Монголчуудын одон орны мэдлэгийн тухайд

2009-3-4,14:32
Монгол ардын мэдлэгийн бичмэл уламжлал маш эртний түүхтэй болохыг Монгол судлаачид нотолсон байна. Архангай аймгийн Чулуут голын хөндийн хадан дээрх тэнгэрийн эрхсүүдийн зураг 5000 жилийн өмнө дүрслэгджээ. Монголын эртний аймаг Тоба нар арван хоёр сар, өдөр өдрөөр хуваасан цаг тооны бичигтэй, Кидан нар бумаар тоологдох нөөц бүхий номын сантай байжээ. Монголчууд 1600-гаад жилийн түүх бүхий өөрийн бичиг үсэгтэй бөгөөд Европт ном хэвлэхээс 200 гаруй жилийн өмнө судар ном хэвлэж эхэлжээ. Монголын анхны дээд сургууль 1271 онд, анхны шинжлэх ухааны академи 1275 онд нээгджээ. Манай ард түмэн өвөг дээд удмаасаа ухаантан мэргэд олныг төрүүлжээ. Аугаа их эрдэмтэн Авиценна угтаа Хүннү удмын хүн байв. Сод математикч Улугбек доголон Төмөр хааны ач байсан. Алдарт математикч, од зүйч Ш.Мянгат, А.Ролбийдорж, металлургич, уран цутгуурч Б.Занабазар, гүн ухаантан байгалийн шинжээч, эмч Агваанбалдан Лувсанданзанжанцан (XҮII зуун), Ишбалжир Лувсанчүлтэм, Дамцагдорж (XҮIII зуун), Жамбалдорж (XҮIII зуун), Ишданзанванжил, Жамбалчойжидданзанпэрэнлэй (XIX зуун) нарын зэрэг өдий төдий эрдэмтэн мэргэд манай ард түмний дундаас тодрон гарчээ. Гарамгай усан техникч М.И.Сердюков (1678-1754) буюу Эмгэний Борной жинхэнэ монгол хүн байв. Ингэж манай Монголчууд бусад ард түмний нэгэн адил хүн төрөлхтний соёлын санд өөрийн зохих хувь нэмрийг оруулж, олон мянган жилийн туршлага ажиглалтдаа тулгуурлан төрөл бүрийн эрдэм ухааны үлэмж сан хөмрөг хуримтлуулжээ. Нөгөө талаар цаг агаарын өөрчлөлтийг од, гаригийн хөдөлгөөнтэй холбон ажиглаж, судалж ахуй, амьдралдаа хэрэглэж ирсэн нь Монголчуудыг шинжих цогц нэг баримт юм. Монголчуудын эрдэм ухааны сэтгэлгээний уламжлал олон талтай, өргөн цар хүрээтэй бөгөөд түүний зөвхөн байгалийн шинжлэлийн буюу түмэн бодисын мэдлэгт холбогдох талыг хөндөн эртний үеэс ардын хувьсгалын эхэн үе хүртэлх үеийг авч үзсэн болно.
Од зүйн мэдлэгийн тухайд
.
Манай ард түмний од зүйн мэдлэг маш эртний уламжлалтай. Жилийн дөрвөн улиралд бэлчээр сэлгэн таван хошуу мал сүргээ адуулж, ан ав хийж, тариа будаа тариалж ирсэн Монголчуудад цаг хугацааг нарийн мэдэх, зүг чигийг баримжаалах, цэцэг навч дэлгэрэх, ургац суулгах, хураах, хонь мал төллүүлэх, нийлүүлэх цаг; өвлийн дүн орох, хавар эхлэх, хонь хяргах, эсгий хийх, ичигсэд хөдлөх, өдөр шөнө тэнцэх, өвөл зуны нар буцах, усны шувууд ирэх, буцах, хаврын урь, намрын сэрүү орох , аян жин тээх, нүүдэл суудал хийх цаг хугацааг сайтар мэдэж байх явдал зайлшгүй хэрэгтэй байв. Үүнд од, гариг, нар, сар зэрэг тэнгэрийн эрхсүүд гол туслагч болж байжээ. Монголчуудын од зүйн мэдлэгийн уламжлалын анхны улбаа мөр Хүннүгийн үеэс эхэлсэн гэж үздэг юм байна. 18-р зууны үеийн Хятадын түүхч Жао И өөрийн судалгааны нэгэн ажилд Хятадын Хан улс Хүннү нараас 12 сарын эргэлттэй, сарын цаг тооны бичиг авч хэрэглэсэн гэсэн бол Тоба нар (III-IҮ зуун) 300 орчим од, тэнгэрийн заадсын тэмдэглэгээ бүхий зургийг, Хиргис (ҮI-ҮIII зуун), Уйгар (IX-X зуун) нар 12 сар, өдөр өдрөөр хуваасан цаг тооны бичиг хэрэглэж байжээ. Археологийн судалгаагаар XII зуунд хамаарах одны өнгөт зураг хүртэл олдсон нь од гаригийн мэдлэг өндөр байсныг харуулж байна. Монголчуудын од зүйн мэдлэгийн түүхэнд XҮI зуунд зохиогдсон “Одот тэнгэрийн монгол зураг” чухал суурь эзлэх бөгөөд энэ зураг улсын нийтийн номын санд хадгалагдаж байна. Энэ зурагт тэнгэрийн мандлын хойд туйлыг Алтан гадас одоор авч , хойд хагасын 700 гаруй, өмнө хагасын 600 гаруй, нийт 1400-гаад одыг багтаасан бөгөөд эдгээр нь цөм Монгол нэртэй байгаа ба орчин үед тэнгэрийн оддын зургийг зохиоход хэрэглэдэг нэг үндсэн арга болох стерео-графын проекцын аргаар дүрслэгдсэнээрээ бүр ч сонин сэтгэгдэл төрүүлж байгаа юм.
Одот тэнгэрийн энэ зураг 1,5 м орчим диаметртэй дугуй дээр үйлдсэн чулуун барын дардас бөгөөд он цагийн эрхээр ихэд үнгэгдэж уншихад бэрхтэй болжээ. Зурагт оддын 12 орд, 12 сар, 24 улирал, шар замын дагуу орших 28 одод болон од зүйн ажиглалт, тооцоо хийхэд чухал хэрэглэгддэг зарим тод оддыг онцлон тэмдэглэсэн байна. Нар, орчлон ертөнцийн хязгааргүйд аялахдаа 12 хэсэг бөөн хурсан оддыг дайран өнгөрдөг жилийн замтай болохыг тогтоож, түүнийг шар зам гэж нэрлэсэн байдаг. 12 бүлэг хурсан оддыг шар замын оддын ордон буюу “12 гэр” гэж нэрлэжээ. Мөн зурагт оддын орд ба жилийн 24 улиралд хамааруулан тус бүр 300 ба 150-аар хуваарь гаргасан байна.
Хамгийн гадна талын хүснэгтэд 12 орд, жилийн 12 сарын нэр байна. Саруудыг 12 жилээр нэрлэжээ. Хоёр дахь буюу жилийн 24 улирлын хүснэгтэд тус бүр 15 хоног бүхий 24 улирлын нэрийг бичжээ. Жишээ нь, 24 улирлын гурав дахь нь “Ичигсэд хөдлөх” нэртэй байна. Зургийг зохиож зурсан арга шинжлэх ухааны үндэс, нэр томъёо зэргээс үзэхэд зургийг зохиогч түүнийгээ зураг дүрслэлээр илэрхийлэх өндөр чадвар дадал бүхий хүн байсан нь мэдэгддэг. Шар замаар наран шилжих явдал нарыг дэлхий ба гаригууд тойрох хөдөлгөөний тусгал юм. Эртний Монголчууд тэнгэрийн оддыг үндсэнд нь 28 хэсэг буюу орд болгон хуваагаад тэрхүү орд тус бүрийг аль нэгэн хурц одны нь нэрээр нэрлэж тэдгээрийг чиглүүлэгч 28 од гэдэг байжээ.

