Африкийн иргэдээ

2008-02-19,01:27
Ирээдүйн африкийн иргэдээ сайн байцгаана уу Very Happy Доорх нийтлэлийг уншаад санал бодлоо хуваалцаарай. Жоохон нуршуу л юм.. гэхдээ гүйлгээд уншчихна биз дээ.

http://www.mongolnews.mn/unuudur.php?n=24679

ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БАГАСГАХГҮЙ БОЛ МОНГОЛ ЦӨЛ БОЛЖ ХУВИРНА
Тэмдэглэсэн Н.САРАНГЭРЭЛ, Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН (2008-02-19)

Дахин сөөм ч газар хагалж болохгүй

Ц.Балдоржийн нэрэмжит Эко танхим анхныхаа уулзалтыг зохион байгууллаа. Танхимын анхны уулзалтад Экосистем судлаач, доктор Г.Баярсайхан, академич доктор, профессор Б.Эрдэнэжав, ХААИС-ийн Экологийн сургуулийн захирал, төрийн шагналт Н.Эрдэнэцогт, Цаг уур судлаач, доктор Ш.Баясгалан, Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Бат-Өлзий нарын эрдэмтэн судлаачид болон сэтгүүлчид уригдав. Экологи тойрсон олон асуудлаас бид энэ удаа цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, дулаарлыг шүүрэн ярилцсан. Тэр дундаа яг одоо олны анхаарлыг татаад буй “Атар III” аян хөтөлбөрийн талаар эрдэмтэд санал бодлоо дэлгэрэнгүй илэрхийллээ.

Г.Баярсайхан: XXI зуунд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд эрчимтэй явагдаж байна. Ялангуяа Монголд цөлжилт тун богино хугацаанд хүрээгээ тэллээ. Өнөөдрийн байдлаар гэхэд газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртсөн. Миний хувьд Дархан-Уул аймгийн экологийн өөрчлөлтийн судалгаанд гар биеэр оролцож байсан. Энэ үеэр Монгол орны цөлжилт урдаасаа биш төвөөсөө эхэлж байгааг тогтоосон. Тэгвэл 1940 оноос хойш дэлхийн цаг агаар 1.9 градусаар дулаарчээ. Харин 2020 он гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн төлөвөөр буюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшч, Африкийн халуун орон шиг халах хэмжээнд хүрэх нь тодорхой боллоо.

-Таны хувьд “Атар III” аян өрнүүлэхийг эсэргүүцдэг. Монгол Улс одооноос газар тариаланг хөгжүүлж, өмнөхөө сэргээж яагаад болохгүй гэж?
-Атрын аян ганц манай улсад өрнөж байсан ажил биш. Жишээ нь АНУ, Канад зэрэг оронд 1920-1930 онд маш эрчимтэй хөгжсөн. Мөн хуучин ЗХУ-д өрнөсөн атрын аяны 50 жилийн ой саяхан боллоо. Харин одоо эрдэмтэд атрын аянаар тухайн үед дэд бүтэц тодорхой хэмжээгээр хөгжсөн боловч экологийн асар их сүйрэл авчирсан юм байна гэдэгт санал нэгдсэн. Угаасаа сүйрэлд хүрдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэр үед Казахстанд Арал тэнгис гэж байлаа. Энэ нь манай Хөвсгөл далайгаас 10 дахин том. Гэтэл энэ тэнгис нь атрын аянтай холбоотойгоор ширгэж үгүй болсон. Түүнчлэн хөрсийг атаршуулснаас үүсдэг бас нэг сөрөг үр дагавар нь шороон шуурга юм. АНУ гэхэд хэдэн сая га-гаар нь газраа хагалсан. Гэхдээ тухайн үед эрдэмтдийнхээ зөвлөгөө, анхааруулгыг сонсч атаржсан талбайгаа ургамлан бүрхүүлээр нөхөн сэргээсэн түүхтэй. Хамгийн гол нь америкчууд хөрөнгөтэй, чадалтай улс  болохоор сэргийлж чадсан. Гэтэл бидэнд ийм боломж алга.

