Л.Н.Гумилев. Их талын хүмүүс ба байгаль
Монголчууд бид түүхээ огт өөрөөр үзэх цаг болж байна. Гадаад эрдэмтдийн олонхи нь монголчуудыг хамгийн “зэрлэг”, “хоцрогдсон” гэж үздэг үзэл одоо ч гэсэн амь бөхтэй байдаг юм. Гэхдээ этнологийн шинжлэх ухааныг үндэслэгч Лев Николаевич Гумилев бол энэ тогтсон үзлийг сөрөн зогссон эр зоригтон билээ. Түүний бичсэн нэгэн чухал өгүүллийг Та бүхэнд орчуулан толилуулж байна. Энэ өгүүлэлд Та бүхний үзэл бодолтой таарах, бас үл таарах зүйл гарах нь мэдээж бөгөөд энэ тохиолдолд Та өөрөө цааш нь эрэгцүүлэн бодох эрхтэй шүү дээ. Оросын Саша Желязняковын өгүүллийг орчуулж баахан загнууллаа. За, Оросоос болдоггүй юм бол Баруунаас орчуулъя гээд Самуюэль Хантингтон, Питирим Сорокин нарыг орчуулсан чинь бас л баахан загналаа. Эд чинь бараг л дэлхийн №1 хүмүүс шүү дээ. Баярлалаа гэсэн үг ганцыг ч сонссонгүй. Дэлхийн том эрдэмтдийн өмнөөс дандаа загнуулаад байх хүсэл надад даан ч алга. Орчуулахгүй болохоор “Нууц Товчоо”-оос нэг их хэтрэхгүй юм байна ш дээ, манай зарим сэхээтнүүд…
Нүүдэлчдийн түүхийн зарим нарийвчлалыг тайлбарлахуй
Дорнод Ази нь МЭӨ IY-III зууны үед анхлан баригдсан Хятадын цагаан хэрмийн өргөрөгийн дагуу илт мэдэгдэх газар-нутаг-цаг уурын хил болон хуваагддаг. Түүнээс өмнө зүг зөөлөн уур амьсгалтай бүс оршино. Эрт дээр үед тэнд субтропикийн ой ургаж байсан бөгөөд хожим нь энэхүү үржил шимтэй газрыг хагалж ашигладаг тариаланчид байжээ. Эндээс хятадын эртний нэр Дундад тал газар гэсэн нэр үүсчээ. Умарт зүгт нь аажмаар говь цөл болон шилждэг хуурай тал нутаг үргэлжилнэ. Нөгөө зүгт нь мөн л хуурай тал газраас уулын тайгын арвин их чийгтэй нуга болон аажмаар шилждэг, заримдаа бүр баруун тийш Хэнтий, Хангайн нуруудыг дамжин үргэлжилсэн нутаг оршдог. Энд эрт дээр үеэс түрэг, монгол, европеид угсаат динлин нарын өвөг болох анчид, загасчид амьдарч байжээ.
МТӨ II зуунд талын уугуул угсаатнууд (этнос) суурин амьдарч, тэдний зарим нь газар тариалан өргөнөөр эрхэлж, суурин мал аж ахуйтай байжээ. Гэвч МТӨ I зууны дундуур аймшигт хуурайшилт болж, усалгаат газрын хөрсний давхрааг эвдэж, элсэрхэг болгожээ.
Салхи элсийг тал руу хийсгэж, түүний ихэнх хэсгийг газар тариаланд тохиромжгүй болгов. Гантай үеүдэд өвс ногоо ховордож, мал сүргийг өвс ногоо байгаа газарт адгуулах болж, мал аж ахуйд шилжив. Ингэж энэхүү тал нутагт нүүдлийн мал аж ахуй үүсэв. Нүүдлийн мал аж ахуй нь цаг уурын хэлбэлзэл, эртний газар тариаланчдын аж ахуйгаа эрхлэх явдлыг хослуулахад үүссэн нөхцөлд аж ахуйн системийг зохицуулах арга болон үүссэн юм.
НТӨ IX-YIII зууны зааг үед Төв Азийн тал нутагт Хүннүчүүд (Хүн-Орч) тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан нүүдэлчин угсаатны бүрдэл үүсэв. Энэ бүрдэлд динлинчүүд, дунху нар (сяньби (сүүлийн үед Хятад гаралтай Сяньби гэдгийг Сүмбэ гэж нэрлэх заншил тогтож байгаа-Орч) болон монголчуудын өвөг), усун нар, Амду болон Куньлун уулын дэвсгийн нүүдэлчин төвдүүд мөн орж байв. Энэхүү угсаатны бүхэллэг нь эртний Хятад болон иран хэлт Туран (юучжи)-ы эсрэг сөрөн зогсч байсан юм. МТӨ 209 он хүртэлх нүүдэлчдийн түүх бичгийн сурвалжид бараг тэмдэглэгдээгүй ч энэхүү үеийн төгсгөл хэсэг нэлээд тодорхой байдаг юм. Хүнчүүдийн ихэнх хүч хан (хятад) улсын түрэмгийлэлийг няцаахад чиглэгдэж, ингэснээрээ ч Тал нутгийн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг МТӨ I зууны сүүл хүртэл хамгаалж чадсан юм. 93 онд Сүмбэчүүдэд цохигдсон Хүннүчүүд дөрвөн хэсэгт хуваагдаж, зарим нь сүмбэтэй холилдож, хоёрдахь нь Семиречье-д суурьшиж, гуравдахь хэсэг нь Европ руу явж, дөрөв дэхь нь хятадад орж улмаар тэндээ сөнөсөн юм.
Нүүдэлчин угтсаатуудын хоёрдахь сэргэлт нь YI зууны дунд үед хамаарна.
Энэхүү сэргэлтийн үр дунд Ляохэ-ээс Дон хүртэлх тал нутагт амьдран суугчдыг нэгтгэсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан юм. (Манай түүхэнд гардаг түрэг гэдэг нь одоогийн туркээс огт өөр угсаатан болно-Орч). Цар хэмжээгээрээ Түрэгийн хаант улс Хүнчүүдээс давж байв. 200 жил оршин тогтнох хугацаанд энэ улсад мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй юм.
Энэхүү консерватизмыг Түрэг улс бараг өөрчлөгдөөгүй нөхцөл байдалд Суй болон Тан улс, Иран болон Арабын халифаттай, мөн түүнчлэн эзлэгдсэн боловч эцсээ хүртэл захирагдаагүй байсан талын аймгууд, ялангуяа уйгарчуудтай тасралтгүй дайтаж байснаар зарим талаар тайлбарлаж болно. Энэ үед кипчакууд (половчууд), кангарчууд (печенегүүд), карлукууд, киргизүүд, (динлинчүүдийн удам), түркменүүд (парпянчуудын удам), мөн монгол хэлт киданчууд зэрэг олон ард түмэн булаан эзлэгчдийнхээ соёлыг хүлээн авч, түүнийгээ 745 онд Хаант улс сөнөсний дараа ч хадгалж байжээ.
Уйгарчууд ираны (манихей) болон византын (неисториан) үзэл суртлыг шамдуу авсан боловч Орхон гол дээрхи өөрийн эртний феодалын улсаа бэхжүүлэх чадваргүй болж, 840-847 онуудад енисейн киргизүүдэд бут цохигджээ.
Үүний дараа тал нутагт XII зуун хүртэл ямар нэг тогтвортой давуу байдал ажиглагдахгүй байсаар түүхийн эргэлтэд Тал нутгийн төдийгүй нийт тивийг хамарсан эзэнт гүрэн байгуулах зүрчид, монгол хоёр аймаг нэгэн зэрэг гарч ирлээ. Төв азийн бүх ард түмний хувьд нийтлэг нэгэн зүйл нь хятадын соёлыг үл тэвчих явдал байв. Жишээлбэл: түрэг хятадын эсрэг илэрхий чиглэсэн өөрийн гэсэн үзэл суртлын системтэй байсан.
Уйгарын хаант улс мөхсөний дараа уйгарчууд манихейн шашныг, карлукууд исламыг, басмалчууд болон онгуудууд несториан шашныг, төвдүүд буддын шашныг энэтхэгийн хэлбэрээр нь авцгаасан, харин хятадын үзэл суртал цагаан хэрмийг давж чадаагүй юм. Бие даасан байдлын төлөө Тан улстай хийсэн тэмцлийн шийдвэрлэх хүчин зүйл нь тал нутгийнхан биш, харин Киданыг ниргэж, хятаджсан Ляо улсыг 1125 онд устгаж, дараа нь Сүн улсыг ялсан алс дорнодын ойн ард түмэн болох зүрчид нар байлаа. Зүрчдийн тухай хятадын түүхийн уялдаат мэдээ нь X зуунд хамаарна, харин XII зуунд энэ хоёр ард түмэн тулалдаж, цус урсгасан дайн зүрчдийн талд ашигтайгаар шийдвэрлэгдэв. Түүхийн алслалаас үзвэл зүрчид нар хятад руу довтолсныг урд өмнө нь Тан улсын цэрэг Алс дорнодын ойн мужид довтолж байсны хариу гэж үзвэл зохино. Кайфынаар төвлөсөн Сун улсыг байгуулах гэсэн оролдлогын эсрэг тэмцэлд талынхан биш ойн ард түмэн боссон юм.