Улсын хаад жишээ нь Мөнх хаан ч од зүйн ба хэмжил зүйн ухааны чамгүй мэдлэгтэй байсан баримт буй. 1256 оны үед Монголчууд туурвиж тригонометрийг од зүйгээс салган бие даасан ухаан болгосон “Гүйцэд дөрвөн талт” ном нь Европт тригонометрийн үндсийг тавьсан Региомонтанаас 200 орчим жилийн өмнө орос хэлэнд орчуулагджээ. Монголчууд од зүйг ихэд хөгжүүлж сонирхож судалж байсны баримт нь 1428 онд Самарканд хотын орчим од зүйн судлах оргил, 1779 онд Өргөөд од зүйн судлах тусгай сургууль байгуулж байсан явдал мөн билээ.
XIII зуун гэхэд бидний өвөг дээдэс газар дэлхийгээ бөөрөнхий гэж лавтайяа хүлээн зөвшөөрч байсан төдийгүй 7/10 хувь нь ус, үлдэх 3 хувийг нь хуурай газар эзэлдэг гэж үзэж байсан нь мэдлэгийн өндөр төвшинд хүрсэн байсныг илтгэнэ. XҮI-XҮII зууны Монголын эрдэмтэн Гүүш Цоржийн “Чухал хэрэглэгч төгс утгат нэрт шастир”, Гүүш Цоржоос хойш нэгэн зууны дараах эрдэмтэн Мэргэн Гэгээний “Алтан товч” зэргийг дурдаж болно. Эдгээр шастирт айлдсаныг үзвээс ертөнцийн гарал үүслийн анхдагчийг <<хий>> хэмээн үзсэн нь эртний грекийн сэтгэгч Анаксимений таамаглалтай ихээхэн төстэй юм. Анаксимени бол <<Дэлхий үүсэхдээ анхдагч хий, агаарын өтгөрөх, шингэрэх хөдөлгөөний үр дүнд эхлээд газар бий болж дараа нь газрын уур чийгнээс огторгуйн биес бүрэлдсэн>> гэх ажээ. Тэгвэл Монголын эрдэмтэн Гүүш Цорж: <<Чухал хэрэглэгч төгс утгат нэрт шастир>> хэмээх номондоо “эхлээд хов хоосон хий байж дараа нь тэр хоосныг агаар дүүргэн 1600000 бээр зузаан хийн мандал үүссэн, үүлнээс хур орж 1120000 бээр гүн, 1203000 бээр өргөн нуур далай үүсэж дээрээс давтах салхины эрхэнд хатуу өрмөн хөрс бий болж улмаар газар үүссэн бөгөөд орчлон ертөнцийн уг эх нь хий, тив дэлхийн эхэн ус газар болсон тухай Гүүш Цоржийн энэ санаа Анаксименийнхтэй ихэд төстэй болохын хамт хоосны тухай, өргөн гүний хэмжээний тухай дурдсанаараа илүү сонин байна. Гүүш Цоржийн ийнхүү айлдсанаас хойш 100 жилийн дараа Монголын нэгэн их эрдмийн хүн Мэргэн Гэгээн “Алтан товч” зохиолдоо мөн орчлонгийн үүслийн тухай өөрийн үзэл санааг дурдсан байна. Мэргэн Гэгээний айлдсанаар бол агаарын хөдөлгөөний үр дүнд орчлон үүсжээ. Агаарын урсгал улайсан халж улмаар галан мандал үүсэхэд хүйтэн хий, халуун гал хоёрт чийг гарч тэр нь хуримтлагдсанаар усан мандал үүсгэдэг ажээ. Эндээс үзвэл шинэ хөдөлгөөн, шинэ махбод буй болоход халуун ихээхэн үүрэгтэй болохыг ойлгосон нь харагдаж байна. Үүгээрээ ертөнцийн үүслийн тухай ойлголтыг урагш ахиулжээ.

