөчид Кацү Кайшүгийн гарт ч японы хувь заяаг шийдэх хамгийн дээд эрх мэдэл оногдсон шүү дээ.
- Та ярианы эхэнд зөвхөн монголд ч гэлтгүй өнөө цагийн япон оронд ч тустай юмсан гэж хэлсэн. Энэ их сонирхолтой санагдлаа. Миний бодохоор өнөөгийн япон улсад гурван гол бэрхшээл тулгарч байна. Эхнийх нь, эдийн засгийн өсөлт буурсаар шинэ мянганд ор тас зогссон явдал. Энэ нь Зүүн Өмнөд Азийн шинэ өрсөлдөгчдийн эн тэнцүү технологи, бага цалин, хямд үнэтэй холбоотой байх. Үүнээ дагаад япон санхүүгийн нэн хүнд нөхцөлтэй тулгарсан. Удаах нь, төрөлт буурч, хөгшрөлт улам нэмэгдэж байна. 2010 онд 128 сая хүн амтай байсан нь доошилж өнөөдөр 125 сая хүн амтай болжээ. Дээрээс нь хүн амынх нь 21 хувь нь 65-аас дээш насныхан. Энэ тоо цаашид огцом буурсаар 2060 он гэхэд 80 гаруйхан сая хүнтэй, үүний талаас дээш хувь нь 65-аас дээш насныхан байна гэж тооцоолжээ. Сүүлийнх нь, эдийн засаг, хүн ам нь хурдацтай өсч буй евразийн улсуудын цэргийн технологийн хүчин чадал өсөж буй явдал. Өөрөөр хэлбэл үндэсний аюулгүй байдлын асуудал юм даа. Энэ бүхнийг эрс, зоримог шийдвэрлэх тал дээр таныг санаа оноо хэлэх гэсэн юм болов уу гэж бодлоо л доо. Дашрамд дурьдахад Хантингтон “Дэлхий ертөнц соёл иргэншлийн мөргөлдөөн рүү явж байна” гэснийг япон гаралтай нэр нөлөө бүхий судлаач Фукуяма “Хантингтоныхоор шинэ мөргөлдөөн фашизм, социализм, ардчиллын хооронд бус, өрнө дахин, орос, ислам, күнз, япон, хиндү гэх мэт соёлын бүлгүүдийн хооронд болно” гэж тодруулсан юм. Эмзэглэмээр шүү.
- Би уг нь дээрх үгийг чиний асуусан амин сүлдтэй холбогдуулж хэлсэн юмсан. Гэвч саяын асуусан агуулгад чинь нийцэх зарим санааг хэлье. Эхэнд нь дурьдахад Японы эдийн засгийн зогсонги байдал нь Зүүн Өмнөд Азийн шинэ өрсөлдөгчдийн бага цалин, хямд үнээс илүү тэдний шинэ өрсөлдөгчийн урам зоригтой холбоотой. Үүнээс илүү япон иргэдийн хүсэл эрмэлзэл, урам зориг зогссонтой холбоотой юм шүү. Түүнээс гадна, дайн мөргөлдөөнөөс олз ашиг олдог бүлгийн төлөөлөл Хантингтонд итгэх хэрэггүй. Тэр өөрийн хүсэж буй зүйлээ л нийгэмд дэлгэрүүлэхийг санаархан дэмий чалчсан хэрэг. Фукуяамагийн үгэнд ч эмзэглэх хэрэггүй. Тэр соёлын мөргөлдөөнөөс илүү соёлын зохицлыг эрхэмлэдэг.
