Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал (copy & paste)

2013-03-02,22:53
АНУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаад Монгол руугаа буцаж очсон, хэд
хэдэн хүнийг мэдэх юм. Тэднийг очоод амьдралаа төвхнүүлж, ажлаа
хөөцөлдөх үед, танилууд нь "За найз минь, мобикомын 9911.....
дугаартай утас, үнэтэй машин унаагүй л бол, Монголд чамтай хэн ч тоож
харьцахгүй шүү" хэмээн сануулсан гэнэ. Ердийн хэрэглээ, энгийн
байдалдаа дассан тэд, эхэндээ баахан гайхсан боловч, яваандаа энэ
бүхэн үнэн болохыг мэдэрсэн аж. Хүнийг өмсөж, эдэлсэн зүйлээр нь
ялгаварлан харьцах ийм үзэгдэл, "бусдад таалагдах", " амьтан хүнд муу
хэлэгдэхгүйн төлөө" учир утгагүй хийрхэлийг дэгдээж буй.

-За чи, овоо гайгүй ажил хийж байж, ийм хөгийн машин унаад байхдаа
яахав дээ. Амьтан хүн муу хэлнэ.

-Өө чи, өдий болтол цагаан алт олж зүүгээгүй байгаа юм уу? Амьтан хүн
муу хэлнэ. Найз нь олоод өгөх үү.

-Зээл аваад ч болсон байраа шинэчлэхээс. Амьтан хүн муу хэлнэ. Чи
Балдангийн шинэ байрыг үзээ биз дээ.

-Чи арай ч дээ, ийм хөгийн утас бариад байх даа яaхав дээ. Амьтан хүн
муу хэлнэ. Ядаж арай гайгүй утас олж барь л даа.

-Найз нь нэг гайгүй хүнтэй танилцсан юм. Чиний гоёлын хувцаснаас чинь
түр өмсөе. Намайг тоож магадгүй.

Өдгөө монгол оронд "амьтан хүнд муу хэлэгдэхгүйн төлөө" их аян, аугаа
хийрхэл дэгджээ. Гэтэл ийм боломжууд нь хаана байнаа. Монгол оронд
ажилгүйдэл, ядуурал өдрөөс өдөрт өссөөр хэрнээ, чамирхал, баярхал
даган өссөөр. Гадаадад ажиллаж буй монголчуудын гэр орон, ах дүүдээ
илгээж буй мөнгө сардаа хэдэн сая $-оор тоологдож, монголын эдийн
засгийн тоон үзүүлэлтэд ихээхэн жийрэг болдог. Дээр нь хулгай, луйвар,
хээл хахууль, биеэ үнэлэх зэрэг муу аргаар олж буй мөнгөнүүд ийм
хийрхэл, солиоролд зарцуулагдаж буй.

Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллээр байнга сурталчлагдан, "сүр
жавхлантай" мэдээлэгдэж буй гэмт хэрэг, залилан, луйврын хэргүүдийн уг
шалтгаан, үүдлийг ажиглаад үзээрэй. Ердөө л өчүүхэн шунал, зовлон
болсон хоосон мөрөөдлүүд л үүний шалтаг нь болж байна.

Зовлон болсон "хоосон мөрөөдөл"

Хүсэл мөрөөдөл хүнийг өөдрөг сайхан руу хөтөлж, өөрийгөө хөгжүүлэх
урам зориг нь болдог. Харин бусдаас илүү гарах гэсэн өчүүхэн атгаг
санаа, боломжоосоо давсан хоосон мөрөөдөл нь эсрэгээрээ эзэндээ зовлон
авчирдаг ажээ. Боломж гэдэг хязгаарлагдмал, бас хүн болгонд адил
заяадаггүй.

-Өнөө боломж үгүй атал, өрөөл бусдад гайхуулахын тулд үнэтэй машин,
тансаг харш мөрөөдөхийн зовлон. Өр зээл, элдэв аргаар хүслээ
биелүүллээ ч өөрөө түүнийхээ боол нь болохын гутамшиг.

-Дунд сургуульд олигтой суралцаагүй атлаа, бусдад гайхуулахын тулд,
ямар ч хамаагүй дээд боловсролтой болох мөрөөдлийн зовлон. Өөртөө
мэдлэг биш, өрөөл бусдад үзүүлэхийн тулд, диплом "худалдаж авах" нь
үнэн хэрэгтээ өөрөө өөрийгөө л хуурч буй хэрэг.