Тэд тал нутгийнхаа адил хятадын соёл иргэншлийн материаллаг талыг хялбар эзэмшиж, өөрсөддөө харш күнзийн үзэл суртлыг тоолгүй орхисон юм.
Зүрчид нь Хуай гол хүртэлх хойт хятадыг эзэлмэгц дайны тэргүүн шугамыг өмнө зүгт шилжүүлэн байрлуулахдаа эзлэгдсэн хятадуудтай холилдоогүй юм.
Манжуур дахь Зүрчидийн хотуудын тууринаас олон тооны хятад эдлэл олддог нь энд хятадын соёл нэвтэрснийг биш, харин дайны олз ихтэй байсныг харуулдаг юм. Зүрчдийн хаадыг хятадын сурвалжид Чин улс гэж (шууд орчуулга нь түрэг-монголын алтан гэсэн үг) нэрлэдэг байсан ч XII зууны үед хятадууд энэ улсыг харийн, дайсагнагч улс хэмээн үзэж ”зэрлэгүүдийн“ эсрэг тэмцлээ зогсоогоогүй юм. Зөрчлийн зангилаа хэтэрхий нягт байсан болохоор түүнийг XIII зуунд зөвхөн Чингис л тайлж чадсан билээ. XIII зуунд Монголын эзэнт гүрэн байгуулагдсан тухайгаас илүүтэй цөөн тооны түүхэн үзэгдлийн тухай гажуудсан үзэл бодол бий болсон ч байж магадгүй. Монголчуудыг бусад ард түмэнд сөргүүлэн хэтэрхий хэрцгий, цусанд дуртай, бараг л дэлхийг эзлэх хүсэлтэй гэж бичицгээдэг. Энэхүү үзэл бодлын анхдагч суурь нь булаан эзлэгчдийг үзэн ядсан XIY зууны үеийн монголын эсрэг агуулгатай олон тооны зохиолууд болсон юм. Эртнээс илэрхий болсон түүхэн шүүмжлэлийн тодорхой зүйл рүү оролгүйгээр ердөө л хэдэн тоо авч үзье.
XIII зууны эхэн үеийн монголд янз бүрийн аймгийн 700 мянга орчим хүн амьдарч байв. Гэтэл Хойт болон Өмнөд хятадад 80 сая, Хорезмын улсад 20 сая орчим, дорнод Европод ойролцоогоор 8 сая хүн амьдарч байлаа. Хэрэв хүн хүчний харьцаа ийм байхад монголчууд ялалт байгуулсан нь тэдгээрийн эсэргүүцэл бүхэлдээ маш сул байсан гэдэг нь тодорхой байна. Үнэхээр ч XIII зуунд монголын хөршүүдэд феодализмын хямралын эрин үе болж байсан юм. Эсэргүүцэгчдийг устгаж байсан тэмцэлтэй холбогдуулан зарим баримтыг авч үзье. Зүрчидүүд 1135 онд дайтаж, монголчуудыг биет байдлаар ниргэсэн.
100 жилийн дараа монголчууд ялсан, гэхдээ зүрчдүүдийг устгаагүй. 1227 онд монголчууд Тангадыг эзэлсэн, харин тангад хэл дээрхи Хар хотын тухай гар бичмэлүүд нь уг хотын соёлын хөгжил XIII зууны үед ч байсныг гэрчилдэг. 1372 онд монголчуудын эсрэг дайтсан Мин улсын хятадууд Тангадын газар нутгийг эзэлсэн ба тэр цагаас хойш тангадууд байхгүй болсон. 1208 онд половчууд монголын дайсан болох мэргэдүүдийг авсан учраас тэдэнтэйгээ хамт нэрвэгдсэн. Хорезмшах Мухаммед бүх үеийн ёс заншлыг зөрчиж, монголын албатуудыг цаазалж Чингисийн элчийг доромжилсон учраас дайн дэгдэж Хорезмийн улс мөхсөн, гэхдээ Дундад Азийн түрэг болон иран хүн ам ямар ч гэсэн бүтэн үлдсэн юм. Мэдээжийн тэр үеийн монголчууд дайнч нүүдэлчид байсан юм. XIII зууны үед энхийг эрхэмлэх явдлыг хаана ч, түүний дотор Европод давуу сайн зүйл гэж үздэггүй байсан, нүүдэлчин монголчууд “хэрцгий“ байдлаараа өөрийн цаг үеийн тэр л түвшинд байсан.
Хүнчүүд Аварчууд, зурчууд, хорезмчууд, полвчууд, загалмайтнууд бусад олон олон үндэстнүүд нь монголчуудаас огтхон ч илүү “сайн” байгаагүй. Монголчуудын татагдан орсон дайн нь Чингисийн хувийн муухай чанарын үр дагавар биш, харин феодалын улсууд өрсөлдөх үед, мөн идэвхитэй угсаатнууд тулгарах үед үүссэн нийгэм-эдийн засгийн зөрчилдөөний логик хөгжил болсон юм.
Түүхэн материализмийн онолд хангалттай нотолсноор ийм агуу их үйл явдал зөвхөн хааны олон аашнаас хамаарч болохгүй юм. Энд бид өөр зүйлийг тэмдэглэх ёстой. Яагаад монголчууд өөрийн хүч чадлын хязгаарлагдмал байдлыг мэдсэн хэрнээ дайнд аз туршин орж, ялалт байгуулсаар байсан бэ? Энд олон хүчин зүйлээс дараахыг дурьдаж болно: тэдний дайснууд өөрийн хүчийг хэтрүүлэн, дайсны хүчийг дутуу үнэлж байсан юм. Яг ийм үйл явдал YII зууны үед арабчуудад тохиолдсон бөгөөд тэр үед Халифатын хүчин чадлыг дутуу үнэлсэн Византи өөрийн эзэмшлийн тал хувийг алдаж, Иран тусгаар тогтносон юм. Ингэж үзэхдээ бид цэргийн чадварын тухай ч, нийгмийн процессын тухай ч мартаж болохгүй. XIII зууны феодалын улсууд чухамхүү нийгмийн процессын улмаас эрт задарцгаасан юм. Монголчуудыг ялалтад хүргэхэд тусалсан бат бэх зүйл юу байв?
Монголчуудын эх нутаг бол Хэрлэн голоос хойт зүгт Байгалийн чанад дахь зүүн талын хэсэг юм. Чингис одоогийн Зөвлөлт-Монголын хилээс хэдэн км зайд орших Дэлүүн болдог гэдэг газар төржээ. Энэ газар өргөн тал, ой шугуй хосолсон бөгөөд мал аж ахуйд ч, ойн ан агнуурт ч тохиромжтой байв. Одоо энд амралтын нөхцөл бүрдсэн байдаг. Зэргэлдээ нь X зууны гангаас аажмаар эдгэрч байсан тал нутаг үргэлжлэнэ. Малын билчээр нутаг сэргэхийн хэрээр Сибирийн хүмүүс Онон, Хэрлэн, Орхон, Сэлэнгийн хөндийд суурьшжээ. Монголчууд эртний Түргүүд цэцэглэж байсан газарт нутаглаж, тэднээс өмнө зүгийн хятадын түрэмгийллээс тал нутгийг хамгаалах түүхэн үүргийг уламжилж авчээ.
Монголын нийгмийн үндсэн элемент нь задралынхаа шатанд байгаа овог байсан юм. Овгийн толгойд язгууртнууд байсан бөгөөд тэдний төлөөлөгчид нь баатар, ноён, цэцэн, тайж зэрэг хүндэт цолтой байв. Баатрууд болон ноёд нь боол (мал болон гэр арчлах) ба бэлчээр олж авах аян дайныг голчлон толгойлдог байжээ. Нийгмийн бусад давхрагууд гэвэл нөхөр, харчууд (доод гарлын овгийн гишүүн-хар ястан) зэрэг байв. Боолууд бол овгоос гадуур байсан. Нэгэн цагт илүү хүчтэй хөршдөө ялагдсан юмуу түүнд сайн дураараа нэгдсэн (унаган боол) бүхэл бүтэн овгууд хувийн эрх чөлөөнөөсөө салдаггүй байснаас гадна эрхийн харилцааны хувьд ялагчдаасаа бага ялгагддаг байв.