За одоо яриандаа оръё. Япон улс асуудлаа шийдэхийн тулд суудлаасаа бус, хүрч болох хамгийн дээд цэгээс харах хэрэгтэй. Суудлаасаа харна гэдэг нь, хүүхэд өсгөж буй гэр бүлийн эдийн засгийн дарамтыг бууруулах, зах зээлийн тодорхой чиглэлийг санхүү, татварын аргаар дэмжих гэх мэт байдаг л бодлогыг хэлж байна. Ингэснээр асуудлыг шийдэж чадахгүй. Хүрч болох хамгийн дээд цэгээс хар гэдэг нь, дэлхийг бүхэлд нь хар гэсэн санаа. Сүүлийн үед дэлхий нийтэд тулгарч буй хамгийн ноцтой асуудлууд бүгд байгаль экологийн сүйрэл, доройтол, түүний өөрчлөлт, нөөцтэй холбогдож байна. Үүнээс шалтгаалан цаашид цоо шинэ өвчин тахлууд дэгдэх, байгалийн огт таамаглаагүй аюул гамшиг тохиох гэх мэт гэнэтийн асуудлууд ар араасаа цуварна. Хэний ч таамаглаагүй асуудлууд. Энэ нь бүх соёл иргэншлийг задална. Гэтэл дэлхий нийтээр амин хувийн эрх ашгийг дээдэлсэн либерал дэглэм рүү шавааралдан оржээ. Энэ өнцгөөс ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Харин япон хүний цусанд байдаг, японы нийгэмд байдаг хамтач чанарын байр сууринаас шийдэх боломжтой. Үүний тулд хамтач чанарын хүрээг бүлгийн хайрцагнаас чөлөөлж улам бүр өргөсгөх ёстой. Чинээнд нь тултал өргөжүүл. Бас дээрээс нь байгалиа хэрэглэж бус шүтэж амьдардаг эртний монголчуудын сэтгэлгээг нэм. Тэндээс л цоо шинэ соёл иргэншлийн боломж харагдана. Хэний ч таамаглаагүй боломжууд. Тэр боломж нь нийт хүн төрөлхтөнд шинэ итгэл найдвар, соёл иргэншлийг авчрах юм. Энэ үед сэтгэлгээ, соёл иргэншлийн өмнөх бүх парадигм, үнэлэмжүүд үндсээрээ солигдох болно. Их гүрнүүд хэдийнээ шинэ соёл иргэншил бүтээгдэх парадигмийн эрэлд сэмээрхэн мордчихоод байна. Дэлхий дахины шинэ эриний шинэ иргэний ёс суртахуун, хүмүүнлэг ёс, соёлыг босгохоор тогтохгүй хэвшүүлэх бодит боломж нь хамгийн дээд зэргийн сахилга, ёс суртахуунтайн дээр хамтач, нийгэмч, хариуцлагатай хичээнгүй чанартай Японд л гялтайн харагдаж байна даа.
- Үүнийг хэрхэн эхлүүлэх тал дээр тодорхой жишээ хэлэн тайлбарлаж болох уу?
- Энэ чинь та нарын ажил шүү. Яахав, ганцхан жишээ дурдъя. Японы хүн амын 90 хувь нь нутаг дэвсгэрийнхээ 10-хан хувьд шавааралдан амьдарч байна. Үлдсэн хөдөө орон нутагт цөөн настан л үлджээ. Тэгвэл зам харилцаа өргөнтэй аль нэг нутагтаа гайхам сайхан цогцолбор барилга барьчих. Түүнийгээ байгаль дэлхийд ээл ивээлтэй цоо шинэ соёл иргэншил, хөгжил, шинэ мянганы ёс суртахууныг томъёолж хөгжүүлэх төв болгочих. Шинэ мянганы соёл иргэншлийн төв. Азийн, дэлхийн ч гэсэн болно доо. Энд амин хувьч бус нийгэмч, бүр цаашилбал “дэлхийч” соёл иргэншлийн загвар буй болно. Эндээ тив дэлхийн хэмжээний хурал, хэлэлцүүлэг тогтмол хий. Хэвлэл гаргаж, нэвтрүүлэг цац. Энэ чиглэлийн эрдэмтэн судлаачдыг урамшуулан нэгтгэх төдийгүй урлаг, уран бүтээл, дуу хуур, киног дэмжих сан байгуул. Тэндээс авах, тасдах, үхүүлэх бус харин өгөх, ургуулах, амьдруулах чиглэлтэй бүтээлүүд цуурайтан гарч тархаг. Ийм төв итгэлээ алдаж буй дэлхийд санаанд оромгүй хурдаар өргөжин тэлж шинэ мянганы соёл иргэншлийн хамтын ажиллагааны дэлхийн нийслэл болно. Нөгөө гэрээ хэлэлцээрийн нийслэл Женев гэдэг шиг. Дэлхийн хэмжээний ийм агуу зорилт нь манлайллаа алдаж буй япончуудад үндэсний амин сүлд сэргэсэнтэй адил цоо шинэ итгэл найдвар авчирч, хүсэл зоригийг нь бадраана. Сэтгэл нь урамшиж оргилоод ирэхлээр оюун сэтгэлгээндээ, улмаар эд эсдээ ч нөлөөлнө. Их сэргэлтийг авчирна гэсэн үг. Энэ хэдэн барилга чиний хэлсэн гурван асуудлыг гурвууланг хамтад нь шийдчихнэ.