Ертөнцийн тогтолцооны тухайд ч эртний Монголын үзэл бодол ихээхэн дэвшилттэй харагдаж байна. Нар, дэлхийг тойрдог гэж олон мянган жилийн турш хүн төрөлхтөн итгэн биширч ирснийг өөрчлөн дэлхий, нарыг тойрдог гэсэн Николай Коперникийн шинэ үзэл санааг анх дорно дахинд дэлгэрүүлсэн Монголын нэрт эрдэмтэн Шарайн Мянгат (1685-1770) <<Цаг улирлын үзэгдлийг шалган бүтээсний дараа найруулсан нь>> гэдэг алдарт бүтээлдээ нарны хэлбийлтээс, дэлхий нартай дэлхий ойртсоноор нэг жил болно. Нарыг сар халхлахад нар хиртэнэ, нар сар өөд өөдөөсөө харахад дундуур нь дэлхий орвол сар хиртэнэ. Дэлхий нь өндгөн хэлбэртэй, зууван дугуй, хоёр тал нь урт, дунд тал нь бүдүүн гэж нар, сарны хиртэлт, манай гаригийн хэлбэр дүрсийн талаар тодорхойлон бичсэн нь орчин үеийн ойлголттой таарч байгаа юм. 1874 оны эх бичгээс үндэслэн Тогмидын зохиосон <<Замбуу тивийн асуудал>> гэдэг гар бичмэлд “Замбуу тив бөөрөнхий бөгөөд нэгэн хоногт нэгэнтээ өнхрөн 365 хоног тэр төдий өнхөрсөөр нэгэн жилд нарыг нэгэнтээ тойрч гүйцдэг.” Хэмээсэн нь Ш.Мянгатын үзлийг улам лавшруулан гүйцээсэн байна. Эдгээр эрдэмтдийн зохиол бүтээл түүнчлэн Ишбалжир, Агваан, Өвгөнхүү зэрэг XҮI-XIX зууны үеийн од зүйн судлаачдын зохиосон <<Нарны тухай>>, <<Сарны тухай>>, <<Оддын тухай>>, <<Тэнгэрийн хаяаны тухай>> гэсэн дөрвөн дэвтэр <<Шинэ орчуулсан элдэв хэрэгт хаш хайрцаг нэрт бичгийн хураангуй>>, <<Наран саран ургах жаргах цаг мөч, од гаригийн хөдөлгөөн, цаг тооны бичиг >> зэрэг олон ном судар, одны зургууд, од зүйн ухаан Монголд хэр зэрэг хөгжиж улмаар тухайн үеийн дэлхийн дахины од зүйн судлалд ямархуу хувь нэмэр оруулсныг илтгэх үнэт баримт билээ.