Үйлдвэрлэх хүчний хөгжлийн түвшин, солилцооны худалдаа, нүүдлийн мал аж ахуйн онцлог нь албадлагын хөдөлмөрийг өргөн хэрэглэх боломж олгодоггүй байв. Боолыг голчлон гэрийн зарц байдлаар ашигладаг байснаас боолчлол нь үйлдвэрлэлийн харилцааны шинж чанарт чухал нөлөө үзүүлдэггүй байв. Гэхдээ бэлчээр нутгийг хамтран эзэмших, өвөг дээдэст тахил өргөх, цусан өшөө авах, үүнтэй холбоотой овог хоорондын дайн самуун зэрэг овгийн байгууллын үндсүүд бас л хадгалагдаж байсан. Энэ нь тодорхой хүнийг биш, овгийг бүхэлд нь хамардаг байв.
Монголчуудад овгийн хамт олон бол нийгмийн амьдралын үндэс болох тухай, овгийн хувь заяаны төлөө хүлээх хамтын хариуцлагын тухай, заавал харилцан туслалцах тухай төсөөллүүд бат шингэсэн байдаг
Овгийн гишүүн хамт олныхоо дэмжлэгийг ямагт мэдэрч, өөрөө хамт олны зүгээс ногдуулж буй үүргийг биелүүлэхэд ямагт бэлэн байдаг байв. Эдгээр овгууд нь зөвхөн зарчмын хувьд монголын хүн амыг хамарч байсан юм.
Овгийн байгуулал задарсантай холбогдон түүний сахилга бат дарамт болсон, бүх эрх мэдэл ахлагчид хамаарч, бусад нь ямар ч гавьяатай байсан хоёрдугаар зэргийн байр суурь эзлэх болсон олон хүмүүс бий болжээ. Юмны сүүл барих явдалтай үл эвлэрсэн тэр хүмүүс өөрийн овог, хүрээгээ орхин “урт дурын“ буюу “чөлөөт байдалтай” (хятад орчуулгаар байшень-цагаан биет буюу “цагаан яст”) хүмүүс болцгоожээ. Эдгээр хүмүүсийн хувь заяа ихэвчлэн эмгэнэлтэй байсан юм. Тэд нийгмийн дэмжлэгээс тасарч, талын хоморголон авлахаас хүнд хэцүү, ашиг муутай ойн ангаар амьдрах шаардлагатай болов. Түүний дээр монголчууд нүүдлийн шувууг бараг иддэггүй, загасыг арга ядсан үедээ л хоолонд хэрэглэдэг байсан.
Морь буюу хонь олохын тулд эдгээр хөөгдсөн хүмүүс системтэйгээр дээрэм хийдэг болов. Цаг хугацаа өнгөрөх тусам овог нэгтнээ зохион байгуулалттайгаар эсэргүүцэх отряд байгуулах, овгийн нэгдэл холбоотой тэмцэх удирдагчийг хайх болов. Ийм бүлгийн тоо тасралтгүй өссөөр байлаа. Эцсийн эцэст овгийн нас барсан удирдагчийн хүү, эд хөрөнгө, нийгмийн байдлаа алдсан, алдарт Боржигон овгийн гишүүн Тэмүүжин тэдний дунд орж ирэн хожим нь Чингис цолтой хаан болсон юм.
Энэхүү үйл явдал нь монгол болон түрэг хэд хэдэн овог нэгдэж, цэргийн нэгдмэл гүрэн болоход хүргэсэн юм. Овгийн аядуу (инертный) болон идэвхигүй хүмүүс”урт дурын хүмүүст “захирагдах болов.
Монголчуудын эхний дайсан зүрчид байлаа. Тэдний анхны дайн (1135-1147) монголчуудын ялалтаар өндөрлөв. Зүрчид нь хятадтай дайтаж байсан учраас өргөл барих үүрэг хүлээсэн юм. 1167 онд тэд “боолчуудыг цөөлөх, хүмүүсийг устгах” нэрээр тал нутаг руу дайрах дайралтаа сэргээж, энэ нь 1189 онд бодит үр дүнгүй дууссан юм. Гуравдахь шийдвэрлэх дайнд (1211-1235) Сун улсын хятадууд зүрчдийн эсрэг монголын холбоотон болон дайтсан боловч хэд хэдэн ялагдал хүлээж, дайны бүх хүндийг монголчууд үүрч гарсан юм. Монголчуудаас зүрчдийн газар нутгийг авахыг хятадууд монголчуудаас шаардав. Энэ талаар тохиролцох гэсэн оролдлого нь хятадууд монголын элчийг алсан явдлаар өндөрлөв. Энэ нь монголчуудын хувьд хүндрэлтэй сунжирсан дайнд хүргэсэн бөгөөд тэдний морин цэрэг өмнөд хятадын ширэнгэ ойд эргэж чадахгүй, бас хятадын цайзуудын эсрэг хүч мөхөсдөж байв.
1257 онд Урианхайдай жанжин багавтар отрядтайгаар дайсны ар талд цөмрөн орж, Сычуанаар дамжин Энэтхэг-хятадын хойгт хүрч, тэнд Сун улсын эсрэг нутгийн бирм, тай, вьетнам овгуудыг босгосны үр дүнд дайны шийдвэрлэх эргэлт болсон юм. Ийнхүү цөөн тооны монголчууд хятадчилах бодлогын обьект болохыг зөвшөөрөөгүй алс дорнодын ард түмнүүдийг нэгтгэснээр аварга том хятадыг ялсан юм. Монголчуудын ялалт ч дуусав. (Энэ нь Хубилай хаан бүх хятадыг эзэлж өмнөд Сун улсыг мөхөөсөн оныг хэлж байна-Орч). Монголчуудын амжилт ч дуусав. 80 жилийн байнгын дайны туршид “урт дурын хүмүүс” ба тэдний удмаас олон хүн үрэгджээ. Монгол нь ахин Хятад гэсэн илүү ачаатай ядуу орон болон хувирав. Энэ хоёр улс хоорондоо хэтэрхий их ялгаатай байлаа. Хубилай хаан ердийн нөхцөлд амрахын тулд талын өвс ногоотой газар өөрийн ордныхоо нэгийг барихыг тушаасан гэдэг.
Хятадууд ч үзэн ядаж буй тал нутгийнхныг дуурайхгүйн тулд удаан хугацаанд сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байв. Хэсэгчилсэн ассимиляци (цус холилдох) ч явагдсангүй, учир нь монгол хятадын эрлийзүүдийг хоёр угсаатны аль аль нь хавчин хяхаж, эцэст нь мөхөөдөг байв. Харин Мусульманчууд болон оросуудтай бол монголчууд дуртайяа гэр бүл болдог байв. Монголчууд зөвхөн иудейн шашинтан хүмүүсээс хятадуудаас илүү цэрэвдэг байжээ. Бүх шашны лам хуваргуудыг албан татвараас чөлөөлөхдөө зөвхөн раввинчуудаас (иудейн шашны хувиргууд-Орч) татвар авдаг байв.
Монголчуудын эсрэг хятадын тэмцэл ширүүсч хэд хэдэн бослого нэгдэв.
Тэдний нэг нь “улаан алчууртны” хөдөлгөөн байсан бөгөөд энэ нь ”Цагаан лянхуа” гэдэг нууц байгуулгын дохиогоор айлуудаар байрлаж байсан монгол цэргүүд орон дотроо хядуулсан 1351 онд эхэлсэн байна. Энэхүү үйл явдлыг хятадууд одоо ч гэсэн үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Зүчийн улс (Алтан орд), Цагаадай, Хулагу (Иран), Зүүн гараас гаралтай баруун монголчуудын хувь заяа арай өөр байсан юм. Эзлэгдсэн хятадаас хүч хэрэгслээ шавхан олж байсан Хубилайн хятадтай тогтоосон нягт холбоо нь 1259 онд монголчуудын дунд хагарал гаргав. Хубилайг эсэргүүцэгчид түүний ах Аригбөхийг хаан ширээнд залж, 1264 онд түүнийг нас барсны дараа Зүүнгарын Чингисийн угсааны ноён Хайдуг бас залав. Хувилайн талд Ираны монголчууд байсан юм. Хайду нь нүүдлийн уламжлалд тулгуурлан 1304 он хүртэл дорнод монголчуудын эсрэг дайтсан юм. Түүнийг Оросын ноёдуудтай холбоо тогтоосон Батын угсааны ноёд дэмжиж байв. Александр Невский энэхүү холбооны идэвхитэй гишүүн байсан билээ. Түүний нас барсны дараа ч гэсэн нэг талаас, монголын морин цэрэг ливоны рыцариудыг 1269 онд бут цохиход оролцсон, нөгөө талаас Доод Ижилд байсан хаад Юань гүрний талд байсан азийн нүүдэлчдийг Дорнод Европ руу цаашлан цөмрөхөөс сэргийлж байв. Монголчууд дорнод болон баруун (ойрд) гэж хуваагдах болов.
Ижил хавийн несториан шашинт монголчууд 1312 онд тэднийг хүчээр исламын шашинд оруулах гэсэн засгийн эрхийг булаагч хаан Узбект захирагдахаас татгалзав. Тэдний хэсэг нь дотоодын дайнд (1312-1315 он) үрэгдэж, үлдсэн хэсэг нь шашин нэгт Орос руу зүглэж, Куликовын талд Мамайг ниргэсэн Москвагийн цэргийн бүрэлдэхүүнд орж, хожим нь Литвийн дайралтыг зогсооход оролцсон юм. Ираны монголчууд 1295 онд исламын шашныг авсан. Тэдний удам хазарчууд эдүгээ Афганистаны тал газарт Хазараджатад амьдарч байна. Монголчуудын хамгийн дайчин хэсэг нь Зүүнгарт суурьшиж, ойрдын овгийн холбоог байгуулсан юм. Чухамхүү ойрдууд эрт дээр үеэс умар зүг дэх хятадын түрэмгийллийн эсрэг хаалт саад болж байсан хүн, түрэг, уйгаруудын үүргийг хүлээн авч Чин улсын манж-хятадын цэрэг энэхүү баатарлаг угсаатныг устгасан 1758 он хүртэл энэхүү үүргээ хэрэгжүүлсээр ирсэн юм. Засгийн эрх монголчуудаас хятадын өөрийнх нь Мин улсад шилжсэн XIY зууны хятадыг авч үзье. Хятадыг монголчуудаас чөлөөлөх дайн 1351-1368 он хүртэл сунжрав. Сүүлчийн монгол цэрэг говийн чанадад гарсан ч гэсэн уг дайн үргэлжилсээр байсан юм. Шинэхэн Мин улс хуучны Хан, Тан улсын эртний эрмэлзлэлийг авч монголыг эзлэхээр оролдох болов. Чухамхүү ойрдууд 1449 онд хятадуудыг цохиж, Түмийн дэргэд тэдэнд сүйрлийн цохилт өгч, чингэхдээ хятадын эзэн хааныг олзлон авсан байна. Энэ тулалдаан Монголыг ч, монголчуудын бодит амьдралыг ч аварсан юм. Дорнод болон өмнө зүгт хийсэн Мин улсын түрэмгийлэл илүү азтай байлаа. Түрэмгийллийн обьект нь 1405-1430 онуудад хятадын флот гаарч байсан Солонгос, Түвд, Вьетнам, Индонез болон Малайн ольтригийн газар нутаг болов. XYII зууны үед манжууд хариу довтолж эхлэв. Хятад дахь дотоодын самууныг тэд ашиглан 1644-1647 онд бүх улсыг эзлэв. Манжийн эсрэг бослого 1683 он хүртэл үргэлжлэв. Дорнод азийг нэгтгэх гэж хятадууд хоёр мянган жил эрмэлзээд чадаагүй зүйлийг манжууд хагас зуун жилд хийж чадсан юм. Гэхдээ манжийн түрэмгийлэл нь улс төрийн шинжтэй байснаас биш угтсаатны шинжтэй байгаагүй юм. Манж нь жижиг, хүн амын өсөлт бага байлаа. Манжууд хятадыг эзлээд тэнд цэргийн анги барьж байх шаардлагатай болов. Тэдний бүх залуус гадаадад алба хааж, өөрийн гэсэн гэр бүлгүй байв.
Хятадын эзэн болонгуутаа тэдний богд хаад нь Чин улсын эзэн хаан болсноор хятадыг эзэлсэн харь аймгийн эрт үеийн хувь заяаг бас л дахин давтсан юм. Эртний үе рүү эргэн дээр дурдсан зүйлсийн зарим үр дүнг гаргаваас хүн, түрэг, монголчууд нь хоорондоо ихээхэн ялгаатай байсан боловч тэдгээр нь бүгдээрээ Их талын хил дээр хятадын түрэлтийг тогтоон барих саад тотгорын үүргийг цаг цагтаа биелүүлж иржээ. Эндээс тэдгээрийн үйл ажиллагааны нийтлэг шинж нь жирийн угсаатны нийтлэгээс бүтэн эрэмбээр дээгүүр байсан бөгөөд байгалийн нөхцөл болон нийгэм-улс төрийн нөхцөл байдлын хослолын үр дүн болсон юм. Хэрэг дээрээ цаг агаарын эрс хэлбэлзлэлийн үед нүүдлийн аж ахуйн системийг хадгалах, Хан, Тан, Мин улсын түрэмгийллийг байнга эсэргүүцэх шаардлага нь Төв Азийн угсаатны нийтлэгийн нийгмийн харилцаа, хөгжлийн ижил төстэй шинжийг ихээхэн хэмжээгээр тодорхойлсон юм. Чухамхүү энэ хатуу ширүүн тэмцэл дунд Азийн (дундад буюу средняя гэсэн үг биш-орч) ард түмнүүдийн өвөрмөц маягийн зогсонги байдлын шалтгаануудын нэг оршино. Тэд авьяасаар ч, ухаанаар ч европчуудаас дутаагүй. Гэхдээ бусад ард түмний соёлоо хөгжүүлэхэд зарцуулж байсан хүч чадлыг түрэг болон уйгарчууд нь бусад зүйлийн хажуугаар өөрийн тусгаар тогтнолыг хамгаалахад зарцуулж байсан юм. Зуу зуун жилд тэд ганц ч жил тайван байгаагүй боловч тэд төрөлх газар нутгаа хамгаалж мөргөлдөөнөөс ялагч болон гарч ирдэг байлаа.
Үүнтэй холбогдуулан: Яагаад хоёр мянган жилийн турш техникийн төгөлдөржилтийг бага шаарддаг нүүдлийн мал аж ахуй буюу нэг төрлийн аж ахуйг дагнан эрхэлсэн нүүдэлчин ард түмэн хэд хэдэн удаа унаж босоод байдаг вэ? гэсэн асуултыг тавих нь зохистой юм. Нүүдлийн аж ахуй үйлдвэрлэх хүчний ойролцоо нэг л түвшинд байгаа байдлыг параметр буюу тооцооны анхдагч цэг болгон авч үзэж болно. Баруун европын хувьд ингэж авч үзэж болохгүй. Яагаад гэвэл чийглэг, тэнгисийн уур амьсгал нь цаг уурын бага ялгаатай учраас социо хүрээ: үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн харилцааг идэвхитэй хөгжүүлсэн юм. Тивийн дотоодод бол үүний урвуу байдаг. Талын бүсийн чийг олох байгалийн нөхцөл нь маш хүчтэй бөгөөд байнга өөрчлөгддөг. 2000 жилийн туршид гурван удаа гантай үе III, X, XYI зууны үед тохиож, чингэхдээ Их Талын баруун хэсэгт өвлийн циклоны чийгшилт болж, цас орж, дулаардаг, дорнод хэсэг-Монголд номхон далайн муссоны улмаас өвөлд цас бага, намарт бороо бага орж зуны шинжтэй байдаг учраас малчид жилийн турш тэжээл бэлтгэлгүйгээр нүүх боломжтой байдаг.
Баруун хэсэгт хэт эмзэг районууд Арал тэнгисийн орчимд байдаг.
Нарны идэвхиэс хамааран циклон болон муссонууд нь хойт зүг рүү буюу ойн болон арктикийн бүсэд заримдаа холилддог юм. Ингэхэд Монгол болон Казахстаны цөл өргөжин тэлж, тайга Сибирь рүү шахагдан тал газар байраа тавьж өгдөг, мөн Хятадын субтропикийн ой урагш шилжиж, говийн сухайгаар элс нь бага зэрэг барьцагдсан элсэн манхан бий болдог. Циклон, муссонууд эргэхэд цөл газар нарийсч, зах талаас нь талын ногоо ургаж, ой умар, өмнөөс нь тэлдэг. Энэ үзэгдэл нь бэлчээр нутгийн хэмжээнээс хамааран аж байдлаа залгуулдаг нүүдэлчдийн эдийн засагтай хялбархан холбогддог. Төв Азийн цаг агаарын хэлбэлзэл нь харьцангуй удаан 150-300 жил үргэлжилдэг болохоор энэ үзэгдлийг хятадын эсрэг мөнхийн дайн хийж байсан нүүдэлч гүрнүүдийн хүч чадал хэлбэлзэх үзэгдэлтэй харьцуулах боломж гардаг юм.
XYI-XYIII зууны сэтгэгчид Ж.Боден,Ж.Л.Монтеське, И.Г.Гардер нар тухайн үеийн шинжлэх ухааны түвшингийн хэмжээнд хүний үйл ажиллагааны бүхий л илэрлүүд, түүний дотор соёл, сэтгэл зүйн хэв шинж, засаглалын хэлбэр зэрэг нь тухайн ард түмний нутаглаж буй газар орны байгалиар тодорхойлогддог гэж үзэж байв. Манай үед энэ үзлийг хэн ч нухацтай авч үзэхгүй байгаа юм.
