Монгол улсын байгаль орчин, гол мөрөн, ой мод, Үндэсний аюулгүй байдал аюулд орлоо

2015-2-24,11:43

Та бидний сонсож дуулснаар "Урт нэртэй хууль" хэмээх хууль, энэ хуульд цагаан сарын битүүний өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэе. Мөн Ноён уул гэх ганцхан уулын тухай яриа энэ биш юм шүү. Та Монгол хүн бол үүнийг заавал уншихыг танаас хүсэн гуйж байна.

ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ хуулийн тухай:
Хууль нь 2009 оны 7-р сарын 16-ны өдөр батлагдсан бөгөөд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар анх батлагдсан бөгөөд сүүлийн хэдэн жил энэ хууль нь уул уурхайн хөгжлийг хааж боож байна гэж Алт олборлогчид, уул уурхайн цөөхөн компани, гадныхан дургүйцэж тэмцсээр ирсэн юм.

Уг хуулийн 4.6-д

    Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.

гэж заасан байдаг бөгөөд энэ нөхөн олговрыг авч чадаагүй хэмээн, мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхэж байна гэж тайлбарлацгаадаг юм. Гэвч энэ тийм биш. Үнэхээр нөхөн сэргээлт хийсэн үү? Зүгээр л төрөөс мөнгө нэхэж байгаа юу? Энд бас хийх зүйл их бий гэдгийг түр орхиод гол зүйлээ бичье.

Энэ хууль бол яг л улаан гэрлээр зогсож, ногоон гэрлээр яв гэдэг шиг уул уурхайг болох газар нь хай олборло, харин бидний ирээдүй, уух ус, идэх хүнс, амьсгалах агаарын эх үүсвэр болсон хэсэгт ухаж болохгүй гэдгийг л заасан хууль байсан. Гэтэл энэ 2015 оны 2-р сарын 18-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр энэ хуулийг бараг л ямар ч ашиггүй зүгээр нэр төдий зүйл болгож хувиргаж байгаа юм. Байгаль дэлхий, ус, ой мод бүгд хоорондоо нарийн шүтэлцээ холбоотой оршин байдгийг та бид мэднэ. Гэтэл 200 метрийн зайтай л байх юм бол нэг нь зүгээр үлдэх юм шиг Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд асар аюултай хуулийн өөрчлөлт орууллаа.

Хуульд өөрчлөлт оруулсан үндэслэл нь:

    *Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алтны тодорхой ордуудыг ашиглах.

гэнэ. Тэгвэл энэ нь тодорхой хэдхэн уулзвар дээр л улаан гэрлээр нэвтрүүлдэг болгохын тулд нийт замын хөдөлгөөний дүрмийг улаан ногооноор зэрэг явуулдаг болгоё гээд дүрмийг нь өөрчилж байгаагаас ялгаагүй зүйл болжээ. Бүх голуудын хувьд энэ хууль үйлчилж бид гол усаа ширгээж газар нутгаа бохирдуулах дээрээ тулчихлаа.
Энэ хуулиар боломж олгосны дагуу та бидний махыг идэх малын бэлчээр үгүй болж, бохирдож, бас ус нь ширгэж, дээр нь уул уурхайн химийн хорт хаягдлаар бохирдох болно. Бид тэр нутагт бэлчсэн малын махыг иднэ, яваандаа тэр мал үхэж дуусах үед бид идэх хүнс, уух ус ховордон Африкийн улс шиг л болно. Бас бид зун аялах газар, гадаадын жуулчдыг татан аялуулах аялал жуулчлалын салбар маань ч лөөлөө болно. Мөн гадаад руу мах, малын гаралтай бүтээгдэхүүн экспортоор гаргаж худалдах боломж маань ч байхгүй болох нь дээ.