Монголчууд нар, сар, гарагуудын хөдөлгөөний давтагдах хугацааг үндэс болгож жаран, үе, жил, сар, хоног, цаг, мөч гэх зэрэг нэгжүүдийг зохиохдоо <12> гэсэн тоог эх болгон авч, түүнийг ихэсгэх, багасгах замаар цаг хугацаа, он тооллыг тооцох аргыг зохион бүтээж ахуй, амьдралдаа хэрэглэсээр иржээ. Эртний дорно дахин, түүний нэгэн хэсэг болсон Монголын цаг тооны бичиг зохиох арга нь нэг өдрийн хугацааг бодон гаргах, оддын явдлын давхардах байршлыг баримжаагаар гаргаж өдөр, хоног, сар, улирлын үргэлжлэх хугацааг бодож гаргах, жил бүрийн намрын өдөр, шөнө тэнцэх үеэс хаврын өдөр, шөнө тэнцэх үе хүртлэх хугацааг бодож гаргах явдал юм.

Цаг тооны бичиг нэн эрт үүсч (МЭӨ ҮII-III зуунд)бий болсныг археологийн олдворууд нэгэнт баталсан бөгөөд 1027 оноос Монголд 60 жилийн цаг тооны бичиг дэлгэрчээ. Нэг үеийн 12 жилийг хулгана, үхэр, гэх мэт амьтны нэрээр нэрлэнэ. Жилийг 12 хувааж сар гэнэ. Сарыг 2 хувааж эхэн, адаг 15 хоног гэж нэрлэнэ. Өвлийн туйлаас эхлэн сарыг мөн амьтны нэрээр хулгана, үхэр гэх мэтчилэн тоолно. Ингэж тоолоход хулгана өвлийн дунд сар, үхэр нь өвлийн адаг сар, бар нь хаврын эхэн сар гэх мэтчилэн таарах болно. Нар сарны хөдөлгөөнд үндэслэн зохиосон цаг тооны тооллыг зохицуулах зорилгоор үе үе 13 дугаар сар буюу <<илүү сар>> гэгчийг нэмдэг. Сарын 1/4 болох хугацааг долоо хоног гэнэ. Долоо хоногийн өдрүүдийг Монголоос гадна Төвд, Санскритээр нэрлэж байв.

