Яруу "найрах", "найрагдах" ину...

2008-03-24,01:36
Саяхан миний өдтэй бичгийг задалсан
Самрын цагаан идээ шиг гарыг чинь магтъя
Яг энэ эгшиглэнт мөрүүдийг уншиж буй
Яруу сайхны туйл нүдийг чинь үнсье


Чиний уруул миний шүлгэнд уярахдаа
Дурлалын завины хэлбэрийг олон мишээгээд
Чиний зүрх зөгий өлгийдсөн согоон сүмэн цэцэг шиг
Чимээгүй шөнийн уртад догдлонхон булиглаасай


Ухаангүй хайртай байсан тэр залуу
Уг нь яг одоо хажууд минь байна
Гэвч хайр нь, гэнэн ааш нь нисчихсэн
Гэгэлгэн хүсэл нь зугтчихсан
Танихгүй ээ одоо би түүнийг
Тамхи л хааяа үнэртдэг, хайр үнэртдэггүй
Нар яаж жаргадагийг мэддэггүй
Навч яаж хагдрахыг анзаардаггүй
Сартай найзладаг намайг хараад уурлаж харддаг
Салхины хэлсэн үгийг бусдад дамжуулахыг хориглодог
Тамхи л үнэртэдэг хайр үнэртэдэггүй тэр залууг
Танихгүй би одоо...


Дулаахан харцанд нь баясгалангийн гал асахад
Дунгархан хацар нь арвай тогтом хонхойсон
Дутуу хайрлаж боломгүй хар нүдэн гүнж чамд
Дурлаж би чадахгүй нь уучил намайг бүсгүй минь

Эзнээ олоогүй дурлал сэтгэл зүрхийг түймэрдэж
Элэг зүрхний угаас шаналал уйтгар ундардаг
Хэнээс ч илүү би зовлонг нь мэдэх болохоор
Хэтэрхий сайхан чамайг гомдооно гэхээс эмээж байна

Даруухан бөгөөд бусдын л адил эгэл жирийн
Дарь эх биш ч зүйрлэх аргагүй ер бусын
Далай шиг бялхсан хайрын дээд тэнгэр мэт шүтээн минь
Би би.... хүмүүний дээд ээжтэй хүн шүү дээ.

Бусдаас онцлох зүйлгүй ч эгэл жирийн
Бурхан биш ч зүйрлэх аргагүй ер бусын
Буян бялхсан хайрын дээд тэнгэр мэт шүтээн минь
Би би.... хүмүүний дээд аавтай хүн шүү дээ.

Монгол хүн
Бурханд залбирахдаа
- Аварч өршөө гэж гуйна
Бурханы өмнө
Насаараа буруутай явсан юм шиг ...

Хятад хүн
Бурханд мөргөхдөө
- Урт нас их мөнгө хайрла гэж гуйна
Бурханаас
Насаараа авлагатай явсан юм шиг ...

Эцэг өвгөдийн цавчилдаж явсан
Ирт илдийг би цагаатгана
Зөвтэй гэж цагаатгана
Зэвтэй нь хамт цагаатгана
Дэвсэж ирсэн сарны туяаг
Ширдэглэж давтсан
Дэгдээд ирсэн салхины хийморийг
Шүглүүлж давтсан


Бодолд хоногшсон чинийхээ хамтаар
Бүхэл шөнөжин ирээдүйгээр аялах сайхан
Сэтгэлд жигүүрлэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн
Сэрүүн хөрвөөсөн шөнө бүхэн минь жаргалтай

Дурлах гэж чамд өртэй юм шиг явсан
Дурсах гэж чамдаа би дэндүү их дассан
Даарах гэж чиний араас нимгэн цамцтай гүйсэн
Дандаа эрхлэх гэж чамдаа би хоргодсон

Нүгэл үйлдэнэ гэдэг хэцүү юм
Нүцгэн гараараа халгай зулгаах мэт саваагүйтэж
Төөргөндөө богтлогдсон эрийн зүрхээр оролдчихоод
Төөрсөн янзага шиг түгшиж явах хэцүү юм


Үйлтэй хорвоогийн салхинд гувруу болтол ороолгуулавч
Үлээхэд чичрэм эмзэг дурлалдаа шатан шаналж
Нүднээс далдуур учирснаа жаргал болгон зовж
Нүүдлийн шувуу шиг эргэж буцах хэцүү юм


Сар ичингүйртэл чамаар сэтгэлдээ зогоож
Сал эцтэл чиний хайрын далайд хөвж
Чадал шавхсан хайранд чинь сэлж
Чамд дурлах хэцүү юм


Сэрчигнэх навчинд гуниг үлдээсэн сэрүүхэн өдөр
Сэтгэлд минь чи даараад шургачихсан хайр юм уу
Өнчин саранд гуниг аялуулаад намар буцахад
Өвлөөс айгаад өвөрт минь орчихсон хайр юм уу

Өлмий үнсэх хаврын ногоо аль дээр хагдарч
Өсгийд гишгэгдэхдээ зүрх шимшрүүлэн уйлж байхад
Цасан ширхэгэнд хайрын дуу зааж өгчихөөд
Цээжин дотор өвлөөр дэлгэрсэн тоорын цэцэг юм уу


Эрлэгийн өмнө хөл нүцгэн
Эрхэмсэг зан салхинд хийсчихсэн
Хайрын үгс чихнээс нисчихсэн
Харамладаг бие эзнээсээ төөрчихсөн
Эрлэгийн өмнө хөл нүцгэн
Цээжинд цохилох зүрх ч үгүй
Чимээ аниргүйн айдас ч үгүй
Өнгөрсөнөө дурсахад хэсэгхээн Кадр
Өөрөө гол дүрд нь тоглосон амьдрал жүжиг
Яг одоо дахиад л хүлээгээ л
Ял эсвэл шагнал авахаа мэдэхгүй зогсоол
Эрлэгийн өмнө биеэрээ наминчилаад
Энэ аниргүйд жингүйдээд .........
Бодож байснаас өөр юм аа айдас алга...

ТИЙМЭЭ БИ,
Амаа булааж цовхчин агсаганах
Омголон азарганы НОМХОТГОГЧ байхыг,
Гэгээн өдрөөр халхлан босох
Өтгөн мананд үл автах
Жижигхэн хөгжилтэй ОД байхыг,

Гуниг гутралын сорогч намагт
Хөл алдан живэх нэгнийг
Татан гаргах
Туяхан ч гэмээр, үндэс бөх
МӨЧИРХӨН байхыг,..


Атгандаа барисан цэцгээ би маргааш өгнө
Араас нь бас үнсэлтээр мялаана
Чанга тэвэрч үнэрт чинь согтоод
Чамдаа тэмүүлсэн галыг түр намжаана...


www.biirbeh.mn болоод зарим блогуудаар хэсэж хэд гурван дажгүй шүлэгнүүд олоод шууд туучихлаа... Зохиогчийн нэрийг бичилгүй шууд шүлэгнүүдийг нь авсанд уучлаарай. Дандаа асар их таалагдсан шүлэгнүүд Very Happy Ганц нэг шүлэг дээр жижиг жижигхээн өөрчлөлтийг өөртөө тохируулж хийсэн...

 

төрөл: Чөлөөт цаг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1388 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)