Академич СВ Калесникийн ”газар зүйн нигилизм”гэж туйлын онож нэрлэсэн түүхэн дэх газар зүйн орчны нөлөөллийг бүр мөсөн үгүйсгэсэн дээрхийн эсрэг концепци нь үүнээс бүр ч дор юм. Газар зүйн орчин нь нийгэм-эдийн засгийн формаци солигдоход нөлөөлдөггүй гэсэн баримт нь маргаангүй бөгөөд иймэрхүү үзэгдлийг хүлээн зөвшөөрөхийг газар зүйн детерминизм гэдэг. Гэхдээ зуун дамжсан ган,тив доторх усны сав тэлэх, тухайлбал Каспи,Чад зэрэг нуур тэлбэл тэр хавийн бүс нутгийн аж ахуйд нөлөөлөх үү?
Жишээлбэл: VII-XIY зууны үед Каспи тэнгисийн түвшин 18 метр өргөгдөхөд түүний өмнөд уулархаг эрэгт сүрхий нөлөөлөөгүй боловч хойд зүгт асар том бөгөөд хүн ам суурьшсан Хазарын газар нутгийг живүүлсэн юм. Энэхүү гамшиг нь нэг талаас Хазарын аж ахуйг сүйрүүлж, тэднийг төрөлх нутгаа орхин Дон, Ижил мөрний дунд хэсэгт суурьшихад хүргэсэн, нөгөө талаас Киевийн Станислав вангийн цэргүүд 965 онд Хазарын хаант улсыг бут ниргэхэд хүргэсэн. Иймэрхүү тохиолдол цөөнгүй байдаг. Ийм учраас угсаатны түүхэнд физик газар зүйн гүйцэтгэх үүргийг тодорхойлох ёстой. Асуудлын мөн чанар нь түүх ба газар зүйн асуудлуудад нийтлэг зүйлсийг дэвшүүлэх, ийм судалгааны арга зүйг боловсруулахад оршино. Зохих шинжилгээ хийхийн тулд системын хандлагыг түүхийн асар их бөгөөд олон янзын материалыг зохион байгуулах арга маягаар хэрэглэх нь чухал юм. Түүнийг XII-XIII зууны үед хэрэглэсэнээр бид олон ойлголтын тодорхой утга санааг олж болох юм. Жишээлбэл “христианы ертөнц” нь кельт-роман-германы католик баруун европыг хамарч байсан, “мусульманы ертөнц” нь мөн л ямар нэг систем болохын хамт зөвхөн нэг шашин шүтдэг нутгуудыг хамарч байгаагүй, жишээ болгоход Египетэд карматуудтай ойролцоо фатимидууд ноёрхож, харин суннитууд тэднийг мусульман гэж зөвшөөрдөггүй байсан, Энэтхэг нь хагас тивээр үл барам кастын системээр холбогдсон түүх соёлын бүхэллэг байсан, Хятад нь тэр үед Зүрчидийг ч, Тангадыг ч, Монголыг ч “өөрийн “гэж тооцдоггүй байсан зэргийг мэдэж болно. Монголчууд нь дашрамд дурдахад тэр үеийн харилцааны нэг хэрэгсэл болж байсан овог хоорондын байнгын дайныг харгалзалгүйгээр кипчакуудтай хамтран мөн л өвөрмөц систем бүрдүүлж байсан юм. Францын феодалууд, эсвэл оросын засаг ноёд мөн л хоорондоо байнга дайтаж байсан, гэвч энэ нь XII-XIII зууны үед тэдний улс төрийн тархай бутархай байдлыг үл харгалзан Франц болон Киевын их ханлигийн угсаатан-соёлын нэгдэлд саад болоогүй юм.
Түүх соёлын бүхэллэг чанарыг тооцоолох нь асуудлын зөвхөн хагас нь юм.
Учир нь эдгээр нь байнга харилцан үйлчилж байдаг газар зүйн орчинд оршдог. Соёлын хөгжил нь бас техно хүрээтэй (хэдийгээр дэлхийн гадаргуу дээр оршдог боловч биет хүмүүстэй холбоотой био хүрээнээс эрс ялгаатай) болон нийгэмтэй холбоотой. Нийгэм буюу социо хүрээ нь марксист шинжлэх ухааны нээсэн өөрийн зүй тогтлын дагуу хөгждөг. Угсаатны түүхийн үндсэн параметрууд нь ийм байдаг бөгөөд харин газар зүйн орчин буюу аль нэг газар нутгийн нөлөөлөл нь олон хүчин зүйлсийн зөвхөн нэг л болно. Эдгээрийг үл тоомсорлох нь судалгааг бүрэн биш болгохоос гадна үнэ цэнэгүй болгодог.
“Түүхэн газар зүй нь эртний хүмүүсийн газар зүйн төсөөллийг судалдаггүй, харин өнгөрсөн эрин үеийн тодорхой газар зүйг судалдаг” гэсэн чухал үг байдаг. Түүхэн материалуудыг эртний амьдралын цаг агаарын нөхцлийг сэргээж үзэх гэж өргөнөөр ашигладаг. Үүнтэй холбоотойгоор Төв Ази хуурайшиж хатсан асуудлаар академич Л.С Берг, ЗСБНХУ –ын Газар зүйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Г.Е.Грумм-Гржимайло хоёр маргаан өрнүүлсэн юм. Ингээд МЭӨ I мянган жилд Каспийн тэнгисийн түвшин хэрхэн хэлбэлзэж байсныг эртний зохиолчдын бүтээлээс болон Оросын он дараалсан бичгээс ишлэл цуглуулах замаар шийдвэрлэхийг оролдсон юм.
Ихээхэн хөдөлмөр зарцуулсан судалгааны эцэст аль аль нь хүссэн үр дүндээ хүрээгүй. Заримдаа түүхэн сурвалжийн мэдээ батлагддаг, заримдаа өөр замаар шалгахад няцаагддаг байлаа. Эндээс олон дахин нягтлах замаар олсон зүйл нь үнэнтэй нийцэх нь тохиолдлын явдал бөгөөд судалгааны арга зүй төгс бишийг нотолж байна. Үнэн хэрэг дээрээ эртний буюу дундад зууны зохиолчдын бүтээлээс зүгээр л ишлэл авах нь хуурамч юм уу бүдүүн тоймын дүгнэлтэд амархан хүргэдэг. Эртний түүхчид байгалийн үзэгдлийг эсвэл юмны далимд тэмдэглэх эсвэл өөрийн үеийн төсөөлөлөөс ургуулан догшин бороо, үер, ган зэргийг бурхны цээрлэл, дохио мэтээр тайлбарласан байдаг.
Нэг нь байгалийн үзэгдэлд илүү анхаарсан байхад нөгөө нь дараагийн зуунд анхаараагүй байдаг. Дээрх хоёрын аль аль нь хэрэв зохиогчдын анхааралд орсон бол байгалийн үзэгдлүүдийг түүвэр маягаар тусгадаг. Харин хэдэн үзэгдэл орхисныг бид тааварлаж ч чадахгүй юм. Ийм учраас хуурай үед бороо ховор үзэгдэл болж дасаж сурсан чийгтэй үеэсээ илүүтэйгээр түүхэнд бичигдэж болно. Энд түүхэн шүүмжлэл тус болж чадахгүй, яагаад гэвэл шалтгаан үр дагаврын хамааралтай холбоогүй үйл явлын харьцааны өмнө тэр нь хүчин мөхөстдөг.
Эртний зохиолчид бүтээлээ ихэвчлэн тодорхой зорилгоор бичдэг байснаас гадна сонирхож буй үйл явдлынхаа ач холбогдлыг ихэсгэх уран зохиолын сүржигнэх ргыг цөөнгүй хэрэглэдэг. Иймэрхүүгээр хэтрүүлсэн, дутаасан зүйлийн хэмжээг тодорхойлоход маш хүнд. Тухайлбал: Л.С Берг түүхэн бүтээлүүдийн баримтад үндэслэн соёлжсон газар нутаг цөл болон хувирсаныг дайны үр дагавар гэж үзсэн. Ийм үзлийг заримдаа шүүмжлэлгүйгээр хэрэглэж, жишээ болгож 1909 онд П.К.Козловын нээсэн Тангадын сөнөсөн хот Ээзэн буюу Хар хот гэж нэршсэн (монгол нэр нь Урахай, хятад нэр нь Хэйшучин) туурийг дурддаг.
Тухайн хот хаана байрлаж байсан, юунаас болж сөнөсөн бэ? Төвд бирмийн миняг овгуудын Си-Ся хэмээх тангадын ханлиг эдүгээ Ордос, Алаша хавийн элсэн манхан дунд байрлаж байжээ. Энэхүү улс нь ядмаг бөгөөд хүн цөөтэй байх ёстой мэт санагдана. Үнэндээ бол тэр нь 150 мянган морьтон бүхий армитай, их сургууль, сургууль шүүхтэй байснаас гадна, бас ч алдагдалтай худалдаатай байжээ. Учир нь гаргаснаасаа илүү ихийг оруулдаг улс байв. Алдагдлын зарим хэсгийг түвдийн эзэмшлийн алтан элсээр, голчлон тангадын (минягыг монголчууд ийн нэрлэж байв) үндсэн баялаг болох малыг гадагш гарган нөхөж байлаа. Оросын жуулчдын илрүүлсэн хот нь эдүгээ усгүй газар болох Ээзэн голын адагт оршиж байжээ. Түүнийг зүүн болон баруун талаас нь хүрээлж байсан хоёр хуучин ором нь тэнд ус байсныг гэрчилдэг. Гэвч голын гольдрил баруун тийш шилжиж, одоо хоёр салаалан шорвог уст Гашуун нуур, цэнгэг уст Согоо нуур хоёрт цутгадаг.
П.К.Козлов Согоо нуурын хөндийг баян бүрд гэж үзээд түүнийг хүрээлэн буй цөлийнхөө хамтаар олон тооны хүн амыг тэжээх боломжгүй гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл Ээзэн хотын гол цайз гэхэд л 440х360 метр талбай бүхий тэгш өнцөгт байжээ. Цайз, цамхаг , суварга бүхий ханын дотор талд лангуу дархны газар, буудлын газар, агуулах, орон сууц байсан байна. Цайзыг тойрон арай бага шиг барилгууд, гацаа суурин байсныг нотлох шавар эдлэлийн хэсгүүдийн ул мөр байдаг. Үүнээс гадуур сувгийн систем бүхий бууц орон, тариалангийн талбай байсан байна .
Хотын сүйрлийг голчлон монголчуудад тохдог. Үнэхээр Чингис хаан 1226 онд тангадын нийслэлийг эзэлж, монголчууд минягуудтай хатуу тооцоо хийсэн юм. Гэвч хот бүр XIY зууны үед оршин хөгжиж байсныг 1909 онд олсон олон тооны баримтуудын он цагаар гэрчилж болно. Түүнээс гадна хотын мөхлийг торгууд домогт гардагаар бүслэгсэд шороо дүүргэсэн шуудайгаар далан хийж голын урсгалыг өөрчилсөнтэй холбон тайлбарладаг. Энэ далан одоо болтол нуруу маягаар оршин байдаг. Гэвч хотыг эзэлсэн тэмдэглэлд ийм баримт байхгүй бөгөөд монголын морин цэрэгт газар малтах хэрэгсэл, шаардлагатай төхөөрөмж байгаагүй юм. Үнэн хэрэг дээрээ хот хятадыг баруун талаас нь заналхийлж байсан монголчуудын сүүлчийн тулгуур цэг задарч, Чингисийн сүүлчийн удмын хаадтай дайтаж байсан Мин улсын хятад цэргүүд хотыг эзэлсэн 1372 онд сөнөсөн юм. Минягууд нь төвд, монгол, хятадуудтай аажмаар холилдож, Си-Сягийн бичгийг хожим XYII зууны үед мартацгаасан.
Хот яагаад дахин сэхээгүй юм бэ? Голын урсгал өөрчлөгдсөн нь шалтгаан биш бөгөөд хот Ээзэн голын өөр салаа руу шилжиж болох байсан. Энэ асуултын хариу П.К Козловын номонд байдаг. Козловт хэвшмэл байдаг няхуур зангаар Ээзэн голын ус татарч, Согоо нуур шохойжин чулуужиж голын гольдрил баруун тийш шилжсэн нь зарим үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энэ нь XIII зууны үед цөөнгүй хүн амыг тэжээж байсан улс XX зууны эхэн гэхэд элсэн цөл болон хувирсны цорын ганц шалтгаан болж чадахгүй. Энд өөр бүтээлүүдэд бичигдсэн цаг уурын өөрчлөлт гол үүрэг гүйцэтгэсэн.
Чингис болон Чингисийн удмынханд Азийг хоосруулсны бурууг тохдог нь тохиолдлын хэрэг мэдээж биш. Гэтэл үүнээс цар хэмжээгээр дутахааргүй бусад үйл явдлууд (Жишээлбэл: Киргизүүд уйгарчуудыг ниргэсэн, 1756-1759 онуудад манжийн Цян-Лун хаан ойрдуудыг толгой дараалан хүйс тэмтэрсэн зэрэг нь) анхаарлын гадна үлдсэн байдаг. Үүний шалтгаан нь ард түмнүүдийн түүхэнд биш, түүх судлалд байдаг билээ. Түүхийн зохиол бүтээлийг бүрдүүлэгч зүйлсийг байнга, юм болгон дээр бичээд байдаггүй. Түүнээс гадна тэдгээр нь бүгдээрээ хадгалагдаж чадаагүй. XIY-XY зуун нь ойрхи дорнодын хувьд утга зохиол цэцэглэж монголын дарлалтай тэмцэх явдал нь Иранд ч, Орост ч хамгийн чухал болон тавигдсан үе байлаа. Чухамхүү иймээс л эл асуудлаар маш олон зохиол бичигдэхийн хамт бүтэн үлдсэн юм. Энэ дотор бидний мэдэх авъяаслаг, хурц тод бичигдсэн бүтээлүүд ч байдаг. Эдгээрийг дуурайж, давтах явдал бий болсноор уг асуудлаарх бүтээлийн тоо маш их болсон. Ойрдуудыг устгасан явдал нь түүхчээ олоогүй хэрэг мөн. Эдгээр үйл явдлууд нь жигд биш тусгагдаж, түүний утга нь нилээдгүй гажиж, чингэхдээ янз бүрийн хэмжээгээр төсөөлөгддөг. Эндээс Чингисийн дайчдад эзлэгдсэн улс орны газар нутгийг бүрэн өөрчлөгдсөнийг тохдог таамаглал аажим аажмаар бий болсон. Гэтэл хамгийн их хуурайшилтад дайнд сүйдсэн улсууд биш, харин дайн огт байгаагүй Уйгар, хэн ч өвс ногоогий нь устгах гээгүй Зүүн гар зэрэг өртсөн юм.
Өөр нэг туйлшрал бол XII зууны монголчуудын аян дайныг дайчид шилжин суурьших явдлыг дагуулдаг ердийн их нүүдэл (миграци) гэж үздэг явдал юм. Энэ санааг хэд хэдэн эрдэмтэн дэвшүүлсэн байдаг. Гэвч монголчуудын аян дайн нь их нүүдэл ерөөс байгаагүй юм. Нүүдэлчдийн сулхан бөөгнөрөл ялалт байгуулаагүй, харин байлдааны кампаний дараа төрөлх тал нутагтаа эргэж ирдэг байсан сайн зохион байгуулалт бүхий гавшгай отрядууд байгуулж байсан юм. XIII зуунд шилжин суурьшигчдын тоо тун шалихгүй байв. Тухайлбал, Зүчийн удмын Бат, Орд-Ичин хаад Чингисийн гэрээслэлээр 4 мянган морьтон (гэр бүлийн хамт 20 мянга орчим хүн) хүлээн авч, тэр нь Карпатаас Алтай хүртлэх уудам нутагт суурьшсан юм. Гэтэл бүр эсрэгээр, XYII зууны үеийн халимагуудын жинхэнэ их нүүдлийг түүхчид анзааралгүй үлдэж, энэ нь дэлхий дахины түүхийн бүтээлүүдэд зохих тусгалаа олж чадаагүй.
Ийнхүү тавигдсан асуудлыг шийдвэрлэх нь олон бэлэн ажлуудаас хэрэгтэй мэдээг гаргаж авахаас илүү түүхийн маш өргөн мэдлэгийг шаарддаг юм. Газар зүйн нэн тодорхой мэдлэгээр зарим талаар түүхчид эдийн засагчид хязгаарлагддаг. Энд хамгийн чухал нь бичмэл зохиолыг зохиогчид үйл явдлыг субъектив байдлаар хүлээж авснаас баталгаатай мэдээллийг тунгаан авах явдал байдаг. Баталгаатай мэдээлэл гэдгийг бид түүхэн шүүмжлэлийн сорилтыг давж чадсан, эргэлзээгүйгээр тайлбарлаж болох эх сурвалжуудын мэдээллийг ойлгож байв. Ийм мэдээлэл асар их байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь улс төрийн түүхэнд хамаардаг. Бид дайн байлдаан, энхийн гэрээ, хэлэлцээр, ордны эргэлт, их нээлтүүдийн цаг хугацаа, нарийн ширийнийг сайн мэддэг. Гэхдээ эдгээр мэдээллийг байгалийн үзэгдлийг тайлбарлахад хэрхэн хэрэглэх вэ?
Иймэрхүү төрлийн баримтыг байгаль дахь өөрчлөлтүүдтэй харьцуулан үзэх арга зүйг зөвхөн XX зуунд боловсруулж эхэлсэн. Янз бүрийн ард түмнүүдийн аж ахуй сэргэсэн буюу унасныг, тухайлбал чийгшилт ихсэж багассан, дулаарсан ба хүйтэрсэн зэрэгтэй шууд холбох гэсэн гэнэн эрмэлзлэл нь эдийн засаг болон нийгмийн хүчин зүйлийг үгүйсгэхэд үндэслэгддэг. Иймээс эдгээр нь ихэнх тохиолдолд эргэлзээ төрүүлэхээргүй гол мэдээ болдог. Жишээлбэл, Балти орчмын ба Оросын үр тариаг Газрын дундад тэнгисийн бүсэд оруулах болсон, XYI-XYII зуунд Испанид хонины тоо толгой багассан зэргийг жилийн температурын шалихгүй өөрчлөлттэй холбож үзсэнээс европын орнуудад Реформаци ба Контрареформацийн учруулсан хүндрэлээр тайлбарлах нь хавьгүй хялбар билээ. Үнэн хэрэг дээрээ газар нутаг дээр нь үгүйрүүлэн сүйтгэгч гучин жилийн дайн (1618-1648) болсон Герман, дайны сүйрэлд өртөөгүй боловч хүн амын сөрөг өсөлттэй байсан Испани хоёр адилхан байсан юм. Испанийн хүн ам 1600 онд 8 сая, 1700 онд 7,3 сая байсан. Энэ нь залуучуудын ихэнх хэсэг Испаниас гарч Америк руу, эсвэл Нидерланд руу явснаас гэр бүл болох, аж ахуй эрхлэх хүмүүс дутагдаж эхэлснээр тайлбарлагдана. Бид аль нэг үзэгдэл цаг агаарын байдлаас шууд хамаарч байгааг тогтоохдоо бидний сонирхож буй үзэгдэл нь эдийн засаг, нийгэм, угсаатны хүчин зүйлүүд, тэдгээрийн хослолууд, эсвэл бүр тохиолдол байсан гэдэгт итгэлтэй байх ёстой гэдгийг харуулж байна. Жишээлбэл,ямар нэг районд шавар хөрс лагшиж үлдсэнээс ургуулан тэнд үер болжээ гэдгийг хялбархан тогтоож болно. Гэхдээ энэ нь хэзээ, 500 юм уу 5000 жилийн өмнө болсон уу гэдгийг яг хэлэх аргагүй. Тоосонцорыг шинжлээд эдүгээ чийгэнд дуртай ургамал ургаж байсан газар эрт цагт хуурайд дуртай ургамал ургаж байжээ гэдгийг мэдэж болно. Гэвч энэ газар нутаг намаг болсон нь ойролцоох голын гольдрил өөрчлөгдсөнөөс үү, цаг агаарын өөрчлөлтөөс үү гэдэг нь батлагддаггүй. Монгол, Казакстаны тал нутагт төгөл ойн үлдэгдэл олддог боловч энэ нь гангаас болсон уу, эсвэл хүмүүс огтолсноос болсон уу гэдгийг хэлж болдоггүй. Хэрэв хүмүүс огтолсон нь нотлогдлоо ч гэсэн хүн байгалийг сүйтгэсэн яг таг цаг хугацаа нь тодорхойгүй үлддэг. Хүн түүнийг хүрээлэн буй газар зүйн орчноос тодорхой хамааралтай байдаг гэдэгтэй хэн ч маргаж байгаагүй. Харин энэ хамаарлын хэмжээ хир зэрэг гэдгийг л янз бүрээр үнэлдэг юм. Ямар ч тохиолдолд ард түмнүүдийн аж ахуй амьдрал нь амьдран буй нутаг орны газар нутаг –цаг агаарын байдалтай нягт холбоотой байдаг. Эртний үеүдийн эдийн засгийн мандалт бууралтыг анхдагч эх булгаас авч буй мэдээлэл бүрэн бишээс шалтгаалан мөшгөж тодорхойлох нь ихээхэн хүнд байдаг. Гэвч цэргийн хүчин чадал гэсэн нэг үзүүлэлт байдаг. Өлсөж буй хүн ам бүхий ядуу гуйлгачин орон урт удаан, амжилттай дайтахад шаардлагатай хэрэгслийг гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Томоохон аян дайнд нумаа ”чихээ хүртэл” татаж чадах (ингэж татахад сум 700 метр зайд тусдаг, харин “нүдээ хүртэл” татахад 400 метрт тусдаг) хүнд илд буюу махир сэлмээр удаан байлдаж чадах гэдэс цатгалан, хүч чадалтай, ядраагүй хүмүүсээс гадна ойролцоогоор 4-5 хүний ачаа хөсөг, тэгнээг зөөх морьдтой байх шаардлагатай. Мөн сумны нөөц шаардагдах бөгөөд тэдгээрийг бэлтгэх нь хүнд хэцүү ажил байдаг. Хоол хүнсний нөөц бас хэрэгтэй, тухайлбал нүүдэлчдийн хувьд хонин сүрэг, түүнийг маллах малчин хэрэгтэй. Эмэгтэйчүүд хүүхдийг хамгаалах нөөц манаа хэрэг болно. Нэг үгээр хэлбэл дайн нь маш өндөр өртөгтэй. Эдгээрийг дайсны талаас гаргуулна гэвэл маш баян орныг сайтар ялсны дараа л энэ нь боломжтой болно. Ийм ялалт байгуулахын тулд бат бэх ар тал, цэцэглэж буй аж ахуйтай байх ёстой бөгөөд энэ нь байгалийн зохистой нөхцөл гэсэн хэрэг юм. Газар нутгийн байдал мэтийн газар зүйн нөхцөлийн ач холбогдлын тухай дайны түүхэнд эртнээс бичсээр ирсэн. НТӨ 217 онд Тразимен нуурын дэргэдэх тулалдаанд Ганнибал нуурын эрэг болон римийн цэргүүд явж байсан зам руу 90 градус өнцгөөр байрласан хэд хэдэн гүнзгий хөндийг ашиглан ялалт байгуулсныг дурдахад хангалттай. Тэрээр ийм байрлалыг ашиглан римчүүдийг гурван газраас зэрэг дайран ялсан юм. Мөн НТӨ 197 онд Киноскефалын дэргэд Македоны хаан V Филиппийн хүнд жигүүрийг хэрчигдсэн газар тархахад нь Римийн консул Фламинины цэрэг тэрхүү эгнээгээ алдсан дайснуудыг цохисон юм. Иймэрхүү жишээнүүд нь түүхчдийн анхааралд ямагт байдаг бөгөөд И.Н.Болтиныг “Гартаа газар зүйгүй түүхч хүнд байдалд ордог” гэсэн алдарт үгээ хэлэх шалтаг болсон юм.
Эдүгээ асуудлыг өөрөөр тавьж болох юм. Газар зүйн орчин нь хүмүүст яаж нөлөөлдөг тухай төдийгүй хүмүүс өөрснөө ямар хэмжээгээр био хүрээ гэж нэрлэгдэх дэлхийн бүрхүүлийн бүрэлдэхүүн хэсэг болдог, мөн түүнчлэн хүний амьдралын ямар зүй тогтолд нь газар зүйн орчин нөлөөлж, ямарт нь нөлөөлдөггүй вэ? Бид түүхийн тухай ярихдаа голчлон материйн хөдөлгөөний нийгмийн хэлбэр буюу хүн төрөлхтөний дэвшилт хөгжлийн тухай ойлгодог. Түүний дотоод зүй тогтолд газар зүйн ч ,биологийн ч нөлөөлөл мөн чанарын хувьд нөлөөлдөггүй. Гэвч хүн тусгайдаа бол нийгмийн гишүүн төдийгүй татах хүч болон байгалийн бусад зүй тогтолд хамаардаг бие мах бодьтой, биологийн бүх үүрэг гүйцэтгэгч организмтай, амьдран буй газар нутгийнхаа биоценезэд ордог сүүн тэжээлтэн, тодорхой угсаатны гишүүн (овог,аймаг г.м) мөн билээ. Иймээс хүн нь газар нутгийн өөрчлөлтөөс үүссэн гравитаци, халдвар, өлсгөлөн болон заримдаа нийгмийн үйл явцтай давхцдаг, заримдаа давхцдаггүй угсаатны нийлэгжилт ийн (этногенез) үйлчлэлд өртөж орж байдаг. Ийм маягаар шинжлэх ухааны орчин үеийн түвшинд ”газар зүйн эх булаг” гэсэн түүхэн ойлголтонд газар нутгийн хүрээллээс гадна угсаатны хөгжлийн газар зүйн онцлогийг оруулбал зохино. Газар зүйгүй түүх нь “хүнд байдалд” ордог төдийгүй, түүхгүй физик газар зүй нь туйлын өрөөсгөл болж харагддаг. Иймээс аль нэгэн үеийн түүхэн газар зүйг судлахад түүхэн өгөгдөхүүнийг заавал, тэгэхдээ тодорхой нөхцөл байдлыг харгалзан ашиглах шаардлага урган гардаг юм. Ингэхдээ түүхэн сурвалжуудыг үг үсэгчлэн баримлах биш, анхдагч түүхэн өгүүлэмжүүдээс ялган цэвэрлэсэн үйл явдлуудын суурь дэвсгэрийг баримжаалах ёстой. Зөвхөн ингэсэн үед л түүхэн баримтууд нь нэг хэмжээст шалтгаан үр дагаврын эгнээнд багтаж, зэрэгцүүлэн хэмжихэд тодорхой болох юм. Үүний дүнд түүхэн сурвалжийн урдаас мушгин тайлбарласан зүйлс, түүнийг зохиогчийн бага мэдлэгийн нөлөөлөл алга болдог. Түүхчдийн хувьд ажлынх нь дуусгал болсон тэр зүй л газар зүйчийн хувьд ажлынх нь эхлэл байж ч болно. Шалтгаан нь тодорхой ба өөр хүрээнд хамаарах, тухайлбал нийгэм-эдийн засгийн формацийн жам хөгжил эсвэл улс төрийн зүтгэлтний алхам зэрэгтэй холбоо бүхий үйл явдлыг хасаж тооцвол зохино. Ингэвэл угсаатны нийлэгжилт болон нүүдэл л үлдэнэ. Чухам энд л нийгэм байгалийн харилцан үйлчлэл илэрч гардаг.
Натурал юмуу энгийн таваарын аж ахуй голлох үүрэг гүйцэтгэж байхад энэ нь бүр тод мэдэгддэг. Үйлдвэрлэлийн арга нь овог буюу аймгийг тэжээн тэтгэж байдаг тодорхой газар нутгийн байгалийн нөхцөлд үүссэн эдийн засгийн боломжуудаар анхлан тодорхойлогддог билээ. Газар орон нь үйл ажиллагааны төрөлд нөлөөлж, материаллаг, мөн түүнчлэн үүсэн буй угсаатны оюун санааны соёлыг зарим талаар чиглүүлж өгдөг. Тухайн угсаатан алга болсон ч түүний үеийн археологийн дурсгал үлддэг бөгөөд энэ нь тэр ард түмний аж ахуйн шинж чанар, амьдран оршин байсан байгалийн нөхцөлийн шинж чанарын тухай мэдээлэл өгдөг. Ингэснээр бид физик газар зүйн нөхцөл байдлын өөрчлөлтөөс голчлон хамаарсан үйл явдлуудаас улс төрийн шинж чанартай түүхэн үйл явдлыг ялган салгах чадвартай болох юм.
Дэлхийн бүх ард түмнүүд тодорхой газар нутаг дээр амьдардаг. Энэ газар нутаг нь олон янз, мөн ард түмэн нь ч олон янз байдаг. Тэд өөрийн газар нутгийг антропогенийн (хүний үйл ажиллагаагаар бий болдог) товгор гүдгэр бий болгох замаар юм уу, амьтан, ургамлыг өөрчлөх замаар хичнээн хүчтэй өөрчиллөө ч гэсэн угсаатан амьдран буй юм уу, шууд хянаж буй тэрхүү газар нутгийн байгалиас хүссэн ч, хүсээгүй ч хоол тэжээлээ авахад хүрдэг. Гэвч газар нутаг мөн л өөрчлөгддөг бөгөөд өөрийн хөгжлийн динамик, өөрийн хөгжлийн түүхтэй байдаг. Хэрэв газар нутаг танигдахгүй болтлоо өөрчлөгдвөл хүмүүс эсвэл шинэ нөхцөлд дасан зохицох, эсвэл сөнөж мөхөх, эсвэл өөр газар шилжин суурьших ёстой болно.
Ингэж л их нүүдэл (миграци) эхэлдэг. Газар нутгийн өөрчлөлт хувиралт нь үүний цорын ганц шалтгаан биш. Их нүүдэл нь хүн амын өсөлт юм уу нийгмийн түлхэлтээр ч үүсч болдог. Ямар ч гэсэн шилжин суурьшигчид эх орондоо дасаж сурсантайгаа төстэй нөхцөл байдлыг хайдаг нь сонирхолтой юм. Англичууд зөөлөн уур амьсгалтай орнууд, тухайлбал, хонь үржүүлж болох Хойд Америк, Өмнөд Африк, Австралийн тал нутагт дуртайяа суурьшсан. Халуун бүсийн нутгуудад тэд онцгой татагдаагүй, тэнд англичууд нутгийн хүн амын хүчээр амьдрагч колонийн түшмэд юм уу, худалдаачин маягаар голчлон амьдардаг байв. Энэ нь мэдээж их нүүдэл боловч огт өөр шинж чанартай юм. Испаничууд халуун бүсийн ойг анхааралгүй үлдээж, хуурай бөгөөд халуун уур амьсгалтай нутгуудыг колоничлосон. Тэд тэульчей нарыг устган аргентиний тал нутагт сайтар дассан, гэтэл Юкатаны халуун ойд байсан майя нар бүтэн үлдсэн. Якутууд Лена мөрний хөндийд нэвтрэн тэнд Байгал нуурын эрэг дэх өмнөх амьдралаа дагаж тэнд адуу өсгөж эхэлсэн, гэхдээ тэд туйлын усны хагалбар дахь газар нутгийг хөндөлгүй, түүнийг эвенкүүдэд үлдээсэн. XYII зууны Оросын газар нээгчид бүх Сибирийг нэвтрэхдээ өвөг угсаатныхаа үүссэнтэй төстэй газар болох тайгын ойт талын зах, голын эргээр дагаж суурьшсан. Яг ийм маягаар XYII-XIX зууны үед украйнчууд “зэрлэг талын” уудмыг эзэмшсэн. Дээр дурдсан жишээнүүд нь угсаатны нийтлэгт газар орон нөлөөлөл үзүүлдэг гэсэн дүгнэлт хийхэд хангалттай юм. Газар зүйн орчин нь зайлшгүй үйлчилж биологийн бүх ганц бие амьтныг тодорхой чиглэлд хувирган зүйлийн зохион байгуулалтыг бий болгодог. Тундр, ой, тал, цөл, уул, усан орчин, арал зэрэг нь организмд ул мөрөө үлдээдэг. Ийм байдалд зохицож чадахгүй биологийн зүйлүүд нь шилжин суурьших буюу үхэх шаардлагатай болдог. Бидний авч үзэж буй асуудалд тухайн хүчин зүйл нь түүхийн судалгаанд нэмэлт болдог бөгөөд үүгээрээ угсаатны нийлэгжилт, яг нарийндаа бол нүүдэлчдийн угсаатны нийлэгжилтийг бүрэн судлах боломж олгодог.
Иймээс талын угсаатнуудын их нүүдлийн асуудлыг бид тусгай бүтээлдээ (Л.Н.Гумилев өөрийнхөө “Нүүдэлчдийн их нүүдэл ба цаг агаарын өөрчлөлт” гэсэн бүтээлээ хэлж байна-Орч) ул суурьтай авч үзсэн юм. Хэрэв угсаатныг техник, нийгмийн хөгжил зэрэг зөвхөн өөрт нь байдаг онцлог бүхий био хүрээний нэг хэсэг гэж авч үзвэл угсаатны нийлэгжилтийг онолын эмпирик түвшинд нэгтгэн дүгнэх асуудал боловсрогдсон бөгөөд угсаатны түүхэн дэх байгаль, нийгмийн харилцан үйлчлэлийн шинж чанар нь зөвхөн нүүдэлчин төдийгүй, суурин ард түмэнд ч илэрч байдаг. Гэхдээ энэхүү харилцан шалтгаацлыг чухамхүү нүүдэлчдийг л нарийвчлан судлах замаар илрүүлж чадах бөгөөд энд уг зүй тогтол суурин ард түмнээс илүү тодорхой илрэн гардаг. Нүүдлийн ард түмэн ахуй болон аж ахуйн хэлбэрээ хадгалан үлдэх нь одоо болтол боловсроогуй асуудлыг тайлбарлахад хүргэж байна.
Эх сурвалж: Цахим Өртөө
ganga-cz.blogspot.com
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Gumilevt durtai nomuudiig barag l unshsan daa. Lut aguu magtah ug alga.
Ер нь бол аль нэг талыг бариагүй, дундын байр суурьнаас гуйвуулалгүй үнэн түүхэнд нэлээн ойртох юм гэж дүгнээд байгаа. Бусад уншсан хүмүүс бас өөрсдийн дүгнэлтийг бичиж үлдээвэл баярлана шүү
iim saihn buteeliig zohih eh survaljiig ni durdaj, shuud helhed zohiogchiin erhiig zorchooguid bayr hurgey.
buteeliin talaar heleh zorig, medleg bhgui bolhoor iluu zuil helmeergui bna.