Монгол гэрээ

2009-03-08,02:28
Copy paste хийв:

Удиртгал:

Монголчууд өнгөрсөн түүхийн туршдаа харийн орнуудтай маш олон гэрээ, хэлэлцээрүүд хийж ирсэн байх юм. Чингис хаан Их Монгол улсыг ХIII-аар зуунд байгуулсны дараа Монголчуудын бусад улс гүрэнтэй байгуулсан гэрээ болгоны дараа улс үндэстэн маань хүчирхэгжин бадарч байлаа. Монгол улс чадварлаг дипломат бодлого явуулсны үр дүнд, дайн хийснээсээ дутахгүйгээр амжилт олж байлаа. Уйгар, Карлук зэрэг улсыг чадамгай гэрээ хэлэлцээрийн үр дүнд дагуулан авч, хүчирхэг дайсан Алтан улсыг, Тангуд ба Сүн зэрэг орнуудыг, Хятан зэрэг ард түмнүүдийг холбоотон болгосноор бууруулан мохоож байлаа.

Гэвч XYI –аар зуунаас хойш бүх гэрээ, хэлэлцээрийн дараа ямар нэгэн байдлаар Монголчууд агшиж жижгэрсээр иржээ. Баруун хойноос ирсэн Орос улстай анхалж гэрээ хийж эхэлсэн Ойрад болон Алтан хааны улс нь өрсөлдөгч Монголын аймгуудынхаа эсрэг тэднийг өөрийнхөө холбоотон болгохын тулд өөрийн харьяа хяналтын зах газар нутгуудаа Орост  тавьж өгч, алттай газруудыг зааж өгөхийг хүссэн Оросын элчинд найр тавин, зарим нь бүр дагаар орох хэмжээнд хүртэл асуудлыг тавьдаг болтол нь Оросын элчингүүдийг даврааж байв.  Гэтэл зүүн өмнө зүгт Хорчин зэрэг аймгууд Манж гүрэнтэй андгай тангараг тавьж бусад Монгол аймгуудаа хавсарч дарахаар шийдэж байжээ.

ХХI зуун

Бид “хоёр толгойн” гэрээг байгуулах гэж байгаа. Оюутолгойн гэрээ эхнийх нь болох гэж байгаа учраас анхаарууштай дараа дараагийн гэрээнүүддээ үлгэр болох юм. Энэ гэрээний төсөлд тусгаснаар бол Монголчууд 34 хувиа худалдаж авахаар болжээ!
Гэрээний төслөөр бол төсөлд оруулсан зардлаа 30 гаруй хувиар өсгөж нөхсөний дараа Монголд өгөх татвараасаа суутган байж Монголын хөрөнгө оруулалтыг тооцно гэжээ. Тэгэхлээр энэ төслийн34% -ийг эзэмшихийн тулд 2 дахин илүү үнээр хэрвээ хүүг нь тооцох юм бол тэрнээс илүү үнээр Монголчууд Монголынхоо хөрсөн доорх баялгийг худалдаж авах ажээ. Ер нь тэгээд тэдний оруулсан хөрөнгө оруулалтыг хэн, яаж, ямар аргачлалаар тооцсон юм бол?

Үг:
1.“Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”
          гэж Үндсэн хуульд зааснаар бол Оюутолгойн газрын хэвлий доорх
          баялгийн 34% -ийг Монголчууд дээрх үнээр авч болж байгаа юм
          уу?

2.Бид яах гэж тусгаар улс байгуулж, бидний өвөг дээдэс ямар учраас газар шорооны төлөө цусаа урсгаж байсан юм бэ? Одоо үед яах гэж зардал мөнгө гарган бидний залуу насыг үрж, мөрдөс зүүлгэн буу үүрүүлэн байж өвлийн хүйтэнд нусаа хацартаа наалдтал зогсож байв.
Энэ бүгд чинь бидний Монгол талаас оруулсан хөрөнгө биш үү?

Мөн төсөлд зааснаар 30 жилийн дараа Монголын өмчийг 50% -д хүргэх ажээ.
Орчин үеийн технологи маш өндөр хөгжсөн өнөө үед 30 жилийн дотор олборлоод дуусгаж чадна шүү! Цаашилбал энэ хугацаанд технологи асар хурдан хөгжинө! Иймд 30 жил маш урт хугацаа юм аа.

За тэгвэл нөгөө талаас нь бодоод үзье.

Монголчууд Австралид уул уурхайн бизнес хийсэн тохиолдолд 10-20% -ийн ашиг хийж чадах юм бол дээдийн заяа. Энд хамаг мөнгөө татвар, янз бүрийн даатгал, байгаль хамгаалах болон нөхөн сэргээх, цалин хөлсөнд өгдөг юм. Энгийн жишээ татахад инженер мань мэт нь татвар, тэтгэмжийн сан зэрэгт мөнгөө татуулсаар байгаад 40% -ийн өгчихөөд 60% -ийг нь авдаг байтал энэ төсөл ёсоор бол Монголын баялгийг ашиглаж хөрөнгө оруулалтын зардлаа 30% гаруй хувиар давуулж нөхсөний дараа 30% -ийн татварыг төлөх юм гэнэ.