-Газар хагалахад байгаль орчинд хамгийн түрүүнд ямар сөрөг үр дагавар үзүүлэх вэ?
-Монгол Улс Киотогийн протоколд нэгдсэнээр агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хийг бууруулах, хязгаарлах үүрэг хүлээдэг. Тэгвэл хөрсөнд ялзмаг гэж бий. Монгол орны хөрсний ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үед 3.2 мг грамм байсан бол өнөөдөр энэ хэмжээ 70 хувь буураад 1.7 болсон. Байгальд нэг см зузаан ялзмаг бүрэлдэхэд олон зуун мянган жил шаардлагатай. Гэтэл бид үүнийг нэг далайлтаар үгүй хийх гэж байна. Газар хагалахад хөрсөн дэх ялзмаг задарч тэр хэмжээгээр хүлэмжийн хийг агаарт ялгаруулдаг юм. Түүнчлэн хагалсан газраас дэгдэх сул шороог яах билээ. Хуурайшилтай холбоотойгоор үүсээд буй түйрэн, шар шороон шуурга өнөөдөр зөвхөн Монгол Улсад хамаатай асуудал биш болоод удлаа. Тэгэхээр “Атар III” аяныг өрнүүлэх эсэхэд тун анхааралтай хандаж, үндэслэлтэй судалгаа хийх хэрэгтэй.

Б.Эрдэнэжав: Урьд нь өрнөсөн атрын аяны 50 жилийн ой удахгүй болох гэж байна. Энэ хугацаанд Монгол орны экологи асар их өөрчлөгдсөн. Ийм үед атрын шинэ аяныг эхлүүлж болохгүй. Уг нь Засгийн газраас дэвшүүлсэн энэ асуудал бодлогынхоо хувьд зөв юм. Газар тариалангаа сэргээж үр тарианыхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд, гурилаар ард түмнээ хангана гэдэг чухал. Харин үүнийг Р.Содхүү тэргүүтэй хэдэн эдийн засагчид боловсруулахдаа байгаль орчны асуудлыг тэр чигт нь хаячихаж. 5-6 сангийн аж ахуй байгуулна, өндөр хөгжилтэй орноос трактор, камбайн авчирна, шилдэг сортын үрээр га тутмаас 10-20 центр ургац авна гэх мэтээр л ярьж байна. Үнэндээ тэд хийсвэр сэтгэлгээгээр санал дэвшүүлжээ. Нэг ёсондоо шоу хийж байгаад тун их эмзэглэж байна.

-Ер нь хэдий хэмжээний хөрс хагалахад хэр их хүлэмжийн хий ялгардаг юм бэ?
-”Атар III” аян гэдэг бол экологийн талаас нь харвал террор буюу латинаар айдас хүйдэс төрүүлж байгаа санаа юм. Угтаа бол атар бол дэлхий ертөнцөд хаана ч байдаггүй юм шүү дээ. Тиймдээ ч Монгол орон бол монголчуудын мянга мянган жил амьдарсан бэлчээрийн нутаг болохоос атар биш юм. Атрын анхны аянаар 450 мянган га газар хагалсан. Дараа нь 1978 онд нэмж 1.11 сая га газрыг атаршуулсан. 1990-ээд онд 1.35 сая га-г хагалсан. Одоо 300-гаад мянган га газрыг эргэлтэд оруулсны 190-ээд мянгад үр тариа, хүнсний ногоо тарьж байна. Ингэснээр бид ямар үр дүнд хүрсэн бэ. Нэг жишээ хэлье. 1998 оны үед Монгол Улс 20-иод тэрбум тн үр тариа хураан авсан байдаг. Гэтэл байгаль орчинд үүнээс хавьгүй илүү хохирол учруулсан.


Хөрснөөс нэг сая тонн нүүрсхүчлийн хий агаарт цацжээ

Б.Эрдэнэжав: Манай эрдэмтдийн хийсэн судалгаагаар хамгийн багаар тооцоход нийт хагалсан газрын хөрснөөс 500-600 мянган тонн ялзмаг  устаж алга болжээ. Энэ нь нэг сая тонн нүүрсхүчлийн хий гарсан гэсэн үг. Өнөөдөр агаарын бохирдлыг энэ хэдэн цахилгаан станц, гэр хорооллынхон бий болголоо гэж хүн бүр ярьдаг нь бас буруу юм.

