Уйлж байгаа Орхоныг авраач, байгаль орчны сайд аа!

2010-06-27,15:08
Уйлж байгаа Орхоныг авраач, байгаль орчны сайд аа!
-Голын эх ундарга дээр алт олборлож байгаа компаниудын лицензийг хэзээ цуцлах вэ. Гол нь тасрахаар уу–

Домог болсон аравгар хээрийн нутгаар ургамал ногоо дэлгэрч, цэцэг навчис чимээд зуншлага сайхан байна. Малаа барж, хотоо харлуулсан малчдын цөхрөл, Орхон голын “уйлаан”-ыг эс тооцвол Өвөрхангай аймагт зуны налгар өдрүүд үргэлжилж байна. Манай сонины сурвалжлах баг тус аймгийн Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга суманд ажиллаж байна.

Бид эртний түүхт Орхон гол усаар биш улаан шороогоор уйлан урсаж байгааг сурвалжиллаа. Орхоны уйлаан алтын төлөө байгаль дэлхийг сүйтгээд ч хөлжиж, баяжиж ханаж чаддаггүй “шуналын тулам” болсон хэдэн баячуудаас үүдсэн тухай нутгийн иргэд хатуухан хэлж байлаа. Гол дагасан энд амьдрал үгүй болж, хаа нэгтээ урсах горхийг бараадсан малчид олноор бөөгнөрөн суурьших аж. Арга ч үгүй биз, химийн хүнд элементтэй, улаанаараа эргэлдэх голоос ууж, зуднаар “талийсан” малынхаа араас амиа хорлолтой биш дээ. Голын эх ундарга дээр “Монгол газар” компани зургаан жилийн өмнөөс алт олборлолт явуулж, байгалийн нөхөн сэргээлт хийлгүй байсаар хиймэл нуурууд нь далангаа сэтэлж, химийн хүнд элементээ Орхонд цутгаж эхэлсэн байна.

Гэтэл Орхон нь таван аймгийн 13 суманд хүрдэг, 1124 километр урт үргэлжлэх Монголын хамгийн урт гол юм. Орхон гол дамжин өнгөрдөг таван аймгийн малчин, ард иргэд уух усгүй ангаж хатахын зовлон учрахад ойрхон байна. Голын бохирдлыг судлахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэс, Байгаль орчны байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд ажилласан юм. Алт олборлогч компаниуд Архангай аймгийн Цэнхэр сумын Шийртийн хөндий, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Сөдөтийн хөндийг танигдахын аргагүй болтол өөрчилжээ.

Энэ орчимд ногооноор хучигдсан уул хад, цэцэг жимс нь дэлгэрсэн тал хээр биш улаанаар эргэлдсэн шороо л овоолгоостой байна. Тэд олборлосон алтаа угааж ялгахын тулд 2-3 километрийн урттай, 12 метрийн гүнзгий нуур үүсгэж, түүндээ даралтат хүчээр Орхон голоос ус цутгаж авдаг байна. Өнөөх нуурандаа алтаа угааж авчхаад далангаа сэтэлж, Орхон голд бохирдлоо нийлүүлнэ. Ийм л горимоор өдөр болгон ажиллана. Алт угаасан химийн бодис, мөнгөн ус, цианит, натри гэсэн хүнд элементүүд болон хумхын тоос аятай ялгарч дуусашгүй элс шороо Орхон гол руу хөвж очно. Голын эх ундарга дээр “Монгол газар” компани үйл ажиллагаа явуулж байсан ч хариуцлага тооцох болоод ирэхээр өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн өөрийн эзэмшил нутгаа жижиг аж ахуй нэгжид түрээслүүлсэн нэрээр хаяад явчихжээ.

Ингэхдээ байгалийн ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй, сэндийчиж овоолсон шороо л үлдээжээ. Нутгийн иргэд тэднийг түрээсийн биш харин “Монгол газар” компанийн охин компаниуд гэдгийг баттай хэлж байлаа. Өнөөдөр голын эх ундарга дээр “Бидний уянга”, “Кенорда”, “Алтан Ёндоо”, “Этоц”, “Домогт судар”, “Өрнөлт газар” зэрэг долоон алт олборлогч компани үйл ажиллагаа явуулж байна. Дээрх компани нь Архангай аймгийн Цэнхэр суманд хамаарагддаг учраас байгалийн баялгийн түрээс, татвар нь Архангайд ногддог байна. Харин сүйтгэл нь Орхон голд цутгагдаж, Өвөрхангай аймаг хохироод үлддэг аж.

Хүн уйлах хормын ажил гэдэг. Харин байгаль уйлж байгаа энэ дүр зураг хэзээ хүртэл үргэлжлэхийг нутгийн иргэд БОАЖ-ын сайд Л.Гансүхээс асууж байна. Мэргэжлийн хяналт, байгаль хамгаалагч нар тэдний үйл ажиллагааг зогсоодог ч ухаж, сэндийчих эрхийг нь БОАЖ-ын сайд өгчихсөн юм болохоор мэргэжлийн байгууллагууд цаг мөнгө, хүч хөдөлмөрөө бараад л дуусдаг бололтой. Нутгийн иргэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл итгэл алдсан тухай ярьж байлаа. Өнгөрсөн оны долдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Суваргат хайрхан” уулыг тахих үеэр улаанаараа эргэлдсэн Орхон голыг өөрийн нүдээр харсан байна.

Энэ үеэр голын эх ундарга дээр газар ухаж, алт олборлогчдод хуулийн хатуу хариуцлага хүлээлгэж, бүгдийг нь “аавын хаалга” татуулахаа амласан байна. Гэтэл юун хариуцлага, юун амлалт харин ч алт олборлогч компаниуд дэвшиж дээшлээд, хариуцлага тооцох горим үлгэр болоод өнгөрсөн нь энэ ажээ. Орхон голоо аврах гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт болон нутгийн иргэдийн уламжилсан хүсэлт, гуйлтыг дараагийн нийтлэлээс уншаарай.

Д.Болормаа
Эх сурвалж: News.Gogo.Mn
төрөл: Хувьсгалын | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1018 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
монголчууд гэж ийм л хүмүүс.
шал худлаа ламаар ном уншуулдаг, шал худлаа нутаг ус минь гэж дуулдаг тэгээд бас сонсоод мэлмэрдэг, шал худлаа царайлж намбалаг царай гаргадаг. Цаанаа бузрын үүр
dadido хэзээ бичсэн: 20:53, 2010-06-30 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)