- Та либерал үзлийг баахан шүүмжилчихлээ. Дээрээс нь либерал үзлийн шууд эсрэг соёл иргэншилд чиглэсэн жишээ хэлчихлээ. Гэтэл, хэрэв үүнийг хэрэгжүүлэхдээ тулбал 1955 онд байгуулагдсан цагаасаа хойш бараг тасралтгүй төрийн эрх барьж буй Либерал Ардчилсан Нам л шийдвэрийг гаргаж таарна шүү дээ. Тэднийг Мэйжийн үеийн самурайнууд шиг өөрөө өөрийнхөө тогтолцоог нураа гэж байгаа мэт хурц сонсогдож байна.
- Ертөнцөд байгаа бүхэн хувьсч өөрчлөгдөж байдаг. Амьдралын мөн чанар энэ шүү дээ. Цаг хугацаа, орон зай ч тэлж өөрчлөгдсөөр байдаг. Гэтэл үзэл санаа, номлол нь хувьсахгүй бол царцуу журам болж хөгжлийг тушдаг. Жүши үзэл гараагаа авч эхлэхдээ Хятадыг урагш түлхсэн хэрнээ яваандаа тухайн үеийн дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй энэ гүрнийг хэдэн зуунаар царцааж орхисон юм. Энэ үхшрээд зогсчихсон үзлийн сүүдэр Японыг ч бас хэдэн зуунаар царцаачихсан юм шүү дээ. Бакуфугийн үе л дээ. Мэйжийн эрин бол товчхондоо өмнөх догма болсон үзэл, ойлголтуудаас чөлөөлөгдсөн явдал юм. Гэтэл өдгөө либерал үзэл догма маягтай болоод хөшиж орхижээ. Аз болоход япон бол япон. Тэдний бүх зүйл гагцхүү японых л байдаг. Японы либерал үзлийн замнал ч тэс өөр үндэстэй. Тус улсад либерал үзлийг анх таниулсан Фүкүзава энэ үзлийн гол цөм болсон аминч үзэл, хувийн эрх чөлөөний талаар ганц үг ч ганхийгээгүй юм шүү дээ. Шинэ японд хамгийн амин чухал хэрэгтэй хамтач чанартай зөрчилдөх учраас л зориуд алгасчихсан хэрэг. Японы либерал намыг үндэслэгч Итагаки Тайсүке хүртэл либерал үзлийн хувиа хичээх ойлголтыг өөрчилж, харин ч эсрэгээр нийгэмч, хамтач чанар болгочихсон юм. “Эрх чөлөө бол өөрийгөө үл хайхран нийгэмдээ хариуцлага хүлээх чанар юм. Япончуудын амин хувиа эрхэмлэдэг чанарыг өөрчлөхийн тулд тэдэнд нийгмийн болон хувийн эрх ашиг нэг зүйл болохыг ойлгуулж хэвшүүлэх нь либерал намын зорилго. Нийт япончуудыг төгс эрх чөлөөнд хүргэхийн тулд хүн бүр амин хувиа хичээх үзлээс салж, нийгмийн сэтгэлгээтэй болох ёстой” гэх маягаар Тайсүке тунхаглажээ. Энд либерти буюу Эрх чөлөө гэсэн үндэсийг голлож харин чиглэлийг нь зориуд сольсон байна. Япон хэзээд юуг ч зөвхөн өөрийнхөөрөө хийж чаддаг. Тэд нэр томъёонд баригдаж түгжигдэх хүмүүс биш. Өнөө цаг бол олон жилээр түгжигдэж хашигдсан үзэл санааны булшнаасаа гарах цаг. Энэ л жинхэнэ төгс либерти, бас төгс ардчилал шүү дээ. Ингэхэд, юу Японы эдийн засгийн өсөлт, төрөлтийг хүртэл зогсоогоод байгааг би чамд хэлчихье. Тэнд үзэл санаа хуучирчээ. Японы өөрийн, оргилуун, сэргээж бадраасан шинэ үзэл санаа огт алга. Үүнээ дагаад бүх зүйл хуучирч хөгширч байна. Уйтгартай, сонирхолгүй, итгэл тэмүүлэлгүй болсон байна. Залуусд шинэ оргилуун эрч хүчний ундарга хэрэгтэй. Цоо шинэ, гал халуун итгэл найдвар, тэмүүлэл хэрэгтэй. Үүнийг хийж чадвал япончуудын сэтгэлгээ, эд эс сэргэн бадарч, билэг оюун, эдийн засаг, төрөлт нь ч өсөөд л явчих юм шүү дээ. Гири нинжо дээр шинээр соёолуулан Үндэсний амин сүлдээ сэргээ гэж тунхаглаж байна.
Харамсалтай нь аялагчийн эрчим дуусч бидний яриа зогссон юм. Гэвч энэ яриа цаашаа хүрээгээ тэлж үргэлжилнэ. 1981, 2001, 2018 онуудад болсон эдгээр ярилцлагуудын зорилго бол өөрийн эх орондоо өндөр дээд ёс суртахууныг буй болгохоос өөр юу ч биш. Гэвч ёс суртахуун гээч нь амар томъёологдчихдог, тэр тусмаа хүн ардад амар хэвшээд суучихдаг эд биш. Өнгөрсөн зуунд “Нийгмийн өмчийг хайрлан хамгаалах, намдаа үнэнч байх, шударгаар хөдөлмөрлөх, хамтач нийтэч байх” хэмээн томъёологдсон социалист ёс суртахууныг хамгийн үнэ цэнтэй зүйл болгон тунхаглаж, нийт иргэдэд суулгах гэж цэцэрлэгийн наснаас нь эхлээд хүн бүрд цээжлүүлж, шалгаж, үүнийг зөрчигсөдийг матаж, цагдан байж хэвшүүлсэн юм. “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач...” гээл бид чинь цээжилж, шалгуулдаг байлаа шүү дээ. Гэтэл 1990 онд өнөөх хэвшиж дасаж явсан үнэт зүйлс маань бүхэлдээ нуран унаж хувийн өмч, хувийн эрх чөлөөний галзуурал үерлэн орж ирэв. Амтай бүхэн элдэв ЭРХ-ийн тухай чалчиж, анхны ерөнхийлөгчөөсөө эхлэн хувийн өмч, мөнгөний хойноос хошуурцгаан, ёс суртахуун гээч нь хамгийн үнэ цэнгүй хог болж хаягджээ. Хар амиа хичээх, амар хялбар аргаар баяжих, ямар ч хамаагүй аргаар мөнгө олох нь бүх нийтийн дээд эрмэлзэл болов. Шударга бус явдал, ханаж цадахыг мэдэхгүй шунал, хулгай луйвар дээд давхаргаасаа жишиг болж доошлон, нийт монгол хүний мөн чанар болчихлоо. Баяжиж, мөнгөжихийг эрхэмлэсэн атлаа яагаад хөгжиж гавьсангүй вэ? Хөгжих бүх боломж нь тасралтгүй хулгайлагдсаар байгаа учраас. Яагаад хулгайлагдаад байгаа хэрэг вэ? Ёс суртахуун үгүй болсон учраас. Адаглаад л ёс суртахуун нь ёроолд уначихсан газарт хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид итгэлгүй хандаж, өгвөл өөрсдийн авах хувиа болон хүүгээ чинээнд нь тултал өсгөн тооцож л жаахан юм дуртай дургүй хаяна. Үгүй бол үгүй. Ёс суртахууны үнэлгээг хэмжиж баршгүй. Ингэхэд хөгжлийн тулгуур нь ёс суртахуун юм гэдгийг бид японоос бэлхнээ харчихаж болно. Манайх шиг гуравхан сая хүн амтай, илэрч тогтоогдсон нөөцийг нь тооцоолбол 306 тэрбум долларын зэс, 62 тэбум долларын алт, 30 тэрбум доллароор үнэлэгдэх төмрийн хүдэртэй, 128 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, фосфор 28, цайр 16, уран 4, мөнгө 2 гэх мэтчилэн дандаа тэрбум доллароор хэмжигдэх, нийт нөөц нь 1,3 их наяд доллароор үнэлэгдсэн, дээрээс нь бүртгэгдээгүй асар их баялгийг хөрсөндөө хадгалсан, бас тасралтгүй үржих 80 сая малтай, дайн болон шашны мөргөлдөөнгүй ийм улсад ёс суртахууныг дээрээс жишиглэн доош хэвшүүлчихвэл юун Швейцари цаашаа болтлоо гозойгоод л босоод ирнэ шүү дээ.