-”Атар III” аян эхлүүлье гэсэн Засгийн газрын бодлогыг эсэргүүцэхээс өмнө зөв хэрэгжүүлэх талаас нь ярьж болохгүй юү?
Г.Баярсайхан: Өнөөдөр монголчууд 300 мянган га талбайд улаан буудай тарьж байгаа мэтээр ойлгодог. Гэтэл энэ нь үгүй юм. Цөөн хэдэн хүний гарт мөнөөх талбай нь байдаг. Газрын эзэд тэр талбайгаа хятадуудад зарчихсан. Харин хятадууд тэнд рапс тариалж байна. Үнэндээ рапс тарихыг БНХАУ хориглочихсон шүү дээ. Тэгвэл бид үлдсэн талбайд тарьсан улаан буудайны тун цөөхөн хувийг хүнсэндээ хэрэглэж байна. Үлдсэнээр нь спиртийн үйлдвэрүүд архи, пиво үйлдвэрлэдэг.
За яахав. Бүгд “Атар III” аяныг эхлүүлье. Тэгвэл тийм их буудай тарих хүн байх болов уу. Хэрвээ улаан буудайны үнэ унавал бүгдээрээ рапс тарьж эхлэх биз. Түүнчлэн энэ аянд  300 тэрбум төгрөг зарцуулах юм гэнэ. Угтаа бол үүнийг газарт булахаас ялгаа байхгүй. Ингэж байгаль орчноо сүйтгэхийн оронд ард түмэнд хэрэгтэй зүйлд, бүтээн байгуулалтад зарцуулж болно доо.

Ц.Бат-Өлзий: “Атар III” аян үнэндээ хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол, эрх ашгийг хамгаалсан санаа. Уг нь энэ аяныг өрнүүлж болно. Алийн болгон бид гадаадаас гурилаа гуйх юм бэ. Хүнсний аюулгүй байдал, баталгаагүй хүнстэй холбоотойгоор янз бүрийн өвчлөл хүн амын дунд ихэсч байна. Чихрийн шижин, цусны өвчин жил тутамд нэмэгдсээр байна. Гэхдээ шинээр дахин нэг ч га газрыг хагалж болохгүй. Харин одоо байгаа 300 мянган га газраа хэрхэн зөв зүйтэй ашиглах вэ гэдэг чухал.
Ялзмагийг бий болгох асар хүнд. Харин агаарт цацах шиг амархан зүйл байхгүй. Жишээ нь, 1900-гаад оны үед хятадууд Бороогийн гол орчимд алт олборлож байжээ. Гэтэл тэнд одоо л ялзмаг үүсч байгааг тогтоолоо. Тиймээс тэр 300 мянган га талбайн хөрс ямар үржил шимтэй зэрэг бүх талын судалгааг эхлээд хийх хэрэгтэй. Үүний үндсэн дээр намрын уринш, хаврын усалгааг хэрхэн хийх, бордоог хэдий хэмжээтэй хэрэглэх вэ гээд бүгдийг нарийн тооцох ёстой. Үнэндээ аян өрнүүллээ гэхэд тэнд ажиллах мэргэжилтэн боловсон хүчин алга байна шүү дээ.


Монгол 2050 он гэхэд Африктай адил уур амьсгалтай болно

Ш.Баясгалан: Дэлхийн дулаарал уг нь байгалийнхаа жамаар явж байсан. Гэтэл сүүлийн 10-20 жил хүний оролцоотойгоор өөрчлөгдөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, хүн хүлэмжийн хийг бөөгнүүлж дулааралт гэдэг үйлдвэрлэлийг байгуулаад, тэр нь цөлжилт гэдэг бүтээгдэхүүн гаргадаг болчихлоо. Цөлжилт өнөөдөр газар сайгүй, бүр хойд мөсөн далайд ажиглагдаж байгаа. Хэрвээ монголчууд газар тариалангийн салбарт ямар нэг арга хэмжээ авахгүй бол цаашид 2020 он гэхэд одоо авч байгаа ургацын хэмжээ 40 орчим хувиар буурах судалгааг бид гаргасан.

-Хагас зууны дараа Монголын уур амьсгал, цаг агаар үнэхээр Африктай адил болох юм уу?  
-Дэлхийн анхны байнгын ажиглалт хийдэг цаг уурын станц 1861 онд байгуулагдсан түүхтэй. Үүнээс хойшхи ажиглалтаар газрын гадаргад ойрхон байгаа агаарын температур нэг орчим градусаар дулаарсан байгаа юм. Үүнийг 2100 онд гэж тооцоход одоогийн температур дэлхийн хэмжээнд 4.8 градусаар нэмэгдэх төлөв гарсан. Харин Монгол Улсын хувьд 1936 оноос хойшхи 60 жилийн эх мэдээнээс үзэхэд 0.6-1.2 градус дулаарсан байдаг. Үүнийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлдог загвараар шинжихэд хэрвээ бид хүлэмжийн хийг багасгах ямар нэг арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд гурав орчим градусаар нэмэгдэх төлөв бий. Цаашлаад 2050 он гэхэд 5.3 градусаар нэмэгдэнэ. Тэгэхээр Африктай адил хална гэсэн үг.