Өдөр, шөнө хоёрыг хоног гэнэ. 1 хоног нь 12 цаг гэж үзнэ. Хоногийн цагийг бас 12 амьтны нэрээр нэрлэх ба тэдгээр нь одоогийн 2 цагтай тэнцэнэ. Хоногийг 60 мөч, мөчийг 60 чинлүүр, чинлүүрийг 6 амьсгал (45 настай эрүүл хүний дараалан 2 удаа амьсгаа авахын хоорондох хугацаа) амьсгалыг 67 агшин, агшинг 707 дэнс гэх мэтчилэн нарийн тооцоолдог. Энэхүү цаг тооны тооцоолох аргаар 60 жилийн цаг тооны бичгийг зохиохдоо цаг хугацааны хамгийн бага нэгж болгож, амьсгалын 1/67-ний, 1/707-ийг авч байжээ. Энэ нь барагцаалахад амьсгалыг 4 секунд гэж бодвол 4/67 х 707= 8.4 х 10-5 секундтэй тэнцүү юм.

Зурхайн ёсноо цаг тооны бичигт нар, сар, гаригийн явдлын хэмжээг одны 12 орд ба чиглүүлэгч нэрт 28 одноос <<хувь>>, <<чинлүүр>>-ийн хэмжээгээр заан дурдсан байдаг. Цаг тооны бичиг нь манай үндэсний соёлын гол ололтуудын нэг мөн. Цаг тооны бичгийн зэрэгцээ хоногийн цаг мөчийг тоолох, тогтоохдоо амьд болоод амьгүй байгалийн олон үзэгдлийг нарийн ажиглалтын үндсэн дээр ашиглаж ирсэн байна. Үүнд хоногийн янз бүрийн цагт муурын нүдний хүүхэн хараа янз бүрийн хэлбэртэй болдгийг ашиглах <<Наран цагираг>>, гэрийн тооноор туссан нарны гэрлийн тусгал зэрэг олон янзын аргаар баримжаалан тоолж байжээ. <<Элдэв хэрэгт хаш хайрцаг нэрт бичиг>>-т муурын нүд хулгана, туулай, морь, тахиа цагт утсан тор адил, бар, могой, бич, гахай цагт толь мэт дугараг, үхэр, луу, хонь, нохой цагт чавга байдалтай хэмээн бичжээ. Мөн наран цаг гэдгийг хэрэглэж байжээ. Хүйтэрдэг, дулаардаг цаг хугацааг баримжаалан мэдэж байх нь аж ахуйд их ач холбогдолтой учир Монголын тоочид өвлийн туйлаас, цас ханзартал 81 хоногийн хугацаанд <<есөн ес>> гэдэг тооллыг зохион хэрэглэж ирсэн уламжлалтай.

Эх сурвалж: Асуулт самбар

Холбоосууд:
http://xvv.blogmn.net/20928/
http://mhistory.blog.banjig.net/post.php?post_id=94323
http://h-turuu.blogspot.com/2009/01/blog-post_4654.html
http://bayasa.blogspot.com/2008/11/blog-post_1379.html

төрөл: Мэдлэгт дусал нэмэр | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 3766 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 20:40, 2016-3-1 | |
Гоё юмаа
Зочин хэзээ бичсэн: 20:38, 2016-3-1 | |
dorj
mash heregtei medeelel bla bayrllaa
Зочин хэзээ бичсэн: 21:37, 2015-1-10 | |
kk
үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт

Зочин хэзээ бичсэн: 19:17, 2011-10-29 | |
ярзайтал инээх эргэлзэх миа баяртай байна улайх зүрх өвдөх smug ууртай гайхах cool санаа зовох whew! инээх хэлээ гаргах angel rolling on the floor raised eyebrow чөтгөр nerd алга ташилт sleepy dont tell anyone sick not talking loser rolling eyes баярлах тэврэлт тормолзох
Зочин хэзээ бичсэн: 20:14, 2011-3-6 | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 01:37, 2010-12-25 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant