Дурсамж яриа

2017-03-27,22:38
-Халтар манан хөөрөг гээд энэ их гоё дуу шүү.
-Таны нөгөө алддаг хөөрөг чинь халтар мана байсан билүү.
-Тийм жинхэнэ л халтар мана байсан. Нутагт байхад 5 үе дамжсан хөөрөг гээд 400 төгрөг билүү нэлээд хэдэн төгрөгтэй надад Намгаррэгзэн гээд миний нагац ах болох хүн өгч байсан. Яаж нагац болдгийг нь сайн мэддэггүй, нагац болох хүн гэдэг. Ганц охинтой байсан. Намайг очиход нэлээн бие нь тааруу охиноороо даалин шинээр хийлгээд миний халтар хөөрөгний эзэн ирлээ гээд өгч байсан юм.

Нэлээн сүүлд аавыг өнгөрдгийн өмнөхөн Эрдэнэ сум орчмын айлуудаар ажлаар явж байгаад ганц өвгөн байсан орхиод буцаад очиход байхгүй гээд өгөөгүй. Бас их сонин Казакууд ер нь их сайн мэргэлдэг. Цуг явж байсан хүмүүс мэргэлүүлье гээд нэг Казак мэргэн хүнээр мэргэлүүлэхэд орхисон айлд чинь л байна. Гэхдээ өгөхгүй юм байна. Өгөхгүй бол өөрөө удахгүй өнгөрөх юм байна гэж мэргэлсэн. Яг тэрүүгээр нь л болсон. Нөгөө өвгөн удалгүй өнгөрсөн гэсэн.

Тэгээд тэр хөөргийг алдсаны дараа гэртээ ирээд түгжрээ болоод эмч ирээд үзэж байхад Далхаа ах нэг хүнтэй байж байгаад авч явна гэхэд нь битгий яв гэж дохиод байсан. Тэгэхээр нь таньдаг эмч байсан эмчээс нэлээн гуйгаад жоохон хараад болохгүй бол хурдан очъё гээд үлдсэн. Чи өөрөө мэднэ шүү дээ, ямар аюултайг болохгүй авч явна гээд байсан. Тэгээд гуйж байгаад үлдэхэд Далхаа ахтай хамт ирсэн хүн нь судас барьж үзээд шар тос байна уу гээд, Далхаа ах байгаа гээд гэрээсээ очиж 2л шар тос авч ирээд хайлуулж нэг бүтэн аяга уулгасан. Бусад тос шиг биш шар тос бол тэгээд орчихдог юм билээ. Тэгээд хүчтэй залуучууд олоод ир гээд Банзрагч гуайн Батаа, Баяраа 2-ыг дуудаж ирээд орны бүтээлгэн дээр тавьж байгаад нэлээн хүчтэй зайлж сэгсэрсэн.

Тэр шөнөө унтаад аавтай хамт хадан хясаан дээгүүр морьтой явж байгаад хоёулаа морьтойгоо доошоо нислээ гэж зүүдлээд, аав миний хүү дөрөөгөө мултал, дөрөөгөө мултал гээд байсан, намайг хэлээд байх юм өөрөө мултлахгүй гэж бодоод л, тэгээд дөрөөгөө мулталсан чинь хаднаас цухуйсан модон дээр тогтож үлдээд, аав 2 морьтойгоо доошоо ниссэн. Тэгээд хүн сонин бас тэгээд л боддог юм билээ ингээд амьд гарах шиг боллоо гэхдээ одоо эндээс яаж гарах вэ дээ, эндээ ингээд үхэх юм байна гэж бодоод хартал хадны завсар байж таараад тэрүүгээр дамжиж амьд гараад сэрсэн. Сэрэхэд нэг их бие засмаар болсон байсан гараад бие засахад өтгөн гараад зүгээр болсон. Харин өглөө нь ажил дээр очиход дарга дуудаад чамайг хайгаад гэж хүмүүс хэлээд дарга дээр ороход дүү нар Цэцэгээ, Ганбаатар нар байсан байх хотоос даргын өрөөний утсаар холбоо бариад аав өнгөрснийг хэлсэн. Тэгээд хамт нутаг явах уу гээд хамт явж ажил явдалд нь оролцож байсан. Тэгээд тэр хөөргийг миний амьны гарзанд гарсан юм болов уу гэж бодож явдаг юм...

Юм гэдэг учиртай шүү...

төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 113 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)