Н.Эрдэнэцогт: Үнэндээ Монголын төр, засгийн дээд удирдлагууд эрдэмтэн, судлаачдынхаа үгийг огт авч хэрэгсдэггүй. Зүгээр л мөнгөтэй, эрх мэдэлтэй хэдэн хүн энэ орныг хөдөлгөж байна. Тэгвэл Монголын, дэлхийн байгаль орчны төлөв байдлын талаар би товчхон онол хэлье. Бурхнаас экологийн маш тэнцвэртэй төлөв байдлыг бидэнд өгчээ. Зохистой, нэн зохистой төлөв байдал гэсэн гурван үе шатаар өгсөн байна. Харин хүн төрөлхтөний нөлөөгөөр дээрх гурван төлөв байдал өөрчлөгдсөн. Эхлээд хямрал үүссэн, дараа нь сүйрэл болоод одоо мөхөл рүүгээ явж байна. Тийм учраас Монголын байгаль орчин өнөөдөр орших уу, эс орших уу гэдэг дээрээ тулаад байгаа юм.

Хөрс судлаач Доржготов академичийн 1969 онд бичсэн номонд 1962 оны байдлаар хоёр аймагт нийт 667 мянган га газрыг хагалжээ. Энэ нь тухайн аймгийн хагалбал зохих газрын 48.3 хувь байгаа юм. Харин тэнд тариалсан талбай нь 472 мянган га. Дараа нь буюу 1965 онд 480.6 мянган га талбайд тариа тарьжээ. Бусдыг нь зүгээр хаячихсан. Тодруулбал, 1.35 сая га газрыг сийчээд хаясан байгаа юм. Гэтэл одоо 300 мянган га-г ашиглаж байгаа атлаа дахиад эрүүл хөрсийг эрэмдэг болгох тухай ярьж байна. Газрын гадарга, хөрс бол агаар мандлын толь мөн. Хүч түрэмгийлсэн аргаар асуудлыг шийдэж болохгүй шүү дээ. Урьд нь фашист аргаар гэж ярьдаг байсан бол үнэндээ одоо террорист аргаар байгаль орчинтой, газрынхаа хөрстэй харилцах гээд байна.

Цөлжилт гэж чимээгүй ирэх мөхлөөс бид яаж хамгаалах вэ. Үүний эсрэг бүх нийтээрээ ажиллах хэрэгтэй. Эхний ээлжинд цэцэрлэгийн хүүхдээс төрийн тэргүүн хүртэл цөлжилт, байгаль орчны чиглэлээр соён гэгээрэх цаг болсон. Энэ ажилд эрдэмтэд, сэтгүүлчдийн үүрэг асар их. Эко танхим байгуулна гэдэг энэ чиглэлд хийж байгаа анхны том ажил учраас тун их талархаж байна.

-Нэг ч га газар  нэмж хагалах хэрэггүй гэлээ. Тэгвэл одоо ашиглаж байгаа 300 гаруй мянган га газар монголчуудын гурилын хэрэгцээг хангахад хүрэлцэх үү?
Б.Эрдэнэжав: Технологийн шинэ дэвшил ашиглаад, ургац арвин өгдөг сортыг сонгож, газартай зөв харилцаж, цаг уурын өөрчлөлт, хөрсний үржил шимийг тооцоолж, ухаалаг үйлдвэрлэлийг явуулж чадвал боломжтой. Бид 700-аад мянган тн үр тариа хэрэглэдгийн гуравны нэгийг гадаадаас авдаг, үлдсэнийг нь дотоодоос хангадаг байсан. Хэрэв нэг га-гаас 15 центнер авъя гэж бодоход л Монголыг хангаж элбэг дөнгөнө.

Ц.Бат-Өлзий: Үрийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Элит болон сортын үрийн талбайтай болох ажлыг компаниуд хийж эхлэх шаардлагатай байна л даа. Үүнийг шийдэхгүйгээр амжилтад хүрэхгүй.