Мөн бид өнөөг хүртэл алт ухсан компани, уул уурхайг хөгжүүлсэн компаниуд дотроос Эрдэнэтээс бусдаас нь олигтой ашиг олж чадаагүй. Гэтэл одоо энэ олон уурхайг дэмжиж, ингэж ухуулаад ашиг олох уу? ҮГҮЙ!!! Тиймээс бид өөрсдийнхөө төлөө тэмцэх цаг иржээ. Бид энэ хуулийг тайван жагсаал цуглаан хийж, бүх өөрийн сувгаар ярьж хэлж тэмцэж, төр засгийн энэ буруу шийдвэрийг буцаах хэрэгтэй байна. Энд хэн нэгнийг буруутгаж, эсвэл шийтгэж, эсвэл зэвсэг бариад тэмцэх талаар яриагүй юм шүү. Бид дэлхийн бусад оронд Америк, Японд байдаг шиг зүгээр тайван, ямар нэгэн хүчирхийлэл, бухимдалгүй жагсаал цуглааныг олон нийтээрээ зохион байгуулан тэмцэхийг уриалж байна. Бүх Монгол залуусаа ирээдүйнхээ төлөө, эх орныхоо төлөө нэгдэцгээе. Бидэнд дуугай суух, ажиглаж харах эрх байхгүй, цаг хугацаа байхгүй. Энэ зүйл дээр л ганцхан тэмцэж, ганц энэ хуулийг бид хамгаалах ёстой. Дэмжиж байвал энэ бичвэрийг хуулан тараагаарай. Нэр, эх сурвалж дурдахгүй байж болно. Хамгийн гол нь олон Монгол хүнд үүнийг ойлгуулъя. Цаасан дээр хэвлээд тараасан ч болно шүү дээ. Ухаалаг, бас бусад тэмцэж буй хүмүүсийг зөв буруу гэж хардалгүй энэ хуулийн өөрчлөлтийг буцаахын төлөө бид яг одоо тэмцэхгүй бол оройтох болно.
Уул уурхайг дэмжигчдийн хэлдэг нэг үг бий. "Бид ухахгүй бол, бусад нь өрсөнө" гэдэг. Энд би болсон явдал гэхэд онигоо шиг зүйлийг бичье. Найз маань Германаас ирэх замдаа Москвагийн онгоцны буудал дээр онгоц дамжиж суух үедээ онгоцонд дараалалд зогсон орж байхад хоёр нөхөр хөлсөө гоожуулан урдуур дайраад л орж гэтэл мань хоёр Монголын нэлээн дээгүүр албан тушаалын 2 хүн байсан гэж байгаа. Бусад бүх хүн дараалалд зогсоод орж байхад шүү дээ. Үнэн хэрэгтээ бол онгоцонд бүх суудал тасалбарын дагуу бүх хүн орж заасан суудалдаа суудаг. Бас нэгэн хошин явдал, эмгэнэлтэй ч гэмээр. Сая 1 сард Япон руу компанийн групп аялалын хөтчөөр яваад ирсэн хөтөч бүсгүй ирээд ингэж ярьсан юм. Монголчууд маань нээрээ л бүдүүлэг юм аа уг нь гайгүй боловсролтой, гайгүй албан тушаал хашдаг хүмүүс гэж бодсон чинь дараалал дайрч урдуур зүтгээд, намайг хэлэхээр "би тэгж дараалалд зогсож доошоо орохгүй" гэх юм гэж ярьж билээ. Хэдийгээр цөөхөн хүн ч гэсэн үүнийг гадаадад "Монголчууд бүдүүлэг" гэж л харагдуулж буйн адил "тэвчээргүй" зүйл юм. Үнэндээ бол нүүрс үнэ цэнээ алдана гэдэг бол хаана ч байхгүй худал зүйл. Өнөөдөр нано технологиор хамгийн нимгэн, хамгийн бөх бат материалыг нүүрснээс гаргаж авч, нүүрснээс шатдаг хий, шатахуун, хамгийн хатуу алмаасыг гарган авч байна. Тэгвэл ийм зүйлийн түүхий эд үнэгүйдэх үү? Ингэж худлаа ярих нь зүгээр л цөөн хэдэн хүний ашиг сонирхол л юм. Түүнээс хэн ч биднээс өрсөхгүй, бас бид уул уурхайн түүхий эдийн хувьд өрсөж, түрүүлж, хурдан зарах биш түүхий эдээ боловсруулж, үнэтэй, гуйлгаж байгаад, зарах худалдах боломжтой.

Нэг ёсондоо бол зарим хүмүүс Янхан хүүхэн шиг сэтгээд байна л даа. Угтаа бол бид Хааны Гүнж шиг сэтгэх хэрэгтэй байна. Хэн ч тоохгүй янхан хүүхэн Хөрөнгө оруулагчид хэмээх баян нөхдүүдэд тоогдох гээд, нөгөөдүүл нь тоохгүй байгаатай ижил зүйл сэтгэж байна. Янхан хүүхэн шалдлаад дээшээ хараад хэвтээд байгаа мэт үзэл бас тэр үзлийн суртал ухуулга юм. Угтаа бол манай улс байгалийн олон баялагтай, бусдын нүдэнд бол Хааны гүнж шиг зөвхөн Хан хүү ирж л уурхайд хөрөнгө оруулахаар ажиллах ёстой. Манайд одоо дэлхийд хамгийн муугаар дуудагддаг, засгийн газрыг лоббиддог, худалдан авдаг, тухайн улс орныг сүйрүүлдэг, нэр хүнд муутай, Хятад, Канад, Францын хамгийн муу компаниуд хөрөнгө оруулах нэрээр манайхныг хойноосоо гүйлгэдэг. Манайхан өөрснөө янхан хүүхэн шиг аашлахаар арга ч үгүй биз. Бусад том компани, Япон, Германчууд бол тоохгүй өрөвдөөд л харж суугаа.
Бас Монголчууд бидэнд онгон дагшин байгаль, тэр байгальд тарьж ургуулсан ургамал, тэр байгальд бэлчиж буй мал гээд дэлхийд одоо хамгийн үнэд орж эхэлж буй "Байгалийн гаралтай, органик цэвэр хүнсний ба малын гаралтай бүтээгдэхүүн" байна. Түүнийгээ хамгаалахын тулд бид уул уурхайг дээрх хуулиар хязгаарлан барьж, зөвхөн боломжтой газруудад явуулах хэрэгтэй.

Ноён уулын төлөө тэмцэж буй залуусыг дэмжиж байгаа маань үүний зөвхөн өчүүхэн хэсэг. Энд ганц уулын тухай яриа биш Монгол улсын ойтой, устай бүх хэсгийг хамгаалах тухай яриа, Монголчуудын ирээдүйг хамгаалах тухай яриа юм шүү гэдгийг уншигч таныг ойлгоосой гэж хүсэж байна.

2015-02-24    Ү.Даваадорж

төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 201 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant