Даши Сампилон- Буриадын сүүлчийн Ерөнхийлөгч

2018-09-16,21:38
aa97f95efa450e24e58e9b207ba31f6c

Даши Сампилон хэмээх энэхүү Буриадын сэхээтэн манай Бямбын Ренчин гуайн ойрын багш байсныг мэдэх хүн төд олон болов уу. Бас их эрдэмтэн Б.Ренчин маань багшийнхаа хүсэлтээр түүний үр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлсэн гэдэг...


Гэхдээ түүний тухай одоог хүртэл олон зүйлс нууцлаг хэвээрээ л байна. Зөвлөлт засгийн үед түүнийг буудан хороосноос хойш нэр төрийг нь гутаан, мартсан билээ...

АРД-ын нийтлэлч Евгений Хамаганов: "-АРД-ын нэгэн уншигч Даши Сампилоны тухай ямар нэгэн юм зүйл нийтлээч гэж хүссэн юм. Яг үнэнээ хэлэхэд миний хувьд Сампилон гэдэг хүн Богданов, Жамсран болон Ринчино нараас тусдаа хүн шиг санагддаг байлаа. Дөтгөөр бас хамгийн сүүлийн Буриадын Үндэсний Хорооны дарга, өөрөөр хэлвэл Буриад улсын ерөнхийлөгч энэ хүн мартагдалын манангийн цаана үлдэж хоцорсон байна. Тэрээр атаман Семеновтой хамтран ажилласныхаа төлөө өс хонзон санагч, алуурчин, мөнхүү Байгалийн чинадын дарангуйлагч Михаил Богдановын араа шүдэнд зуугдсан. Намайг 2008 онд Буриад улсыг үндэслэгчдийн тухай цуврал нийтлэл бичих үед, энэ нь сэтгүүлч Цыдендамба Бадмацыреновт Даши Сампилоны тухай хувийн эрэн сурвалжлах судалгаагаа хийх бодол төрүүлсэн юм. Ингээд АРД-ын зүгээс Цыдендамбад талархахын ялдамд түүний 2012 онд нийтлүүлсэн материалыг бас танилцуулж байна. Мөн "Забайкал" сайт миний нийтлэлүүдийг хадгалж байсан нь бас сайн хэрэг шүү."

Даши Сампилон нь Агийн талын Аршантуев суманд 1891 онд малчин ард Сампил Санжаевын гэрт мэндэлжээ. Тэрээр тэдний хоёр дахь хүүхэд нь байсан байна. Мөн тэрээр Шойдок, Сандан хэмээх хоёр дүү дагуулсан аж. Харин Сампил гуайн том хүү нь хамаатнаасаа өргөж авсан Жамбал хэмээх хүү байжээ.

Эрт цагт мянган жилийн турш манай өвөг дээдэс өөрийн үр хүүхэд төрөхгүй байх тохиолдолд ойрын хамаатнуудаасаа хөвгүүн юм уу эсвэл охин өргөж авдаг байсан юм. Үүний ачаар хүүхэдгүй хосуудад эцэг, эхийн мэдрэмж төрж, өргүүлсэн хүүхэд маань араасаа дүү дагуулдаг байсан нь гайхалтай. Энэ бас л нууцыг нь тайлахыг хүлээсэн байгалийн нэгэн далд үзэгдэл байх шүү.

Гэрийн эзэн Сампил Санжаев өөрийнхөө насанд ийнхүү хөвгүүдээр хүрээлүүлснээрээ баяр хөөр, аз жаргалаар бялхаж болох байсан байх. Гэвч ирж буй ХХ зуун талын малчдад цуст хүчирхийлэл болон ойлгомжгүй түгшүүр чирч ирлээ. Харин жирийн малчин Сампил ийм эрин үед хөвгүүдэд нь амьдралдаа хөл алдахгүй, байр сууриа олохын тулд мэдлэг, боловсрол хэрэгтэй гэдгийг ойлгосон юм.

Ингээд аав нь 13 настай Дашийг эргэлзэх зүйлгүйгээр Агийн сүмийн сургуульд оруулсан агаад харин хүү нь онц дүнтэй төгссөн байна.

Үүний дараа, 1908 онд залуу хүү Москвагийн газар эдэлбэрийн сургуулийн сонсогч болжээ. Харин Даши хугацаанаасаа өмнө бүтэн курсын шалгалтыг яаралтай өгөн тус сургуулийг төгсгөсөн байна. Дараа нь 1913 онд Тимирязовын ХАА-н академид элсэн орсон юм.

Тэр үед бусад залуу хүмүүсийн адил хувьсгалт хөдөлгөөнийг сонирхож, хувьсгалын үзэл санаагаар амьсгалж байлаа.

1917 онд 26 настай Д.Сампилон Дорнод Сибирийн тойргийн Буриад-монголчуудын их хурлаас түүнийг Бүх Оросын тариачдын их хурлын гишүүнээр сонгосон тухай цахилгаан мэдээ хүлээн авчээ.

Энэ хүний эрч хүч оргилон буцалж байсныг дараах баримтуудаас харж болох юм. 1918 оны нэгдүгээр сард тэрээр Буриад-Монголын үндэсний хорооны (БМҮХ- буриадын ард түмний үндэсний хөдөлгөөнийг удирдах байгууллага) Эрхүүгийн хэлтсийн даргаар сонгогдсон байлаа. Үүнээс өмнөхөн Петроградад 1917 онд байхдаа тэрээр Буриад-Халимагийн Хорооны гишүүн байсан юм.

Гэхдээ Даши Сампилоны тухай баримтууд ховор хэвээрээ байсаар л байна. Боловсролтой, өргөн мэдлэгтэй тэрээр Октябрийн хувьсгалын дараа ч, иргэний дайны үеэр ч, Зөвлөлт засгийн байгуулах үед ч улс төрөөр шургуу оролдож, Буриад-Монголын автономийг бий болгох, буриадын үндэсний чөлөөлөх хөдөлгөөн хийгээд Монголын ард түмний нэгдэл, ойртон нягтралын төлөөх үзэлээр амьсгалж байв.

1999 онд Буриадын шинжлэх ухааны төвөөс гаргасан "Буриадын тэргүүлэх зүтгэлтнүүд" (Гуравдахь хэвлэл) цувралд "Даши Сампилон" (1891-1937) гэсэн намтар эссэ буй. Үүний зохиогч нь И.Н.Шагдурова юм. Энэ товчхон нийтлэлдээ зохиогч нууцлалын зэргээс гаргаж, олон нийтэд ил болгосон намтраас нь иш татсан байдаг.

Д.Сампилон өөрөө ийнхүү бичиж байжээ. "Би яагаад Эрхүүгийн буриад сэхээтнүүдийн зүүн бүлгэмийнхэнтэй яваагүй вэ, бас яагаад Петроградад 1917 онд намайг сонгож байсан тэр замаас ухарсан бэ?

Үүнд маш олон зүйлс нөлөөлсөн. Тухайлбал би зөвхөн буриадын бус илүү өргөн хүрээний үндсэрхэг үзэлтэн байсан. Тухайн үед үндэсний хувьсгалт хөдөлгөөнийг Орос оронд ч тэр, хилийн чинадад ч хувьсгалын хоёрдагч хөдөлгөх хүч гэж харж байв. Үндэсний болон хагас колони орнуудын соёл-эдийн засаг, улстөрийн хөгжилгүйгээр, Европын улстөр-эдийн засгийн ард түмний хувьсалгүйгээр социализмд хүрэх зам удаан байх болно гэж надад санагдаж байлаа...". Эдгээр үгс түүний ертөнцийг үзэх үзлийг илэрхийлж байгаа юм. Тэр бол Буриадын үндэсний хөдөлгөөний үзэл санааны номлогч байжээ.

Цааш нь зохиогч Сампилон болон түүний БМҮХ-н дахь нэг талынхан үндэсний хөдөлгөөний гол зорилго- Буриад-Монголийн үндэсний автономит эрхийг авах зорилгодоо хүрсэн хэмээн бичсэн байна. Сампилон нь 1923 онд Буриад-Монголын Бүгд Найрамдах Улс байгуулагдах буюу буриад үндэсний автономит эрхийг авах үндэсний хөдөлгөөнд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан юм.

Гэвч түүнд БМАБНУ-д ажиллах хувь тохиосонгүй. Москвад Гадаад хэргийн Ардын комиссиарын газарт ажиллаж, Монголын Элчингийн зөвлөх нарийн бичгийн даргын алба хашиж байлаа. Харин 1925 онд БНМАУ-ын Ардын ААЯ-ны урилгаар тус яаманд зөвлөхөөр ажиллахаар очжээ. Тэрээр Монголыг төлөөлөн Европт ажиллаж, амьдарч байлаа. Тэрээр Берлин, Мюнхен, Парис, Лондон, Брюссел, Прага, Венад байсан юм...

Сампилонийн Даши гэр бул

Харин 1929 он Даши Сампилон болон түүний гэр бүл, гэргий Радна Оширова, хоёр охин болох зургаан настай Няма, хоёр ойтой Индра нарын хувьд эмгэнэлтэй бөгөөд аймшигтай жил болов. Түүнийг Монголд баривчлаад Москвад хүргүүлжээ. Д.Сампилоныг Зөвлөлт засгийн эсрэг ажилласан хэмээн буруутгаж хорих лагерьт 10 жил хорих ял оноосон юм. Тэрээр Соловцад ялаа эдэлж байлаа. Удалгүй түүний олон талын гүн гүнзгий мэдлэг, туршлага хэрэг боллоо. Тэрээр хяналтан дор Цагаан тэнгист буюу Ленинградад амьдарч, хөдөлмөрлөж эхэллээ.

Мөн нэгэн баримт байдаг. Юу гэвэл хамтран зүтгэгч, өөрийн шавь Бямбын Ренчингээс өөрийнхөө гэргийд туслахыг хүсч, Няма, Индра хэмээх хоёр охиноо хөл дээр нь бостол харж хандахыг гуйсан байдаг. Мөн таарч тохирвол манай гэргийтэй гэрлээрэй гэсэн аж. Тэрээр хайрт дотнын хүмүүсээсээ үүрд хагацан одож буйгаа мэдэж, мэдэрч байжээ.

Түүний залуухан найз, хамтран зүтгэгч, шавь нь болох Бямбын Ренчин түүний сүүлчийн хүсэлтийг ёс төртэйгөөр биелүүлсэн юм. Охидыг өсгөн хүмүүжүүлж, боловсрол олгожээ. Тэднийг өргөн авч өөрийнхөө овгийг өгсөн юм. Харин Бямбын Ренчин өөрөө Монголдоо алдартай нэгэн болж, анхны академич, дэлхийн хэмжээний эрдэмтэн, зохиолч, яруу найрагч болсон билээ. Харин Няма нэртэй нүдний эмч болж, ард түмэн түүнийг "Нүдний Няма" хэмээдэг болсон агаад түүний дүү Индра зоотехникч-эрдэмтэн болсон юм.

Эдүгээ Улаанбаатарт Даши Сампилоны бага охин 85 настай Индра амьдарч буй агаад түүний хүү Ганнибал, хүүхдүүд, Нямагийн ач, гуч нар нь болон Сампилоны охидын хойт ах, Монголын нэртэй палеонтологч Р.Барсболд гэр бүлийн хамт амьдарч байна.

Эдгээр хүмүүс өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө уг гарлыг тодорхой мэддэггүй байжээ. Ямар нэгэн ээдрээтэй, зөрчилдөөнтэй цуу яриа л сонсож байсан гэдэг.

Энэ нь ч шалтгаантай. Буриадын үндэсний хөдөлгөөн болон Монголын ард түмнүүдийг нэгтгэх хүсэл эрмэлзлэл, үзэл санаанаасаа болон хэлмэгдсэн энэ хүний нэрийг  ЗХУ болон БНМАУ-д дурсах ч хориотой байлаа.

Өөрийнхөө энэ үзлийн төлөө Даши Сампилон хатуу ширүүн шүүмжлэлтэй тулгарч, дараа нь ердөө панмонголизм болон төрийн эсрэг улстөрийн гэмт хэрэгт буруутгагдсан юм. Түүнийг баривчилсныхаа дараа эмгэнэлтэйгээрээ алдаршсан 58 дугаар зүйл ангиар түүнийг ялласан юм. Хорих лагерьт хугацаат ялаа эдэлж дуусаагүй байхад нь Эрүүгийн хуулийн мөнөөх зүйл ангиар ДХЯ-наас дахин ял тулгаж, буудан хороосон байдаг.

Саяхныг хүртэл Даши Сампилоныг 1937 онд буудан хороосон гэж үзэж байлаа. Гэтэл тийм биш байжээ. Тэрбээр буудуулах хүртлээ 1938 оны нэгдүгээр сарын 20 хүртэл амьд байсан байна.

Юутай ч саяхны баримт болох Карелийн оршуулгын бичгийг харъя.

" Сампилон Даши Сампилович: 1891 онд төрсөн. Төрсөн газар: Буриад-Монголын БНУ. Агийн аймаг. монгол, мэрэгжил: агрономч, Буриад-Монголын Думын дарга, амьдарч буй газар Карелийн АЗУ, Медвежьгорын тойрог.

1937 оны 8 дугаар сарын 1-нд баривчилагдсан. Карелийн АЗУ-ын  ДХЯ-наас 1937 оны 9 дүгээр сарын 20-нд ЭХ-ийн 58-10 дахь зүйл ангиар яллуулсан. 1938 оны нэгдүгээр сарын 20-нд буудан цаазалсан. Буудан хороосон газар: Архангельск муж. Сэргээн бичсэн Карелийн прокурор. Огноо 1984 оны 4 дүгээр сарын 12." Нэг ийм аймшигтай бас цөөн үгтэй баримт.

Даши Сампилоны үндэсний автономит эрхийн үзэл санаа хэрэгжиж, 1923 онд БМАБНУ байгуулдагдсан билээ.

Гэвч хөндлөнгийн хүмүүсийн санаачлага, хүслээр БМАБНУ-ыг задлан, гурван хэсэгт хувааж, үндэсний хоёр тойрог, Буриадын Бүгд Найрамдах Улс бий болсон билээ. Энэ бол 1937 оны есдүгээр сарын 26 байлаа.Харин энэ үеэр үндэсний автономит хөдөлгөөний удирдагчдыг ДХЯ-ны хорих лагерь, шорон гянданд устгаж байв. Ийнхүү Цыбен Жамсарано, Базар Барадин, Даши Сампилон болон буриадын ард түмний бусад төлөөлөгч нарыг буудан хороосон юм.

Яг 60 жилийн турш ХХ зууны эхэн үеийн мэдлэг боловсролтой хүмүүсийн нэг болох, улстөрч, нийгмийн зүтгэлтэн, агрономич, эдийн засагч, Агийн талын хүү Даши Сампилоны ариун нэр алдар мартагдсан билээ.

Хүмүүсийг өөрсдийнхөө садан төрөл, хүү нараа ургийн бичгээсээ хасах хүртэл нь яаж тэгтэл айлгаж байв? Аль эсвэл "ардын дайсны" хамаатан садан болж, цаашдын хувь заяагаа харлуулахгүйн тулд мэдсээр байж ийм үйлдэл хийж байв уу?

Энэхүү нийтлэлийн эхэнд дурьдсанчилан Сампил Санжаевд Дашийн дүү нар болох Шойдок, Сандан хэмээх хоёр хүү байсан билээ. Тэдний хувь заяа ч бас эмгэнэлтэйгээр дууссан юм. Агийн тойрогт амьдардаг тэдний хамаатан садангууд тэдний хувь заяаны талаар юу ч мэдээгүй байснаар барахгүй тэр хүмүүсийг хараа ч үгүй байжээ. Саяхан олж мэдэгдсэнээр тэд ч бас засгийн газар, ДХЯ-наас мөрдөн мөшгигдөж байжээ.

Шойдок баричлагдан буудуулсан гэсэн мэдээ байна. Түүнд гэр бүл, үр хүүхдүүд байсан агаад эдүгээ тэд Буриадад амьдарч байгаа аж.

Гурав дахь дүүгийнх нь хувь заяа маш хүнд хэцүү байжээ. Сандан ямар нэг аргаар ах нарынхаа хувь заяаг давтахаас дутааж Хятадад гарсан байна. Бүүр түүр сургаар түүний удам эдүгээ тус улсад амьдардаг гэнэ.

Ийнхүү ах дүү гурвын үр хойчис эдүгээ Орос, Монгол, Хятад гэсэн гурван оронд амьдарцгааж байна. Одоо хүртэл эдгээр эгч, ахан дүүс нэг нэгнийхээ байдаг үгүйг мэдэхгүй аж төрцгөөж байгаа юм.

Эрхэм уншигч минь би Агийн жирийн малчин, одоогийн хөдөөгийн "Сахюрта-Цахиарт" суурингийн орчмоор мал сүргээ даган нүүдэллэж байсан Сампил Санжаевын хүүхдүүдийн хувь заяаны тухай өгүүллээ.

Мөн сахюртчууд өөрийнхөө нутгийн нэртэй хүү болох Орос, Монгол хоёр орны аль алиных нь төрийн зүтгэлтэн байсан Даши Сампилоны хувь заяаны талаар сонирхоно хэмээн итгэхийг хүсэж байна.

Түүнчлэн түүхчид, судлаачид, орон нутаг судлаачид Аг нутгаас төрж гарсан Даши Сампилоныг түүхэнд зохих байр сууриа эзлэхэд нь гар хумхин суухгүй байх гэдэгт итгэхийг ч хүсэж байна.



Эх сурвалж:

http://asiarussia.ru/persons/4754/

төрөл: Өөртөө хадгалж авсан | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 78 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)