-Атрын гуравдахь аян экологийн сүйрэлд хүргэж болох учраас үүнээс татгалзах ёстой гэдгийг төр, засагт ойлгуулахын тулд та бүхэн ямар арга хэмжээ авах вэ. Өөр зуураа ярилцаад л өнгөрч болохгүй биз дээ?
Г.Баярсайхан: Эрдэмтэд дуугаа хүрэх газарт хүргэнэ. Хэрэв төр, засаг сонсдоггүй юм бол дэлхий нийтэд хандана. 1992 онд Монгол Улс Рио де Жанерод Цөлжилттэй тэмцэх конвенцид нэгдэн орсон. Мөн Киотогийн протоколд нэгдсэн. Үүгээр экосистемийн тогтвортой байдлыг хамгаалах, хүлэмжийн хийг багасгах үүрэг хүлээдэг. Атрын гуравдугаар аяныг эхлүүлснээр дэлхийн 191 орны өмнө хүлээсэн үүргээсээ ухарч няцаж байгаа юм. Тийм учраас өнөө маргаашийг бодсон харалган бодлогын маань хариуд дэлхий нийт биднийг шүүж мэднэ.


Ногоон хэрэм элсний нүүдлийг зогсоож чадахгүй

-Цөлжилтийг зогсоох гол аргыг ногоон хэрэм гэж үзээд Засгийн газраас хөтөлбөр баталж, их хэмжээний мөнгө энэ ажилд зарцуулж эхлээд байгаа. Ногоон хэрэм байгуулчихвал цөлжилтийг үнэхээр зогсоож чадах уу?
Г.Баярсайхан: Урдаас нүүж байгаа элсийг эволюцийн хөгжлийн явцад дасан зохицоод, тэсч үлдсэн заган ой л зогсоож чадна. Мөн хүний сөрөг үйл ажиллагаа багассан тохиолдолд бас боломжтой. Ногоон хэрэм элсний нүүдлийг зогсоож чадахгүй. Заган ойг сэргээх тухай л ярих ёстой юм.  Түүнээс дасан зохицох чадваргүй ургамлыг тариад ногоон хэрэм босгоно гэдэг их хэмжээний мөнгийг шороонд булах бас нэг кампанит ажил.

Б.Эрдэнэжав: Би наад асуудлаар чинь танай сонинд өгүүлэл нийтлүүлж байсан.

Ц.Бат-Өлзий: Ногоон хэрэм гэдэг одоогийн атар газар гэдэг шиг л юм.

-Нийслэлд тарьсан мод ургахаа больсны шалтгаан юутай холбоотой вэ. Хорь гучин жилийн өмнө тарьсан нь ургаад байхад сүүлийн үеийнх нь амьдарч чадахгүй байна. Манай цэцэрлэгчид ургуулж чадахгүй байна уу, эсвэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу?
Г.Баярсайхан: Байгальд муу мод гэж байхгүй. Шалгарлаар гараад л ирсэн. Бид сүүлийн үед улиасыг их гоочлох болсон. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт ургаж болох ганц мод нь улиас. Хар мод гэхэд их хэмжээний чийг шаарддаг. Гэтэл одоо хот тохижуулж байна гээд модоо байнга тайрах болжээ. Ингэж болохгүй. Мод тэнгэрт тултал ургах ёстой. Ногоон байгууламжийн хэмжээ нэмэгдэх хэрээр сүүдэр их өсч газрын хөрсийг халахаас сэргийлж чадна. Тиймээс ургадгаар нь улиасыг их хэмжээгээр тарих хэрэгтэй. Харин эр, эмийн алийг нь тарихаа зөв сонгох ёстой.

Ц.Бат-Өлзий: Мод гэдэг байгаль цаг ууртайгаа зохицож амьдардаг амьтан. Хангайн мод говьд, говийнх хангайд ургахгүй. Хоёрдугаарт, дулаан, чийг, хөрснөөс авах эрдэс, шимт бодисгүйгээр мод ургахгүй гээд шалтгаан тоочвол олон. Гэхдээ хамгийн гол нь манай төр, засгийн бодлого шинжлэх ухаангүйгээр хэрэгждэгт гол алдаа нь байгаа юм.