Нэгэнт л ёс суртахууныг зорьсон учраас үүнийг хэвшүүлэх дардан замыг ч хамтад нь тооцоолох учиртай. Хамгийн гол зам нь дээр яригдсан Үндэсний Амин Сүлд. Энэ бол зөвхөн ёс суртахуунаар хязгаарлагдахгүй агуу том зүйл. Үүн дээр үндэсний сэтгэлгээ, соёл, ёс суртахуун бүгд суурилна. Эхний нийтлэлүүд маань энэ агуу их далайгаас салаалсан Ёс Суртахуун хэмээх горхийг дагаж хөвнө. Гэхдээ ёс суртахууныг гүнзгий, нэг мөр тогтоох арга нь түүний үндэс язгуур болох Үндэсний Амин Сүлд байх учраас энэ удаагийнхаа аяллын жолоог ийш хандуулсан хэрэг.
Бас нэг зам нь дээрээс доош үлгэрлэх. Адаглаад л сонгогчид нэр дэвшигчдийн ёс суртахууныг онцгойлон анхаарч санал өгөөд хэвшчихвэл төр цэвэрлэгдэнэ. Кацү шиг улс үндэстнийхээ төлөө эд эс бүхнээрээ асан дүрэлзэх нь байг гэе. Токугава Ёшинобу шиг цаг үеийн шаардлагад нийцээгүй тул өвөг дээдсээс уламжлан ноёрхсон тогтолцоогоо өөрөө нураасан шиг өндөр ёс журмыг байг гэе. Өнөөгийн японы сайдууд шиг алдаа хийснийхээ төлөө ард түмнээсээ уучлал гуйн, доор гэгч бөхийн ёслоод огцордог хэмжээний ёс суртахуунтай нөхөдийг л сонгож байя гэсэн санаа. Зөв сонголт өөрөө тэднийг тийм болгочихно. Тэдний үлгэрлэл доошоо жишиг болон тогтох нь гарцаагүй. Ёс суртахуунаар нь хэмж, ёс суртахуунаар нь сонго. Бодит үлгэр дуурайлал бол ёс суртахууныг тогтоох дөт зам.
Өөр нэг зам нь хамгийн хатуу чанд ёс суртахуунтай улсыг жишиг болгох. Энэ бол мэдээж ёс суртахуунаараа дэлхийд гайхагдсан япон. Тэднээс приүс, ланд крүзер биш ёс суртахууны боловсролын технологийг нь импортол. Иймээс ч бушидогийн өндөр ёс суртахууныг нийт япончуудад хэвшүүлэх их замын эхэн болсон Мэйжи эринийг ухаж төнхсөн юм.
Эцэст нь Монголын Нууц Товчоо хэмээх монголчуудын ёс суртахууны иж бүрэн кодекс бэлхнээ байж л байна. Дээр Даадгар ахын яриаг дурссан учраас ахин нуршихаа зогсооё. Тиймээс Нууц Товчоогоо дээдлээд хадгалаад байх бус үйл явдал, код тус бүрээр нь задалж, яриа маргаан өрнүүлж, хүүхэд залуусд хялбаршуулан таниулж эхлүүштэй. Зиа ингээд амин сүлдийн эрэлд гарсан энэ удаагийн хайгуулаа өндөрлөе дөө. Цаашаа улам бүр асуудлын гүн рүү орж үргэлжлэх болно.
Д.Мөнхөл 2020-11-17
Мэйжийн шинэчлэл – 1867 онд Сүүлчийн шёогүн Ёшинобу төрийн эрх мэдлийг эзэн хаанд шилжүүлснээр бакүфү засаглал мөхөж, Мэйжийн засгийн газар байгуулагдсан нийгэм, улс төрийн их шинэчлэл.
Даймёо – Өөрийн харъяалсан газарт хамгийн том самүрай ноён. 270 гаруй даймёо байжээ. Манайхаар хошуу ноён.
Бакүфү – Шёогүний удирдлаган дорх феодалын тогтолцоот японы засгийн газар.
Ронин – Эзэн харъяалалгүй болсон хохь самүрай.
Ши Ноо Коо Шёо – Бакүфүгийн үеийн японы дээд анги давхарга болох самурай, мөн тариачин, гар үйлдвэрлэгч, хамгийн доод давхарга болох худалдаа эрхлэгч гэх дөрвөн анги давхарга.
Эх сурвалж:
http://news.trends.mn/n/55288

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)