Тэгээд бас Үндсэн хуулийн 2-р бүлгийн   2-т заасан    

“Хүнийг үндэс угсаа хэл арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”

Энэ заалтыг зөрчиж төслийг хэрэгжүүлэгч тал маань Монгол хүнийг ялгаварлан гадуурхаж  өөрсдөөсөө бага цалин өгчихөөд шүү дээ!

За тэгээд бага бандиудаа би та нарт баяртай сайхан хоёр үлгэр ярьж өгье!

Үлгэр номер нэг: Нэг удаа говьд байдаг ядуувтар айлд холын гийчин ихэд өлсөж орж иржээ. Их өлссөнөөсөсөс болсон ч юм уу хамар томтачаар чаарч юм уу гийчин маань тэр айлын авдарт эмэг ээжийнх нь хадгалаад мартчихсан ул боовыг үнэртээд олоод авж гэнэ. Тэгээд тэрийгээ ганцаараа идэх гэтэл гэрийн эзэн дургүйцэхэд гийчин ” Чи идэхийг хүсвэл надаас гуравны нэгийг нь худалдаж ав. Би харангадаж үхэж магадгүй. Чи миний уух усыг бэлдэж намайг хахаж үхэхгүй байх баталгааг гаргаж өг, тэгээд би идэж цадсаны дараа чи гуравны нэгийн худалдан авч идэж болох юм” гэсэн гэдэг. Мөн “би идээд барахгүй бол чамд тал хүртэл хувийн маргааш өгч болно” гэжээ.

Үлгэр номер хоёр: Нэг айлын хувийн хашаанд олон жилийн өмнө өвөг аав нь цагийн хатууд хэрэг болно гээд алт, мөнгөө нуужээ. Гэтэл цаг үеийн байдлаас болоод хүүхдүүддээ нуусан газраа зааж амжилгүй зуурдаар нас барчихаж гэнэ. Гэтэл энэ айлын нэлээн дэггүй дураараа банди нь металл хайгчтай зальтай панзчинд очоод тэр баялгийг олбол хямдхан өгье гээд дагуулж ирээд олчихож.   Тэгээд панзчин гэрийнхэнд нь “би танай энэ хүүтэй гэрээ хийгээд олсон тул энэ эд юмс минийх” гэхэд гэрийн эзэд “та ядаж гуравны нэгийг нь бид нарт  өгөөч” гэж гуйсан гэдэг.
За ингээд энх баяртай, очир бат оршиж үлгэрийг жаргаая!

“Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж үгийг санаад бодож үзэхэд манай Монголын цэцэн баавартай туулайнуудын жишээ татаад байгаа гадны хөрөнгө оруулалтаар хөгжсөн орнууд байдаг нь үнээн. Гэхдээ тэд бүгд байгалийн баялагт оруулсан гадны хөрөнгө оруулалтыг дэмжих бус харин техник, технологийн үйлдвэрлэлтэд  оруулсан хөрөнгө оруулалтаар боссон. Жишээ нь, Монголд хөрөнгө оруулсан зарим компаниуд Хятадад уул уурхайгаар бизнес хийх гэж оролдоод амаараа шороо үмхээд л гарсан түүхтэй билээ.   

Ер нь уул уурхайгаар гадныхан Монголд мөнгө хийгээд Монголын баялгийг өсгөөд байгаа мэтээр эдийн засгийн тооцоогоор харагдавч нөгөө өнцгөөс нь харвал Монголын баялаг хорогдоод л байгаа юм шүү дээ! Юу гэвэл газар доорх баялгийг маань зөөж гаргаж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд барууны ертөнцөд ярьдгаар аливаа бизнест хоёр тал хоёулаа ханамжтай байж л бизнес амжилттай явагддаг юм. Нэг талдаа ашиг ихтэй нөгөө талдаа ашиггүй бол яаж бизнес амжилттай явах вэ?
Хөгжиж байгаа оронд үймээн самуун дэгдээд улс орон тогтворгүйтээд байдаг нь иймэрхүү шударга бус явдлаас үндэстэй! Тэгэхлээр ямар ч тогтвортой байдлын гэрээ тус болохгүй шүү! Алсдаа Монгол орны маань ардчилал, хөгжилд ч хортой нөлөөтэй билээ. Гадаад түншүүд маань энэ аюулыг олж харна гэдэгт найдаж байна.

Жич: Хэрвээ гэрээ энэ загвараар байгуулагдах юм бол энэ төслийг оруулж ирсэн засгийн тэргүүн нь болох С. Баяр луу гутлаа шидсэн эхний хүнд нэг мянган AUS$ доллар амлаж байна. Энэ мөнгө нь шударга хөдөлмөрөөр олдсон бөгөөд Австралид ажиллаж, амьдардаг жирийн инженер цалингаасаа өгөх учир найдвартай бөгөөд та ичиж зоволгүй авч болно. Энэ шалтгааны улмаас гадаад дахь түншээрээ дамжуулан намайг дарамтлах юм бол арга ядсан би Монголд очиж үнэнхүү хатуу юмыг илгээх болно гэдгээ тангараглая!


Ёндон Гантулга 

gntga@yahoo.com

2009-03-03

Brisbane, Australia


төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1136 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)