-Өөрийн биедээ таацуулж бус, өрөөл бусдын атааг хөдөлгөхийн тулд,
зохисон зохиогүй гоёл, таарсан таараагүй хувцас, эд мөрөөдөхийн
зовлон. Хуруу дүүрэн бөгж, хүзүү дүүрэн зүүлт, биедээ нөмөрсөн үнэтэй
болгон хүнийг сайхан харагдуулдаггүй.

-Өөрийн хэрэгцээндээ бус, өрөөл нэгнээс дутахгүй гэсэндээ үнэтэй гар
утас, сонин содон дугаар, "үнэтэй" гэсэн бүхнийг мөрөөдөхийн зовлон.
Хэрэгцээнээсээ илүү, чамирхал болсон энэ үзэгдэл, үргүй зардал,
үгүйрэл ядуурал руу хөтөлдөг юм.

- Үр хүүхдийнхээ авьяас сонирхол, ирээдүй гэхээсээ, үнэтэй л бол ямар
ч хамаагүй сургуульд сурган чамирхах мөрөөдлийн зовлон. Үнэн хэрэгтээ
үр хүүхдийн хүсэл сонирхолд биш, өрөөл бусдад гайхуулан чамирхах
сэтгэлийг өвлүүлж буй, муу зуршил. Энэ бүхнийг эргэцүүлэн нэг
ажиглахад, монголчууд бид "баян" хүний дүрд их тоглох болж дээ. Баяжих
гэж бус "баян хүн" болж харагдах гэдэг хүслэн, олон хүний зовлонгийн
үндэс болж буй. Өөрийн боломж, чадалдаа таацуулан, эгэл хирнээ тайван
амьдрахын оронд, өрөөл бусдаас илүү, бас "баян" болж харагдах гэдэг
энэ зовлон, олон олон монголчуудыг хийрхэл, солиоролд хүргэж байнаа.
Хүн баян болохын тулд, их суралцаж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог.
Бусдаас илүү болохыг хүсвэл бусдаас илүү, илүү , бүр илүү суралцаж
хөдөлмөрлөх хэрэгтэй болно.

"Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн" гэдэгчлэн, их суралцаж, их
хөдөлмөрлөн, ихийг бүтээх тусмаа, бусдаас онцгойрч, содон харагдах
хүсэл нь арилдаг. Эрдэмтэй, ажилсаг хэрнээ энгийн даруу амьдарч байгаа
олон хүмүүс бий. Харин амар хялбар аргаар баяжиж, зоволгүй мөнгө олж,
зогсолтгүй жаргах хүслэн л хүнд их зовлон авчирдаг аж. Цаг ямагт өрөөл
бусадтай өөрийгөө харьцуулж, дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх
хүслэн, сэтгэлийг нь амраахгүй. Элдэв муу аргаар баяжиж, олны өмнө
"од" болон гялалзаж, бусдын атааг хөдөлгөх сонирхолтой хүмүүсийг
сурталчлаад байх нь, өнөөгийн залууст муугаар нөлөөлж буй. Эрдэм
мэдлэг, ажил хөдөлмөргүйгээр баяжих, энэ хөдөлгөөн, хийрхэл хэдий
болтол үргэжлэх бол...

Хар ба цагаан хөдөлмөр

Ажил хөдөлмөрийг хар ба цагаан хэмээн социализмын үеэс л ангилж
байсан. Биеийн хүчний хөдөлмөрийг "хар", оюуны чиглэлийн хөдөлмөрийг
"цагаан" хэмээн өнгөлөн нэрлэж байсан хэрэг. Бусдаас оюуны чадвар,
авьяас билгээр илүү хэсэг нь, үргэлжлүүлэн суралцаж, өөрсдийгөө
хөгжүүлж, энэ хэрээрээ бусдад "оюунлаг" илч түгээж, нөлөөлж байдаг.
Үлдсэн хэсэг нь өөрийн сонирхол, чадвартаа таарсан хөдөлмөр хийж,
амьдралаа авч явах учиртай. Энэ бол нийгмийн жам. Харин ажил хөдөлмөр
нь хар ба цагаан байхаас үл хамааран, өөрсдийнх нь хичээл зүтгэлд
тохирсон үнэлгээтэй байж, түүнийгээ л хүн өөрийн амьдралдаа
зарцуулдаг. Тийм болохоор "Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ", "хөнжлийн
хэрээр хөлөө жийх" гэдэг хэллэгүүд гарсан биз. Харин өнөөгийн монголд
авьяаслаг жүжигчид, мундаг уран бүтээлчид нь ядуу амьдарч, ажил
хөдөлмөр хийж үзээгүй, арга зальтай нэгэн баян амьдарч байгаа нь манай
тогтолцооны "гажуудал" гэлтэй.

Саяхан МУГЖ , олны дунд "Гармаа" дүрээрээ танил болсон, жүжигчин
Алтан-Өлзийн амьдрал байдлыг харуулсан теле нэвтрүүлэгийг үзээд
харамсах сэтгэл төрснийг нуух юун. Аугаа авьяас, оюуны шидэг бүтээлүүд
монгол оронд "үнэ цэнэгүй" байгаагийн бодит жишээ энэ. Гадаадад
ажиллаж амьдарч байгаа монголчуудаа "хар ажилчин", "аяга таваг
угаагч", бусдын боол" гэхчилэн шоолж тохуурхаж бичсэнийг мэр сэр уншиж
байсан. Аяга таваг угаах, айлын гэр цэвэрлэх, хэн нэгэн өндөр настныг
асрах нь бас л ажил хөдөлмөр. Хаа хаанаа хэрэгцээ нь байгаад, нэг нь
хийж нөгөө нь хийлгэж, хийсний төлөө хөлсөө авч байгаад "ичингүйрэх"
шалтаг юун.

Ямар бусдаас хулгайлж, бусдыг хуурч эсвэл бусдаас зээлж мөнгө олж
байгаа бус. Ажил хөдөлмөрийн үнэ цэнэ багаддаггүй, хүн ажлыг голох бус
ажил нь хүнийг голдог гэдэг үнэнийг гадаадад ажиллаж амьдарч байгаа
монголчууд сайтар ойлгож мэдэрч байдаг. Ямар ч хүн хийсэн хөдөлмөрийн
хөлсөөрөө, өөрийн хэрэгцээ боломжоо ханган амьдрах эрхтэй. АНУ-д өдөр
нь бидэнтэй адил ажлын хувцас өмсөж, адилхан ажил хөдөлмөр хийж байсан
америкчууд, орой нь төрөл арилжсан мэт, сайхан хувцас өмсөж, үнэтэй
машин хөлөглөн, тансаг зоогийн газар сууж, алжаалаа тайлж байх нь
ердийн үзэгдэл. Яагаад болохгүй гэж?

Баян байлаа гээд хүн 2 хувцас давхарлан өмсөж, 2 таваг хоол идэх биш.
Гагцхүү өөрийн хөдөлмөр, чадвар, чадлаараа олж буй мөнгө л хүнд
сэтгэлийн амар амгалан, бас эрх чөлөө, хүсэл мөрөөдлөө биелүүлэх
боломжийг олгодог ажээ. Өдгөө монгол оронд ажил олдохгүй, ажилгүйдэл
ихэсч, үүнийг дагаад ядуурал, гэмт хэрэг ихээр гарч байгаа тухай
зөндөө л уншиж байна. Гэсэн атлаа барилга барихаар, зам тавихаар хятад
ажилчид ихээр орж буй гэх.

40 сая хүрч буй малаа маллах, газар тариалангаа хөгжүүлэхэд ажиллах
залуус төдийлэн олдохгүй гэх. Монголдоо их дээд сургууль төгсөж, дээд
боловсрол зээмшсэн залуусын ихэнх нь наймаа болон худалдаа эрхэлж буй.
Гараа бохирдуулж, биеэ зовоохыг хүсэхгүй атлаа, их мөнгө, бүр их мөнгө
олохыг хүсэцгээнэ. Бие амар их мөнгө олох арга нь хулгай луйвар,
өөрийгөө болон өрөөл бусдыг худалдах л юм даа.

-Мөнгө зээлээч, ажил олдохгүй байна гэх.

-Зээлсэн мөнгөө яаж төлөх вэ? гэхээр

-Арга нь олдох байхаа гэнэ. Олдох арга нь юу байж болох?

-Ажил олдохгүй, амьдрал хэцүү байнаа гэх.

-Барилгын ажил байгаа юм бишүү гэхэд

-Хн. Ядарсан ч тэгж доошоо орохгүй шүү гэнэ. Ядрах болоогүй байнаа.

Монголчууд бидний ялимгүй хэрнээ цамаан зан, ямаан омог, мөнгөгүй
байлаа ч зээлээд, аргалаад, болохгүй бол эцэг эх ,ах дүүгээрээ
тэжээлгээд амьдраад байж болдог энэ боломж, монгол орны хөгжилд
үнэхээр саад болж байнаа. Хүнээс мөнгө зээлж, "урд хормойгоороо хойд
хормойгоо нөхөж", эсвэл муу аргаар мөнгө олж, өөрийгөө ч төдийгүй,
өрөөл бусдыг ч зовоож байснаас, хатуу хэцүү ч гэлээ ажил хөдөлмөр
голохгүй хийж, олсон мөнгөөрөө мөр бүтэн, нүүр бардам амьдрах нь хэцүү
биш байлтай. Амьдралд хар цагаан гэж байхаас ажил хөдөлмөрт хар цагаан
гэж үгүй.

Ажлыг ч өөрийгөө ч голохгүй хөдөлмөрлөвөл, олсон мөнгөөрөө өөрөө ч
хөгжиж, амьдралаа ч дээшлүүлж, улс орон, өрөөл бусдад гавьяа
байгуулдаггүй юм гэхэд гай болохгүй амьдрах боломж дүүрэн аж.

Төгсгөл

-Ажил амьдрал ямархуу байна даа?

-Өө дажгүй, Одоо уул уурхай руу ордог юм уу? гэж бодож байна гэсэн шог
яриа дэлгэрээд удаж буй.

Сүүлийн жилүүдэд монгол орон даяараа бүх зүйлийг умартаж. зөвхөн уул
уурхайгаар амьсгалж байна. Энгийн иргэд ч, эрхэм түшээд ч зөвхөн уул
уурхай ярьж, олон толгойн зүг амьсгаа даран, ширтэж буй. Ажил
хөдөлмөр, хүний үнэ цэнэ, боловсрол мэдлэг, их боломжууд ард орхигдож,
амар хялбар аргаар баяжина гэсэн гэнэн мөрөөдлөөр уул уурхай зүүдэлнэ,
бас маргалдана. Энэ уул уурхайг ашиглавал, монголчууд бид баяжиж, ажил
хийхгүйгээр, "амар сайхандаа жаргах болно" гэж ухуулж буй эрх мэдэлтэн
болон улс төрийн хүчнийхэнд өрөөл бусдаас илүү өөрсдөө л хагартлаа
баяжиж , ханатлаа цэнгэх хүсэл мөрөөдөл илүүтэй бий.

Авралын од, аз жаргалын түлхүүр нь ажил хөдөлмөр, эрдэм мэдлэг бус
зөвхөн уул уурхай болсон монголчууд минь гүн нойрноосоо гэрж, сайхан
зүүднээсээ салах цаг болжээ. Удирдах эрхмүүд, уугуул иргэд бид улс
орноо хөрсөн доорхи "толгой" гоор бус, хүний мөрөн дээрх толгой болон
хөдөлмөр зүтгэлээр хөгжүүлэн, баяждаг гэдгээ ухаарах цаг болсон биш
үү? Хоосон мөрөөдөл, солиорол, хийрхэл нь хүний нүдийг нь таглаж,
хөлийг нь тушдаг гэнэм. Сансар огторгуйн мэт мөрөөдлөөсөө газар бууж,
бодит орчиндоо бодитоор сэтгэж, боломжоороо амьдрах цаг болжээ.

Зовж зүтгэж, хөдөлмөрлөж олсон бүхэн жаргал болдог буюу

Зоволгүй, хялбар олдсон бүхэн зовлон болдог буюу...
төрөл: Уншуулмаар | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1026 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
өө копи паст. За амжилт шүү.
Цагаан хараацай хэзээ бичсэн: 15:46, 2013-03-04 | |
энэ нийтлэлийг фэйсбуукээс олж уншаад зөв зүйлийг хөндөж бичжээ гэж бодож байлаа. манай Хүү бичсэн юмуу?
Цагаан хараацай хэзээ бичсэн: 15:44, 2013-03-04 | |
сүүлийн хэсэг их таалагдлаа. ер нь манайхны нэг зан л даа- бодол толгой нь хаана яваа ч юм бүү мэд, өөрсдийгөө хамгийн-хамгийн гэж хөөргөөд байгаа нь сонин. бодит байдал дээр эцэстээ ямар байдалтай байгаа билээ.
юмыг цэгнэж, бодит байдлаа бодитоор дүгнэж сурвал сайн л байна.
AmonRa хэзээ бичсэн: 19:56, 2013-03-03 | |
Bi bagshdaa mash ih talarhaltai handah bas negen shaltgaan tanii bichsen niitlelees harlsan .Bayarlalaa
Зочин хэзээ бичсэн: 15:52, 2013-03-03 | |
тэврэлт гоё шүү loser not talking
чин шударгаар амьдрахыг хүүхдүүддээ ойлгуулах нь чухал
зочин (зочин) хэзээ бичсэн: 23:16, 2013-03-02 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)