-Манайд экологийн чиглэлээр ажилладаг сургууль олширч, тэр хэрээр эрдэмтэн докторуудын тоо ч нэмэгдсэн. Тэгсэн хэрнээ мод тарих зэрэг наад захын асуудал дээр шинжлэх ухаанч бишээр хандана гэдгийг ойлгохгүй юм.
Ц.Бат-Өлзий: Би наад асуултад чинь өөрийнхөө жишээн дээр хариулъя. 1976 онд “Утаа татсан Улаанбаатар”, “Үнсэн саарал Улаанбаатар”, зэрэг цуврал нийтлэл “Ил товчоо” сонинд гаргаж байлаа. Хэн ч тоогоогүй. Өнгөрсөн жил Улаанбаатарыг утаанаас салгах мастер төлөвлөгөө боловсруулна гээд биднийг дуудсан. Бид ч хийгээд өгсөн. Тэгээд сураггүй. Асуусан чинь УИХ, Засгийн газарт оруулсан гэнэ. Эрдэмтдийн боловсруулсан төлөвлөгөөг хотын дарга нар “тэнд” хамгаалах юм гэнэ. Доторхыг нь мэдэхгүй улс юугаа ярьж, яаж ойлгуулах юм, бүү мэд.


Эгийн гол тасарсан нь Хөвсгөл далай цаазын тавцанд очиж байна гэсэн үг

-Гадагшаа урсгалтай, эх оронч биш голуудын урсгалыг өөрчлөх тухай нэлээд ярьсан. Тэр ч байтугай хааж боох санал ч гарч байсан. Цөлжилтийг сааруулах нэг арга энэ байж болох уу?
Б.Эрдэнэжав: Болохгүй. Мөнх цаст уулын мөс хайлж байгаа. Өнгөрсөн жил Хөвсгөл нуураас эх авдаг Эгийн гол тасарсан. Эгийн голын усны түвшин буурна гэдэг Хөвсгөл далай доошилж өнөөх цаазын тавцандаа очиж байна гэсэн үг шүү дээ. Энгийнээр ярихад.
Ш.Баясгалан: Би бас дотроо энийг боддог юм. Яахаараа бид Сэлэнгийнхээ усыг тэр чигээр нь Орос руу гаргачихдаг юм бэ гэж. Энэ асуудлыг ОХУ-ын байгаль орчных нь салбарт тавьж болно шүү дээ. Бидэнд эрчим хүчний хэрэгцээ байна. Дотроо ашиглаад цахилгаан станц байгуулъя гэж. Мэдээж зөвшөөрөхгүй л дээ. Лаг үүснэ ч гэдэг юм уу шалтгаан хэлж таарна. Тэр тохиолдолд бид Оросоос усаа ашиглаад нөхөн төлбөр авч болно.

Г.Баярсайхан: Эх оронч биш голын урсгалыг хаая гэдэг бол хүний тархинд тэжээл өгч байгаа нэг судсыг бооё гэсэнтэй адил. Сэлэнгэ мөрөн Байгаль далайд цутгадаг. Хөвсгөл нуур Байгальтай хүйн холбоотой. Тэгэхээр энд нэг гурвалжин үүсч байгаа биз дээ.

Ш.Баясгалан: Дэлхийн байгаль орчны бизнес ийм замаар хөгжиж байгаа.
Н.Эрдэнэцогт:Тэр утгаараа бол болно.
Б.Эрдэнэжав: Сэлэнгэ мөрөн Байгалийн усны 53 хувийг хангадаг. 2000 он хүртэл Байгаль нуураас  Ангар мөрөнд орж байгаа уснаас Сэлэнгээс Байгальд цутгаж байгаа усны хэмжээ илүү байсан. Гэтэл одоо Сэлэнгийн өгдөг ус Ангарт орж байгаагаас багассан. Тийм учраас хил дамнасан голуудын сав нутгийг ашиглахдаа заавал бие биеэ дэмжсэн хэлбэрээр явах ёстой глобаль асуудал юм.

Н.Эрдэнэцогт: Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт бид голоо цэвэр байлгаж чаддаг бил үү гэдгээ бодох ёстой. Манай голууд эх авч байгаа хэсэгтээ л бохирдлын хэмжээ нь бага байгаа шүү дээ.

Б.Эрдэнэжав: Сүхбаатараас Наушкийн хоорондох Сэлэнгийн усан дахь мөнгөн усны агууламж хүний биед зөвшөөрөгдөх хэмжээнээс долоо дахин их гэсэн шинжилгээний дүн бий. Энэ бохирдол Орхон, Туулын сав нутагт ажиллаж байгаа алтны компаниудтай холбоотой. Ийм бохир ус нийлүүлж байгаа болон усны хэмжээ багасч байгаагийн хариуд манайхан Орост төлбөр төлөх хэмжээнд хүрч магадгүй л байх шүү.

Н.Эрдэнэцогт: Цөлжилтийг буцаах, таслан зогсоох арга бидэнд байхгүй. Сааруулах арга л байж болох ч сааруулна гэдэг бас эргэлзээтэй. Дасан зохицох асуудлыг цаг уурчид нэлээд тавьж байгаа. Эрдэмтэн хүний хувьд би ч бас хайж байна. Хамгийн гол нь Монгол орны хувьд цөлжилтийг бууруулах экологийн хориг байна уу гэдгийг харах ёстой. Ийм хориг байна.  Өндөр уулсын тогтолцоо л энд тус болж магадгүй. Цөлжилт тухайн газрынхаа баялаг ургамал, амьтныг ч алга болгодог. Түүнийг түшиж амьдардаг хүмүүсийг мөн дайжуулна.

-Сүүлийн үед хүн болгоны сонирхож байгаа Оюутолгойтой холбоотой нэг асуултыг тавья. Тэнд уурхай олборлолт явуулахдаа гүний ус ашиглана гэсэн тооцоо байдаг. Гэтэл гүний усыг ашиглавал хэдэн жилийн дараа хөрс доош сууж хатаж эхэлнэ гэсэн манай нэг эрдэмтний хийсэн судалгаа бий. Энэ талаар эрдэмтэд ямар бодолтой байна вэ?

Б.Эрдэнэжав: Зөндөө судалгаа бий. Инженер гидрогеологийн, гидрологийн гээд хангалттай олон судалгааг манайхан хийсэн ч түүнийг харж анзаардаг хүн алга. Ганцхан жишээ хэлье. Цагаан суваргаас зэс молибден олборлоход хажууд нь байгаа Цагаан цавын хоолойн усан санг ашиглах тухай яриа болж 1976 онд тусгай групп илгээсэн. Оросын зургаа, Монголын дөрвөн эрдэмтэн очоод үзэхэд 120 км орчим урт өргөнөөрөө 10-40 км далай байлаа. Цагаан суваргад үйлдвэр барьсан бол “Эрдэнэт”-ээс 1.5 дахин том болох байсан. Гэтэл “Эрдэнэт” хоногт 60 мянган шоометр усыг Сэлэнгийн доороос татаж байгаа. 1976 онд ашиглаж байсан гүний шахуурга нэг шоометр усыг хоёрхон минутад сорж байгаа юм. Гэтэл ийм хэмжээний ус 96-99 жилийн дотор нөхөгддөг гээд бодоход ашигласан бол яах байсан нь ойлгомжтой байгаа биз. Хөрсний усыг соруулаад авчихаар тэнд хоосон орон зай үлдэнэ. Ингэхээр газрын гадарга деформацид орж  доош сууж таарна, газар хөдөлж магадгүй гэсэн үг. Бэлээхэн жишээ гэхэд л Узбекийн Газли хот байна. 1980-аад онд энэ хот нурсан. Газрын дороос хийг нь соруулаад авчихаар тийм зүйл болсон хэрэг.

Г.Баярсайхан: Төв Америк, Аризонад газар тариалан эрчимтэй хөгжсөн. Бидний яриад байгаа усалгаатай тариалан сүүлийн 30-аад жилд тун эрчимтэй хөгжүүлсний уршгаар гүнийх нь ус хоёр метрээр доошилсон гэсэн тооцоо гарсан байдаг юм. Тэгэхээр манай Оюутолгойг ашиглахад гүний ус багасч газрын хөрс доошоо суух нь тодорхой.

Ц.Бат-Өлзий: Би үүнийг Багануурын жишээгээр хэлж чадна. Тус уурхай 80 метрийн гүнээс усаа авч Дулааны станцаа хангадаг. Үүгээр хотоо халаадаг. Нөхөн сэргээлт харьцангуй сайн хийдэг гэхэд л Гүн нуурын усны түвшин буурсан судалгаа байна.

Эрдэмтэд, сэтгүүлчдийн уулзалт хоёр цаг гаруй үргэлжиллээ. Экологийн асуудлаар хэн хэнд нь ярих зүйл их байсан. Дараагийн уулзалтаар бид байгаль орчны өөр асуудлыг хөндөнө.
 

төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1432 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)