НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ, ОРЧУУЛАГЧ МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖИЙН СҮҮЛЧИЙН ЯРИЛЦЛАГА

2017-01-02,01:08

1483287224-50 насныхаа өндөрлөг дээр уран бүтээлийн амьдралаа эргэцүүлэн бодоход ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Монголын уран зохиолын их урсгалд орж, олон жил урслаа. Баярлах ч юм бий, харамсах ч юм бий. Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсаны 40 жилийн ойн үзэсгэлэнд үе үеийн зохиолчдын нэрсийг томоор бичиж тавиад миний нэрийг хассан байв.

Ю.Цэдэнбал тэргүүтэй Улс төрийн товчооны гишүүд үзэсгэлэнг үзэж байхад С.Удвал даргын нүүр рүү зохиолчдын эвлэлийн батлахаа чулуудсанаас хойш зохиолчдын хорооны хатавчинд амь зогоох болсон юм. Тэр үеэс л би гадаадад явах, шагнал урамшил зэргээс хасагдаж эхэлсэн юм. Энэ үед Зөвлөлт Литвийн яруу найрагч Э.Межелайтис өөрийнхөө хөрөнгөөр урьсан урилганд ч явуулаагүй. Би энэ урилгаар явсан бол тэр их хүнтэй сар хамт байж уран зохиол, яруу найргийн тухай ярилцаж, залуучууддаа хэлэх ярих юмтай ирэх байсан.

Уран бүтээлч хүн ертөнцөд төрөхдөө ард түмэн, анд нөхдөөрөө хайрлуулах төрөлх чанартай төрдөг юм шүү дээ. Тэр хайр дутахаар уймарч туймарч ууж эхэлдэг. Энэ тавилан намайг дайрсан юм.

Улс хувьсгалын 50 жилийн ойд иргэний хувьд ямар нэгэн бүтээл хийх ёстой гэж үзэж “Гадаадынхан Монголын тухай” номын нэгдүгээр дэвтрийг С.Удвал даргад барьж ороход “За, Цэдэндорж минь чи үнэхээр эх оронч, бүтээлч хүн юм. Би үхсэн хүний гашуудал тайлж байгаа юм шиг чамд гомдсон гомдлоо тайлъя. Эмэгтэй хүн богино ухаантайг чи мэднэ шүү дээ. Сономын Удвал энэ суудал дээр байгаа цагтаа чамайг дээш гаргахгүй гэж тангараг өргөсөн юм. Одоо больё. Батлахаа ав. Чамайг Москвад зочлох зохиолчдын бүрэлдэхүүнд оруулъя гэж хэлж билээ.

Тэгээд л П.Хорлоо, Д.Даржаа нартай Москва явж Р.Гамзатов, К.Коладзе зэрэг яруу найргийн их сүмбэр оргилуудтай уулзах завшаан тохиож билээ. Р.Гамзатов биднийг “Эстони руу хамт явж Ю.Смуулын ойд оролцъё. Г.Марковт хэлээд аяллын чинь чиглэлийг өөрчлүүлье” гэхэд манай багийн ахлагч зөвшөөрөөгүй юм. Манай зохиолчид эх орондоо байхдаа “цээж өндөр” байдаг боловч дэлхийн томчууд дунд ороод ирэхээрээ дэндүү жаахан амьтад шүү дээ. Айж эмээсэн л улс байдаг юм.

Хойч үеийнхэн маань тийм бүрэг ноомой, ядуу, хүнтэй юм ярих оюуны чадваргүй болчих вий гэж их санаа зовох юм. Энэ нь мэдлэгтэй хүн, боловсролтой хүн хоёрыг ялгаж чаддаггүйд байгаа юм. Академич Ш.Лувсанвандан боловсролын ямар дипломтой юм бэ? Гэтэл “Феномын онол” гээд дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татсан шинэ онол гаргалаа шүү дээ.

-Зохиолчдын эвлэлийн их өргөөнд бахархалтай, хачирхалтай олон явдал болж өнгөрдөг биз дээ?

-Би чинь зохиолчдын эвлэлийн сүүдэртэй талд нь “амьдарч” явсан учраас тэр талын юмны мэдээллээр баян байдаг. Төрийн шагналт зохиолч Ч.Ойдовыг зохиолчдын хороо санаачлан Ерөөгийн архичдын лагерьт явуулсан. Ойдов гуай тэнд яаж амьдрах билээ. Буцаж ирээд удалгүй нас барсан. Ерөөгийн цагдаа нар Ойдов гуайн гэрт зохиолчийг сурж ирэхэд нь Ойдов гуайн хөгшин “Тэр өрөөнд байгаа, аваад яв” гэсэнд цагдаа нар тэр өрөөнд нь ороход Ойдов гуайн шарил байсан юм гэнэ лээ. Энэ бол зохиолчдын хорооны зохиолчоо егүүтгэсэн сонгодог баримт шүү дээ. Шота Руставелийн 800 жилийн ойд “Барсан хэмнэгт баатар” алдарт найраглалыг орчуулсан Д.Гомбожавыг архичин, эх орны нэрийг харийн газар хугална гээд явуулаагүйд нь цаадах нь гомдон архидаж яваад машинд дайруулж нас барсан.

-Одоо хоёулаа Монголын орчин үеийн яруу найргийн тухайд, шүлэг бичих эрдмийн тухайд ярилцвал…

-Манай яруу найрагчид дэлхийн яруу найргаас бүтээлчээр суралцах талаар бага анхаарч байгаа учраас уран чадвар нь ахихгүй байна. Шүлгийг илүү үггүй, утга зангидаж бичих нь чухал юм. Яруу найрагт үгийг хэмнэж, дээд зэргээр онож хэлж чадвал шүлэг уран болдог. Олон тодотгол хэлснээр шүлэг яруу болохгүй. Би залуус та нарт тус болоосой гэж Э.Хэмингуэйн “Сонгодог зохиолчийг төрүүлэх арга зам”, О.Родены “Гэрээслэл” зэрэг олон өгүүллийг орчуулж нийтэлсэн юм. Уран бүтээлийн замд багш шавь болбол Флобер, Мопассан нарынх шиг хатуу чанад байх учиртай.

Шүлэг зохиолоо хэвлүүлэх гэж яарах хэрэггүй. Залуу яруу найрагчийн туган дээр “Авьяас, мэдлэг, хөдөлмөр” гэсэн гурван үг дурайж байх хэрэгтэй. Энэ гурван үгэнд шүтсэн Ж.Пристли “Баяртай байхдаа ч бич. Гунигтай байхдаа ч бич. Өвчтэй байхдаа ч бич” гэсэн нь бий. Тийнхүү бичиж чадвал Стивенсон 30 боть, Р.Киплинг 37 боть, К.Дойл 37, С.Моэм 50 роман, Честертон ганцхан шөнийн дотор нэг ном бүтээснийг санагтун.

Монголын уран зохиолд “поток сознаний” буюу ухамсрын урсгалыг оруулж ирэхийн тулд уран зохиолын толь бичгээс орчуулж байна. Ирэх зууны яруу найраг гүн ухааны чиглэлтэй болно. Д.Равжаагийн шүлгийн гүн ухааныг судлах хэрэгтэй. Яруу найрагч хүн амьдрал хийгээд урлагийн тухайд цэгцтэй бодолтой байх хэрэгтэй шүү. Найраглал бичихдээ бодол сэтгэхүйг түүвэрлэж бичиж чадвал сая зохиол болдог. Санаа нь хамгийн өргөн, үг нь хамгийн товч тодорхой болж гэмээнэ сонгодог яруу найрагт дөхөж очно. Би залуу шүлэгчдээс царсыг бус, цасан шамарганд царс мэт цэх байж чаддаг бургасыг дуулахыг шаардана.

-Уран бүтээлийн цаашдын зорилтын тухайд юу хэлмээр байна?

-“Билгүүн сэтгэхүй хөгжтүгэй” гүн ухааны бодрол бясалгалын ном бичиж, “Байгалийн зураг, хүний хөрөг” найраглалдаа Монголын 108 газар орон, 108 их хүмүүний хөргийг бүтээнэ. “Хөх өнгөний онол” гүн ухааны том найраглал бичнэ. Орчуулгын тухайд П.Нерудагийн “Бүх нийтийн дуун”, Н.Хикметийн “Хүн төрөлхтний дэлгэмэл зураг” номуудыг орчуулж гаргана. Уран бүтээлчийн амьдралын нэн чухал зорилт болбоос Т.Элиотын шүлгийн номыг орчуулах…

1512726_608092505910979_1740515785_n

-Багш аа, Таны номын сангийн ном цөөрөөд байх шиг…

-Би маш их ганцаардаж байна. Ганцаардлаа даван туулах гэж архи л уух юм. Орос цэргийн дарга нар архи өгч согтоогоод дэрэн доогур хэдэн төгрөг хийчихээд ном аваад явчих юм. Ийм амьдралаар олон жил амьдармааргүй байна. Яалтай билээ дээ.

“Суут хүмүүсийн амьдрал” цувралд Д.Нацагдоржийг бичих гэж олон жил материал цуглуулсан юм. Д.Намдаг нэг өдөр намайг дуудаад “Нацагдорж бид хоёрын сууж байсан шоронг нуираах гэж байна. Хоёулаа явъя. Зургийг нь авч үлдэе” гэсэн. Бид гэрэл зурагчинтай гурвуул очиж олон зураг авсан. Тэр чухал зураг нэг номын завсарт байсан, тэр алга болов. Олон сонин ном материал алга боллоо доо.

-Орчуулж хэвлүүлсэн номуудаасаа алийг нь хамгийн эрхэмд боддог вэ?

-Шотланд яруу найрагч Р.Бернсийн “Гуниггүй ядуус” юм даа. Англи хэлний орчуулагч Балдоржийн Цэрэндаш найзыгаа Англид сурахаар одоход нь “Энэ номыг Бернсийн музейд заавал тавьж ир” гэж өгч явулсан. Найз маань захисныг минь биелүүлж монгол бичгээр миний сэтгэлийн үгийг бичиж музейн үзмэрийн алтан гуутай хайрцганд хийн тавиулж, надад бэлэг дурсгал авч ирсэн. Дэлхийн олон орны орчуулагчдын номууд дунд миний бүтээл байгаа гэж санахад сайхан байдаг.

-Тодорхой хүмүүст зориулж бичсэн шүлгүүдийнхээ тухай ярьж өгнө үү?

-Яруу найргийн соёлтой оронд бол судлаачдын сонирхлыг хамгийн их татдаг зүйл энэ л дээ. Би С.Есенин, Э.Хэмингуэй, Р.Бернс, Л.Фейхтвангер зэрэг гадаадын зохиолч найрагчид, өөрийн орны Б.Ренчин, Д.Гомбожав, Ц.Уламбаяр, Д.Сэнгээ, яруу найрагч Ц.Түмэнбаяр, хөгжимчин Эрдэнэчимэг, эхнэр Лхагважав нартаа зориулж шүлэг бичсэн. “Байгалийн зураг, хүний хөрөг” найраглалд тодорхой хүний тухай олон шүлэг бий. Цаашид ч олныг бичнэ. “Манай нутгийн уулс” шүлгээ Б.Ренчин гуайд аваачиж өгөхд өвгөн уншиж үзээд ихэд таашаасан юм. Ялангуяа

…Долоо нэгийн долоо

Дөчин есөн хоног

Зүс бороо цутгалаа.

Урьд шөнө лав

Урд уул

Урссан байх аа.

Өглөө босоод харахад

Өндөр том уул

Өнөө л хэвээрээ дүнхийнэ.

Бурхан буудай уулын энгэрт

Бууц минь бий.

Миний нутгийн уул

Ийм л уул юм даа гэж аяархан дахин дахин уншиж байж билээ.

-Том хурал зөвөлгөөний илтгэл, шүүмжлэгчдийн шүүмжлэлд өртөж, таныг “тамын тогоонд” унагахад тус дэм болсон “Болохгүй юм гэж орчлонд хаа байна”, “Гэрээс”, “Зүүд” шүлгүүдийнхээ тухайд юу бодож явдаг вэ?

-“Болохгүй юм гэж орчлонд хаа байна” гэдэг шүлгээ болохгүй юм орчлонд байхгүй боловч бас “болохгүй юм” байдаг юм шүү гээд

…Адал орчлонд эрдэнэт биеийг олгосон

Ачит эхийн цагаан сүүг хар гэхэд би үнэмшихгүй

Ангаахайн чинээ байхаас минь бүүвэйлсэн үг

Аялгуу сайхан монгол хэлийг хомс гэхэд би итгэхгүй.

Эх орон гэдэг үгийн амин сүнс болсон

Ээж, хэл хоёроосоо урвана гэж надад үгүй гэж түрүүчийн гурван бадагт хэлсэн санаагаа үгүйсгэсэн утга зангидсаныг минь ойлголгүй “гуниг, итгэлгүй гүн ухааныг сурталчиллаа” гэж шүүмжилсэн юм.

Яруу найрагчийн хэлэх гэсэн санааг ойлголгүй шүүмжилдэг ёс манайд л байдаг. “Гэрээс” шүлгийн тухайд Цэдэндорж хэн болоод гэрээс бичих болсон юм бэ? Дэлхийн сонгодог зохиолчдыг дуурайж байна гэж зэмлэсэн. Би Цэдэндорж болоод л “Гэрээс” болсон юм шүү дээ.

“Зүүд” шүлгийн тухайд социалист оронд амьдарч байгаа жаргалтай уран бүтээлч “үхэж зүүдлээд” байхдаа яадаг юм бэ гэж зэмлэсэн юм. “Зүүд” шүлэг “Цог” сэтгүүлд 1964 оны №1 дугаарт нийтлэгдсэнээс хойш хэдэн удаа номондоо оруулах гэсэн боловч Главлит хураасан. Шүлэг зохиол цаазалдаг улсад уран зохиол хөгжихгүй шүү дээ.

-Багш аа, Би маргааш нутаг буцлаа. Мөддөө ирж чадахгүй л болов уу. Захиж хэлэх юм юу байна?

-Салахад хэцүү л байна. Гэхдээ яая гэх вэ. Газар нутаг хол ч сэтгэл ойр байж бичиж туурвисан бүтээлээ ирүүлж байвал сайн сан. Өглөө бүр биеийн хөдөлгөөний дасгал хийдэг шиг оюун ухааны дасгал хийж, өөрийн хүслийн тухай 20 минут бодож бай. 5000 хуудастай ном уншсанаас илүү юм өгдөг юм.

Ном уншихдаа сонгож унш. Уншаад өөр дээрээ эргэцүүлж бод. Би бичвэл яаж бичих вэ гэж бодох чухал. Би чамайг Монголын уран зохиолд хэрэгтэй юм хийгээсэй гэж гэсэндээ хэлж байна. “Куба” сэтгүүлд Э.Хэмингуэйн тухай бичсэн байна. Жорлондоо хүртэл номын тавиуртай байсан гэнэ. Түрүүнд цухас хэллээ. Ухамсрын урсгал чиглэлийг сайн танин мэд. Чи миний төсөөлж байгаагаар бол энэ замаар явах ёстой шүү. Сайн номын сантай бол. Номын сан шиг үнэнч, үхэж үрэгддэггүй, хэдийд ч юм асууя гэхэд бэлэн байдаг багш байхгүй. Сайн номыг хоёр ширхгийг аваад сайн нөхөртөө бэлэглэж бай. Бэлэглэж буй номон дээрээ ухаалаг үг бичиж сур. Тэр ном чамайг төлөөлж тэр айлд үеийн үед амьдарна. Олон янзын ажилтай найз нөхөдтэй бол. Шинэ нөхөртэй болно гэдэг чинь шинэ тив нээх шиг аугаа их үйл хэрэг шүү.

Ийн яриад миний тэмдэглэлийн дэвтэрт:

Оргүй хоосноо ирсэн бид

Орчлон дэлхийд амьдрахдаа

Салж чадахгүй болсны учрыг

Санаж явбал тэр мөнхрөл.

М.Цэдэндорж 1981.7.19. гэж бичсэн билээ. Ярилцаад явах гэтэл багш маань:

-Хоёулаа гар барина. Би гараа шатаасан ч сэтгэлээ шатаагаагүй гээд шархтай гараа хүчлэн өргөж гар барьсан юм.

М.Цэдэндорж амьдрал уран бүтээлийн хүнд үедээ

…Бодлын боол бололгүй

Бодож сур.

Хүслийн боол бололгүй

Хүсч сур.

Зэмлэл, магтаал хоёрыг

Зэрэгцүүлж угт.

Аль алины нь өнгө

Хуурамч гэдэгт итгэ гэсэн Р.Киплингийн үгээр зоригоо чангалж, бүтээлээ туурвисаар явсан хүн. “Амьдын жаргал” түүврийг шүүмжлэгчид бут ниргэснийг уншаад:

-Хэлсэн хүн алдана. Хийсэн хүн хожно. Ноён гэлээ гэж жинс ургахгүй. Нохой гэлээ гэж сүүл ургахгүй гээд тайван дөлгөөн байж билээ.

МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч Ломбын Нямаа “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” номоос.

Эх сурвалж: http://www.medremj.net/?p=695

Холбоотой:
https://www.emaze.com/@ALOCCRFZ/%D1%86%D1%8D%D0%B4%D1%8D%D0%BD%D0%B4%D0%BE%D1%80%D0%B6

төрөл: Өөртөө хадгалж авсан | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 480 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)