Биелээгүй амлалт, Жозеф Стиглиц

2013-03-03,17:31

Яг бодож явдаг зүйлийн талаар бичсэн байх шиг байна. Дараа завтай болохоороо уншихаар хуулаад тавив...

[Цахим өртөөний вебд 2002 онд нийтлэгдэж байсан ч Олон улсын эдийн засгийн харилцааны олон асуудалд хадны цуурай мэт аялдан дагалдах бус, харин боловсролтой, өөрийн гэсэн толгойтой хандах нь яагаад чухлыг олон улсын төсөл, арга хэмжээнүүдийн жишээн дээр, тэдгээр дээр гардан ажиллаж байсан эрдэмтэн хүний тайлбарлаж бичсэнээс харж болох номын товчлол болох энэ өгүүллийн ач холбогдол нь өнөөдөр төдийгүй цаашид ч хэвээр хадгалагдах байнгын шинжтэй тул хэсэг хугацааны дараа дахин дахин нийтлэж байгууштай бөгөөд энэ удаа өнөөгийн үеийнхний анхааралд толилуулахаар нийтлэж байна. Нийтлэгч  2013-02-25]                                             

Жозеф Стиглиц
Клинтоны засгийн газрын эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч асан, Дэлхийн банкны ахлах дэд ерөнхийлөгч, тэргүүлэх эдийн засагч, Нобелийн 2001 оны эдийн засгийн салбар дахь шагналтан, одоо (2002 онд-нийтлэгч) АНУ-ын Колумбын Их сургуулийн профессор

Түүний ном АНУ-д болоод Европын орнуудад ихэд шуугиулж байна. Яагаад? Уг нь их л амархан мэт. Тэрээр хүмүүсийн ил ярьдаггүй, харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг зүйлийг хэлж, бичжээ. Түүний "Даяаршил ба түүний сүүдэрт талууд" (Globalisation and its Discontents) хэмээх 2002 оны шинэхэн ном манай улс төрчид, эдийн засагчид, сэхээтнүүдэд олон зүйлийг нээж, эргэцүүлэх, эргэж харах, шинээр харах шалтгаан болно гэдэгт эргэлзэхгүй байна. Уг номноос товчлон орчуулж та бүхэндээ толилуулж байна.

Даяаршил нь олон сөрөг үр дагаварт хүргэж, тэр дундаа ядуу буурай орнууд үүнд их өртөж байгааг Дэлхийн Банкинд ажиллаж байх хугацаандаа миний бие харлаа. Даяаршил нь дэлхий дахинд чөлөөт худалдааг хөгжүүлж, дэлхийн улс орнуудын эдийн засаг өсч өндийхөд хөшүүрэг нь болж дэлхийн нийт ард иргэдэд сайн сайхныг авчрах учиртай гэж би боддог. Харин үүний тулд бид ядуу буурай орнуудад тулгаж байгаа өнөөгийн нийгэм эдийн засгийн бодлогоо зуун хувь өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Олон жил эрдмийн ажил хийсэн миний бие аливаа асуудалд голч үүднээс, үзэл сурталд авталгүй хандаж, шинжлэх ухаанч судалгааг үндэслэн сая ямар нэгэн бодит алхам хийх нь чухал гэж үздэг. Харамсалтай нь чухамхүү ийм хандлага Цагаан ордонд ч, Дэлхийн банкинд ч дутагдаж, хамтран ажиллагсад маань үзэл суртал, улс төрийн ашиг сонирхолд илүү их автсан байдгийг би ойлголоо. Ийм хандлага асуудлын голыг шийдэж чадалгүй, хэдэн хүний эрх ашигт үйлчлээд л өнгөрдөг нь тодорхой. Дэлхийн Банк, нэн ялангуяа Олон Улсын Валютын Сангийн бодлого улс төрийн болоод эдийн засгийн ур чадвараар дулимаг, гол төлөв үзэл суртал, догм шинжтэй бөгөөд тус бүртээ өөрийн гэсэн нийгэм эдийн засгийн онцлог бүхий улс орнуудад нэг л "стандарт" бодлогоо хэрэгжүүлэх гэдэг нь илэрхий байдаг. Өөр арга зам, өөр санаа оноо сонсохыг хүсдэггүй, нээлттэй чөлөөт маргаан өрнүүлдэггүй, ядуу буурай орнуудад хэрэгжүүлж буй бодлого нь бодитоор хир үр дүнтэй байгааг нь судалдаггүй ийм "ардчилсан" биш нөхцөл байдал нь үнэндээ "туслах" гээд байгаа улс орнуудад сөргөөр нөлөөлж, баян нь улам л баян, ядуу нь улам л ядуурах явдал л дэлгэрсээр байна.

Энэ оны 9-р сарын 11-нд Нью Йорк хотноо болсон сүйтгэл бид нэгэн гаригийн нэгэн хувь заяатай нэгэн бүл гэдгийг харууллаа. Бид баян ядуугийн ялгааг өсгөх бодлого явуулаад, өөр хоорондоо дайсагналцсан байдлыг "өөгшүүлээд" байх бус ядуу буурай орнуудыг харж үзэх, ёс зүйн өндөр хариуцлагатай хандах хэрэгтэйг онцлон хэлмээр байна.

90-ээд оноос хойш дэлхийн ядуурал зуун саяаар өсч, Африк тив үүний дийлэнх хувийг эзэлж байна. Ази, Латин Америкт эдийн засгийн хямрал дэлгэрч, өөрөөр хэлбэл даяаршил ядуурлыг ч бууруулсангүй, тогтвортой байдлыг ч авчирсангүй. Барууны орнууд ядуу буурай орнуудыг худалдааны чөлөөт, нээлттэй зах зээлийг бий болгохыг шаарддаг хэрнээ өөрсдөө элдэв хязгаарлалтуудаа хадгалсаар байдаг. Тиймээс ч ядуу буурай орнууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хөгжилтэй орнуудад нийлүүлэх боломжгүй болчихдог. Барууны хөгжилтэй орнууд хөдөө аж ахуйгаа төрөөс удирдаж, санхүүгийн хувьд дэмждэг учир буурай орнууд мэдээж өрсөлдөж чадахгүй. Тэгсэн хэрнээ барууны орнууд буурай орнуудыг аж үйлдвэртээ улсаас татаас дэмжлэг үзүүлэх гэхэд мөн л "дургүй" байдаг. Уругвай дахь худалдааны 8-р хэлэлцээрээс хойш (1995) зарим ядуу орны экспортын зардал импортоосоо хэд дахин бага гарсан судалгаа байна. Иймэрхүү янзаар ядуу орон улам л ядуурах зам руугаа орж байна. Ази, Латин Америкийн санхүүгийн зах зээл дэх хяналтыг чөлөөлснөөр барууны банкууд ихээхэн ашигтай ажилласан бол тухайн орнуудын банкны систем гэнэтийн мөнгөний дутагдлаас болж хямралд орж байна. Мөн Уругвайн хэлэлцээрээр зохиогчийн эрхийг хамгаалах заалт оруулснаар америк, барууны эмийн үйдвэрүүд дууриамал хямд эмнүүдийг "уналтанд" оруулж, өөрсдийн бүтээгдэхүүнээ патентлан, маш их ашиг олж байна. Харин буурай орнууд өндөр үнэтэй эмийг худалдан авах тэнхээгүйн улмаас олон мянган хүн, тэр дундаа ДОХ өвчтөнүүд эмгэнэлтэй байдалд ороод байна. Барууны болоод олон улсын байгууллагуудын боловсруулж, санхүүжүүлж буй ядуурлыг буруулах төслүүд үр ашгаа өгч чадахгүй хий өнгөрдөг тохиолдол олон байхад зээл авч төсөл хэрэгжүүлсэн ядуу улсын өрөө буцааж төлөх үүрэг нь харин хэвээрээ үлддэг.

Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч, ахлах дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдон Вашингтон дахь уг байгууллагын гял цал орчин үеийн барилгын үүдийг татсан өдрийг би тод санаж байна. Юуны түрүүн "Ядууралгүй дэлхий – бидний мөрөөдөл" гэсэн бичээс, сохор өвгөн хөтөлсөн залуугийн хөшөө нүдэнд туслаа. Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нар нэгдэж, онкоцеркоз гэж энэ сохрох өвчний эсрэг тэмцэх гэсээр байтал жил бүр өдий төдий хүн Африкт нас барж байсан түүхтэй. Гудамжны нөгөө талд мөн л гялалзсан тансаг барилга сүндэрлэх нь Олон Улсын Валютын Сангийнх. Энэ барилга руу орсон ямарч сангийн сайдад дэлхийн эрх мэдэл, эд баялагийн төвд байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх ёстой мэт.

Дэлхийн банк, Олон Улсын Валютын Санг хооронд нь ялгахгүй байх тохиолдол олон. Нэг нь дэлхий дээрх ядуурлыг бууруулах, нөгөө нь дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготойгоор тэртээ 1944 онд Бреттон Вуудст НҮБ-ийн олон улсын мөнгө, санхүүгийн чуулга уулзалтаар байгуулагдсан түүхтэй юм. Дэлхийн банк хэсэг эрдэмтдийг аль нэг улсад судалгаа хийлгэхээр илгээдэг бол, Валютын Сан гурван долоо хоногоор аль нэг ажилтнаа тухайн улс руу томилолтоор явуулж, тэр нь Сангийн яам, Төв банкны тоо статистикийг үзэж шалгаад, бусад үед нь тохитой таван одтой буудалд зочилсоор буцдаг. Энэ бол зүгээр нэг бэлэг тэмдгийн шинжтэй харьцуулалт бус юм. Аль нэг улсыг таньж мэдэх, хайрлах нь тэр улсын энгийн амьдралтай танилцсанаар эхэлдэг. Өөрөөр хэлбэл ажилгүйдэл гэдэг зүгээр нэг эдийн засгийн "нүцгэн" тоо биш, түүний цаана тухайн эдийн засгийн бодлогоос амьжиргаа нь шууд хамаарч буй гэр бүлтэй хүмүүс бий. Өнөөдрийн өндөр технологи бүхий дайтах арга нь дайснаа харахгүй байх, ерөөсөө аливаа биеийн харилцаанаас зайлсхийхэд оршиж байна. 10000 метрийн өндрөөс тэсрэх бөмбөг шидэхдээ хүн юу хийж буйгаа мэдэрдэггүй. Өнөөгийн эдийн засгийн бодлого ч үүнээс ялгагдах юмгүй байна. Таван одтой зочид буудлын тансаг өрөөнөөс гадаа нь байгаа хүнд ямарч нөхцөл болзол тулгаж, ямарч шийдвэр гаргаж болох. Харин энэ шийдвэрээс чиний таньдаг, аж амьдралыг нь мэддэг хүний хувь заяа шууд хамаарч байсансан бол ингэж тулгахаасаа өмнө лав хэд дахин эргэцүүлэх л байх.

Миний анхны гадаад томилолт Этиоп улс байлаа. Нэг хүнд ногдох жилийн орлого нь 110 доллар, өлсгөлөн, ган гачигт нэрвэгдсэн энэ улсын ерөнхий сайд Ценави улсынхаа эдийн засгийн нөхцөл байдал, онцлогийг Этиопыг хариуцсан Дэлхийн банк, ОУ-ын Валютын Сангийн ажилтнуудаас дээр мэдэж байв. Намайг 1997 онд ирэхэд Ценави ОУ-ын Валютын Сантай санал зөрснөөс сан зээлийн мөнгө өгөхөөсөө татгалзсан байлаа. Тус улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд харин ч танагтай, инфляци үгүй, юмны үнэ буух хандлагатай гэсэн статистик гарчээ. Гэсэн ч ОУ-ын Валютын Сан гадны мэргэжилтнүүдийн санаа оноог авдаггүй, өөрсдийн бодлогын зөвд итгэлтэй байдаг бөгөөд Этиопт олон нөхцөл тулгаж, тэр тусмаа дэлхийн санхүүгийн зах зээл дээр өрсөлдөх чадваргүй банкны өчүүхэн системийг нь чөлөөлөхийг шаардаж, болзлыг нь гүйцэтгээгүй тохиолдолд зээл олгохгүй гэж "гэдийжээ". Миний бие болоод бусад эдийн засагчдийн зүтгэсний үр дүнд Этиопт зээл олгохоор болов. Гэсэн ч ийм эерэг шийдвэрт хүрэх гэж ОУ-ын Валютын Сан лав хэдэн сар эсэргүүцсэн дээ. Энэ мэт газар дээрх бодит байдал, бодлого хоёрын зөрөө Африкийн олон орны жишээн дээр харагддаг. Кени улс тухайлбал дотоодын шалтгаанаасаа болж хахуульд идэгдсэн ч зээлийн өндөр хүү, болон бусад эдийн засгийн өнөөгийн бэрхшээлүүд нь ерөөсөө л ОУ-ын Валютын Сангийн зөвлөгөөг дагаж хэрэгжүүлсэний л үр дүн юм. Тус улсын тэргүүлэгчид өөрийн гэсэн хөгжлийн стратегийн тухай бодолтой явдгийг ОУ-ын Валютын Сан харамсалтай нь төдийлөн сонирхдоггүй. Азийн хямрал намжсаны дараа 1999 онд би нэг Солонгос эдийн засагчаас хоёр жилийн өмнө ОУ-ын Валютын Сангийн Өмнөд Солонгост хэрэгжүүлж буй бодлогыг тухайн үед бурууг нь мэдсээр байж яагаад шүүмжлээгүй тухай асууж билээ. Би мэдэж байсан хариугаа л авсан. Солонгосын эдийн засагч "ОУ-ын Валютын Санг шүүмжлэх нь түүнээс тусламж авахад нь саад болж болохоос гадна гадаадын бусад хөрөнгө оруулагчдын итгэлийг (учир нь тэд ОУ-ын Валютын Санд илүү итгэнэ! ) алдахаас айсан хэрэг гэж билээ.

Тусламж үзүүлж байдаг байгууллага (Дэлхийн банк), Европын Холбоо болон бусад орнууд ядуу буурай орнуудад зээл тусламж өгөхөөсөө өмнө ОУ-ын Валютын Сангаас зөвшөөрөл авдаг нь байдлыг хүндрүүлж байна. ОУ-ын Валютын Сан л тухайн улсын эдийн засгийн бодлогыг сайн гэж үнэлэх юм бол тус улсын өр ширийг тооцохгүй болгож болно гэдэг. Иймээс ч ОУВС энэ эрхээ мэдэхийн хирээр „төмөр нударгаа харуулж" чадаад байдаг. Үүнийг тусламж авч буй орнуудын удирдлага ч сайн мэддэг. ОУВС олон нийтэд эдийн засгийн өөр бодлого байж болохыг үгүйсгэх „сурталчилгаа" явуулахыг, ард иргэдээс нуухыг тухайн улсын удирдлагаас шаарддаг. ОУВС нь тухайн улсын алхам бүрийг ажиж, инфляци, өсөлт, ажилгүйдэл гэх макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг үзээд зогсохгүй мөнгөний нөөцийг хүртэл хянаж, 30, 60, 90 хоногт юу хийсэн байх ёстойн талаар даалгавар өгч, зарим тохиолдолд зорилгодоо хүрэхийн тулд ийм тийм хууль гарга гэж хүртэл шахдаг.

ОУ-ын Валютын Сан ядуу буурай орнуудыг зах зээлээ нээж, чөлөөлөхийг шаардаж, хүслээр нь болохгүй бол мөнгөн тусламжаа хаана гэж айлгаж байдаг. Тэгвэл Валютын Сан бус АНУ ганцаараа ийнхүү олон улсын харилцаанд оролцох нь бүр ч хүндрүүлдэг. Жишээ нь АНУ-н Худалдааны яам засгийн газрынхаа шахалтаар аль нэг улсаас өрөө өндөрсгөн нэхдэг. Шалгалтын комисс хуралдаад (үүнд нь гагцхүү АНУ-ын засгийн газраас оролцоно) нэхэмжлэлээ саадгүй баталдаг. Өөрөөр хэлбэл АНУ өөрөө нэхэмжлэгч, өөрөө шүүгч нь болж „тоглоод", хэлбэр төдий шүүх хурал нь шүүх дүрмийн хувьд ч, шүүгчийн хувьд ч анхнаасаа нэхэмжлэлийг зөвтгөсөн шийдвэр гаргахаар тодорхой байдаг. Хэрвээ энэ шүүх хурал бусад хөгжилтэй орон, тухайлбал Европын орнууд эсвэл Японы эсрэг байсан бол тэдгээр нь өөрийнхөө эрх ашгийг хамгаална. Харин хөгжиж буй орнуудын хувьд (Энэтхэг, Хятад хүртэл) ийм шүүх шударга бус ажиллагаа юм.

Адам Смитийг эцэг нь гэдэг чөлөөт зах зээлийн загварыг „үл үзэгдэгч гар" удирдаж, эдийн засгийн үр ашигт хүргэдэг гэсэн гол үзэл буй. Өнөөгийн эдийн засгийн судалгааны ололт нь Смитийн энэхүү зах зээлийн онол нь ямар ямар тодорхой нөхцөлд хэрэгжиж байдгийг тогтоосон явдал юм. Хамгийн сүүлийн үеийн эдийн засгийн судалгаа, нээлтээс үзэхэд мэдээллийн болоод зах зээлийн төгс бус орчинд (өөрөөр хэлбэл хөгжил буурай орнуудад) өнөөх „үл үзэгдэгч гар" төгс үйлчилж чаддаггүй аж. Энэ нь тэгэхээр төрийн оролцоог ямар нэг хэмжээгээр зөвтгөж байна гэсэн үг. Төгс мэдээллийн орчинд санхүүгийн зах зээл цэцэглэх учир түүнийг төрөөс зохицуулаад байх шаардлагагүйтэй адил.

Тэгтэл ОУ-ын Валютын Сангийн эдийн засгийн бодлого Смитийн төгс өрсөлдөөн бүхий, төгс зах зээлийн загвар дээр тулгуурлаж байдаг бөгөөд ийм нөхцөлд „үл үзэгдэгч" ч үйлчилнэ гэж үздэг. Смитийн „үл үзэгдэгч гарын" теорем нь хөгжилтэй оронд зөв байж болох ч ядуу буурай оронд үйлчлэхгүй байна. Зах зээл нь өмчлөлийн нарийн тодорхойлсон эрх үүрэг, тэдгээрийг хамгаалдаг шүүхийг шаарддаг бол энэ нь буурай орнуудад ихэнхдээ байдаггүй. Зах зээл нь төгс өрсөлдөөн, төгс мэдээллийн системийг шаарддаг. Дэлхийн банкинд ажиллаж байх хугацаандаа би Кенид ажлын шугамаар очиж бидний явуулж буй буруу бодлогын үр шимийг газар дээр нь харж билээ. Тодруулбаас, өмч хувьчлалыг (төрийн өмчийг аж ахуйн нэгжид хувьчлах) би ерөнхийд нь дэмждэг ч энэ хувьчлал тухайн аж ахуйн нэгжид үр ашигтай, хэрэглэгчид хямд үнэ бүхий бараа үйлчилгээг өгч байгаа тохиолдолд л зөв алхам бөгөөд энэ нь чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлд боломжтой. Бид „бушуухан зах зээлд шилжүүл" гэж идеологийн хувьд ярьж, улс төржиж болох боловч эдийн засгийн онол, түүх нь зүй тогтлын энэ дэс дарааллыг үл тоомсорлох нь хичнээн аюултай болохыг харуулсаар байна.

Товчлон орчуулсан „Боннын" Т. Алтангэрэл


Үргэлжлэл: Геополитик ба Монгол

Терроризмийн эсрэг тэмцэл ч бай, байгалийн баялгийн төлөө зөрчилдөөн, эсвэл бүр Ираны цөмийн маргаан … Аль ч тохиолдолд “Геополитик” (цаашид “Геоулстөр”) гэсэн үг бүгдийн аманд хэлэгдэн, зөвхөн мэргэжлийн хүмүүсийн түвшинд бус, олон нийтийг хамран яригдах боллоо. Гэхдээ “Геоулстөр” гэх үг чухам ямар утгатай болох нь таавар буюу тухайн уншигчийн төсөөлөл болон үлддэг.

Энэ үгийг улс орон байр суурь, эрмэлзлээ илэрхийлэхдээ, тайлбар, шаардлага тавихдаа элдэв нэр томъёонуудтай хамтатган, үйл явдлуудтай хамааруулан хэрэглэж байна. Өнөөдрийн Геоулстөрийг тухайн орон зайд нөлөөлөн чиглэл өгөх процесс буюу улс төрийн зорилгод хүрэх хэрэгсэл гэж ойлгож байгаа нь уламжлалт сонгодог ойлголт өөрчлөгдсөнийг харуулж байна.

 Ингэж энэ нэр томъёог олон удаа, гол төлөв тохиромжгүй үед хэрэглэж байгаа нь асуудлыг ойроос авч үзэн, зөв ойлгох шаардлагыг буй болгож байна. Улс төр, газарзүй хоёрын хамаарал, огтлолцоо дээр буй болох асуудлыг хялбархан шийдэхэд тусалдаг, тодорхой болсон „онолын төлөвлөгөөтэй институт” хэмээн Геоулстөрийг буруу ташаа ойлгох нь ажиглагддаг.

Геоулстөрийн үүсэл, дэлхийн түүх

Анх 1618-1648 оны хооронд Европд болсон 30 жилийн дайн дуусахад Вэстфаллийн Энхийн гэрээ баталсны дараа газар зүйн хил тогтоох явдал тухайн үеийн улс төрийн бодлогын гол мөн чанарыг тодорхойлж байсан. Улс орныг амьд бие организмтай харьцуулан, газар нутгийн тэлэлт болон биологийн шалгарлаар жижиг улсуудаа эзлэн түрэмгийлж дээрэмдэхийг байгалийн хуулийн дагуу явагдаж байгаа хэмээн тайлбарлан зөвтгөж байв.

Тэр үеийн энэ бодлогын гол төлөөлөгч нь Германы Фридрих Ратцел (1844-1904) байв. Тэрээр газарзүй, улс төр хоёрын хооронд уялдаа холбоог хайж, нутаг дэвсгэрийн нүүн тэлэлт бол тухайн үндэстний урт удаан хугацаанд амжилттай оршин тогтнох, амьд үлдэхийн түлхүүр хэмээн бичиж байв. Мөн улс орнууд амьдрахын төлөө хоорондоо тэмцэж байдаг, сул жижиг улс нь томдоо эзлэгдэн нэгдэх нь байх ёстой байнгын хөгжлийн процесс хэмээн тайлбарлажээ. Тэр үед эзлэгдсэн улсуудын нийгмийн соёл, гарал үүсэл, уламжлалын онцлогууд нь онцын ач холбогдолгүй, үүрэггүй хэмээн бичиж байв. Ратцел ингэж тодорхойлсноороо германы националист үзэлтнүүдэд зайлшгүй хэрэгтэй байсан хэлэх үг оюуны дэмжлэгийг нь олгож, Германы түрэмгийллийг цагаатгаж байв. Империалист булаан эзлэлтийг заавал болох үйл явдлын үр дүн юм хэмээн бичиж байв.

“Геоулстөр” гэх нэр томъёог анх хэрэглэсэн хүн бол шведийн хэт консерватив улс төрч, профессор Рудолф Кжеллен (1864-1922) юм. Тэрээр “улс орон амьд организм” (түүний бүтээлийн нэр) хэмээн ойлгож байв. Газарзүйн байршлын ач холбогдлыг, улс төрийн бодлогын дараа оруулж байв. Газарзүйн байршил нь оршин тогтнох тэмцэлд шийдвэрлэх үүрэгтэй боловч, зөв улс төрийн харилцаагаар гарах үр дүнд хүчтэй нөлөөлж болно хэмээн тэр хэлжээ. Англи америкийн орчинд, Алфред Таер Махан (1840-1917) мөн Халфорд Макиндер (1861-1947) нар геоулстөрийн бодлогод анхааралаа хандуулцгааж байв.

Х. Макиндер эх газрын бодлогыг илүү чухалчлан үзэж байсан ба далай тэнгисийн бодлого буюу түүнийг эзэмшигч, хянагч улсууд илүү нөлөөтэй байх болно хэмээн дүгнэж байснаараа Махан-аас ялгаатай юм. Тэр үеийн эдгээр онолчдын хийсэн газарзүйн байршил, амьд организмтай адилтгасан улс орны бодлогын тайлбаруудыг дэлхийн 1-р дайны дараа олон тооны эрдэмтэд өргөжүүлэн судалсан юм. Гол төлөөлөгч нь германы Карл Хаусхофер (1869-1946) юм. Дайны дараа Герман улс үлэмж хэмжээний газар нутгаа алдсан, дээр нь эдийн засгийн хувьд сүйрэл амсан маш өндөр өр төлбөрт унаж, сэхэл авч чадахгүй байсантай холбон үзсэний үндсэн дээр К.Хаусхофер хоёр ерөнхий санаа илэрхийлсэн юм. Нэгдүгээрт, газар нутгийн хувьд тасдуулан жижигрэсэн Герман улсад хүн ам нь багтахгүй болж, сунан тэлж томрох ёстой. Хоёрдугаарт, жижигхэн болоод зогсохгүй, шудрага бусаар шийтгэгдэж, үндэстний хувьд үлэмж ихээр доромжлуулан, зовж шаналж байна гэсэн юм.

Тэр үеийн 3 дахь райхийн геоулстөр ерөнхийдөө энэ санаанууд дээр суурилж байв. Германы явуулсан үлэмж их цус асгаруулсан, эзлэн түрэмгийлэх дайны дараа өөрийн үзэл бодол нь бүтэлгүй нуран унахыг харж, амьд гэрч нь болсон профессор К. Хаусхофер 1946 онд өөрийн эхнэрийн хамт амиа хорлосон юм.

Дэлхийн II дайны дараа дэлхий нийтэрээ Германы явуулсан геоулстөрөөс зайгаа барьцгаан, Европ ерөнхийдөө бодлогын зогсонги байдалд орсон бол англи, америкийн орчинд хүйтэн дайны ид үед тэгээгүй юм. Гол төлөөлөгчид нь болох Никлас Спикман, Хенри Киссэнжэр, Збигнев Бзежински нарын неореалист үзэлтнүүд сонгодог геоулстөрийн үргэлжлэл байсан хэмээн үзэж болно. Тэд колончлолын үе нуран унасныг болон эрх мэдлийн орон зай дэлхийн хэмжээнд хэрхэн тархсаныг үзүүлэн тайлбарлахыг оролдсон билээ. Ерөнхийдөө тэр үеийн бодлого ЗХУ-ын нөлөөллийг багасгаж, социализмын хүчийг дарахад чиглэгдэж байв. Мөн яагаад АНУ цэрэг зэвсгийн үйл ажиллагааг өөрийн эх газраасаа хол явуулсныг (жишээ нь 1950 оны Солонгосын дайн, 1957 оны Вьетнамын дайн) өөр өөрсдийн байр суурьнаас тайлбарласан юм. Тэдний бодлого хүйтэн дайны үед хэрхэн хэрэгжиж, зүүний блок бутарсныг бүгд мэдэж байгаа бизээ.

Түүний дараа Берлиний ханыг нурааж, Афганистаны, дараа нь Иракийн дайн…

Орчин цагийн тодорхойлолт

Гүрнүүдийн өнөөдрийн явуулж буй бодлогуудыг харахад, “эзлэн ашиглах” сонгодог зорилго нь өөрчлөгдөөгүй боловч арга барил нь өөр болсон байна. Хуучны адил хуягт, танк, цэрэг оруулж улс орныг эрхшээлдээ оруулахыг урьтал болгохгүй. Өнөөдрийн геоулстөр хэмээх нь том орон зайд тусгаж буй эрх мэдлийн тусгал юм. Өөрөөр хэлбэл, шууд зэвсэг техникээр эзлэх бус, харин эрх мэдлээ өөрийн хянаж буй орон зайд бүхэлд нь тусган нөлөөлөх арга юм. Ингэж байгаа геоулстөр бол орчин цагт тохируулсан “империализмын” зөөлөн хэлбэр юм.
Зорилго нь... мэдэгдэж байгаа эрчим хүчний нөөцүүдийг геоулстөрийн эрх мэдэлдээ оруулах, түүнийг тээвэрлэх замуудыг хяналтандаа байлгах, мөн нөөц байж болох бүсүүд рүү гарц гаргах. Гүрнүүдийн өнөөгийн геоулстөрийг “тухайн үндэстний дэлхийд оршин тогтнолоо бэхжүүлэн, нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд ач холбогдол бүхий бүс нутаг, улс ороныг чиглүүлэн явуулж буй байнгын ашиг сонирхлын гадаад (үүний дотор эдийн засаг, шашин, цэрэг, соёл орж болно) бодлого” хэмээн тодорхойлж болох юм.

Жижиг улсуудад зориулан явуулж байгаа “Нууц бодлого”

Улс орнууд хоёр төрлийн бодлого хэрэгжүүлж байгаагийн нэг нь “олон түмэнд ил байх бодлого”, нөгөөх нь “нууц геоулстөрийн бодлого”. Энэ нууц бодлогоо байгалийн баялаг ихтэй жижиг улсад тулгасны улмаас:

 1. Засгийн газар нь зөвхөн байгалийн баялгийн нөөцдөө найдаж, бусад салбарууддаа ач холбогдол өгөхгүй байснаас тус улсыг олон улсын үнийн хэлбэлзлээс бүрэн хамааралтай болгоод зогсохгүй, бүхэлдээ нийгэм эдийн засгийн бүтцэд нь муу нөлөө үзүүлэн царцанги байдалд байлгана (сонгодог Голланд өвчин).

 2. Байгалийн баялаг нь төрийн болон төрийн бус бүх төлөөллийн шуналыг хөдөлгөж, эрх мэдлийн төлөө тэмцэхэд хүргэдэг. Гадныхан, тухайн улсын төрийн цөөн тооны хүмүүсийг ашиг сонирхлоор нь татан өөрсдийн хүнээ болгож, өөрсдөд нь ашигтай бодлого тулган явуулдаг. Ийм үед улс орон хөгжих боломжгүй болж, төрийн аппарат нэр төдий болон суларч, авилга цэцэглэж, улмаар тус орны дотоод зөрчил үүсэн бий болох орчинг бүрэлдүүлэхээс гадна бүр зэвсэгт мөргөлдөөн хүртэл гарахад хүргэдэг.

 3.Төрийн эрүүл бодлого үгүй болсноос төсвийн маш их алдагдалд байнга орж, гадаад зээл тусламжаар төсвөө нөхөж, гадны хөрөнгө оруулагчдын өрийн хавханд орсоноор тэднээс бүрэн хамааралтай болно.Тус улсын далд эзэд нь гадныхан болж, байгалийн баялгаа улс орон өөрөө бус зээл олгогч нартаа ашиглуулдаг.

Монголд амжилттай хэрэгжиж байна

Энэхүү бодлогын үр дүнд манайд яг ийм байдал үүсэн буй болж, нийгэм маань тэр аяраа зүйрлэж хэлвэл „хонины шөл“ болон хувирч ээ. Энэ шөлний дээд хэсэгт хөвөх нимгэн „тосон давхарга“ болох 5-хан хувь нь баялгаас хүртэж, үлдсэн „усан шөл“ болох ард түмэн туйлдан ядуурч байна. Сонирхолтой нь дэлхийн нийт ядуу хүмүүсийн 78 % нь байгалийн баялгаар баян улсад амьдарцгааж байна.

Манай улс газар зүйн онцгой байршил, хүн амын сийрэгшилт, далайд гарцгүй эдийн засгийн бүрэн хамааралтай байдал зэрэг нь үргэлж их гүрнүүдийн сонирхлын хэсэг нь байж, тухайн үед нь бидэндээ тохируулан харьцаж ирсэн.

Энүүхэндээ гэж хэлэхэд, Монгол улсыг хөгжилтэй, хөл дээрээ баттай зогссон, өөрсдийн байр суурийг илэрхийлэн баттай хамгаалах чадвартай, эдийн засгийн хувьд бүрэн бие даасан байлгахыг тэд хүсэхгүй байна. Харин эсрэгээр, дотроо хагаралтай бутархай, эв нэгдэлгүй, улс төрчид нь авилгад идэгдсэн утсан хүүхэлдэйнүүд болсон, энгийн иргэд нь бодит байдалд зөв дүгнэлт хийх чадваргүй, шашинжсан мухар сүсэгт автсан, оюун ухааны хувьд харанхуй, архинд живж ядуухан амьдралтай байлгахыг хүсэж байна.

Харамсалтай нь, тэдний энэ төлөвлөгөө үүнийг уншиж буй мөч хүртэл хэрэгжсээр иржээ. Дээр нь бид хэн нь “наашаа” хэмээснийх нь зүг найган давхиж найзархаг гуйлга гуйх бодолтой, нэг талыг барьсан явцуу бодлого явуулж байна. Монголын байр суурь яах гээд байгааг гадныхан байтугай өөрсдөө ч сайн ойлгож мэдэхгүй болжээ. Байр сууриа олоогүй, тодорхойлж чадахгүй байгаа маань хэн боломжтой, хүчтэй, том байна, түүний далавчин дор хамгаалагдан үлдэх гэсэн арчаагүй байдалд хүргэж байгаа бөгөөд энэ нь яах аргагүй өрөвдөлтэй жижиг улсын байр суурь юм.

Жишээ аван Монголын төмөр замын төслийг ярихад, энэ амин чухал мега төсөл дээр улсын баримтлах ямар ч геоулстөрийн бодлого үгүй байсны улмаас ашиг харж хандсан, улс болгонтой найзархаж хамтран ажиллана гэсэн бүтэшгүй, найдлага төрүүлсэн үйл ажиллагаа явуулж байж. Үүний үр дүнд бүх том гүрнүүдийн бодлого ороод ирчихсэн, үүнээс болж тайлах хэцүү, яг л эртний Грекийн домогт гардаг “Гордиев зангилаа” мэт тайлж боломгүй мухардмал байдалд ороод байна. Үүнийг зарим нэг төрд шургалсан гадны эздийн гар хөл болсон хүмүүс тэдний бодлогыг гүйцэлдүүлэн, Монголыг хохироох гэж оролдож байна.

Яагаад  Х. Баттулга Монгол улсад ямар ч хэрэггүй, дэлхийн стандарт бус өргөн замыг тавих гээд улайран зүтгээд байгааг нэр хүндэт “Коммерсант” сонины өгүүлбэрээр тайлбарлаж болох юм  “...Орос улс Тавантолгойгоос эх авах төмөр замыг одоо байгаа ТрансМонголын өргөн царигтай төмөр зам хүртэл барих ихээхэн сонирхолтой байгаа юм. Ингэснээр  Монголын  Хятадруу экспортлох нүүрсний замд хангалттай саад босгож түүнийг үр дүнтэй хянах бололцоо гарах юм.”

Яах хэрэгтэй вэ?

Эхний ээлжинд бид стратеги төлөвлөгөөгөө болон байр сууриа тодорхой болгомоор байна. Ингэхийн тулд зөвхөн зэргэлдээ хажууд буй урд хойд хөршөө, аль эсвэл Америкийг харах бус, харин дэлхий дахин дахь нөхцөл байдлыг бүхэлд нь тольдон харсны үндсэн дээр зохих дүгнэлтийг хийж, түүнээс урган гарах бодлогоо тууштай явуулах, хоёр хөрштэйгээ найрсаг харицаатай байхын зэрэгцээ хэний ч нөлөөнд автахгүй байж, дэлхий нийттэй чөлөөтэй харьцах бодлого баримтлах шаардлагатай байна.

Үүний тулд төвийг сахисан орны статус нэн зохимжтой. Дэлхийн II дайны үед Европын ганцхан улсын нутаг дээр нэг ч бөмбөг унаагүй билээ. Тэр нь төвийг сахигч жижигхэн Швейцари улс юм. “Европын холбоонд нэгдэхгүй, хамааралгүйгээр төвийг сахисан байна” гэсэн онцгой статусынхаа хүчинд өнөөдөр Европын холбооны бүх улс орныг донсолгож, 2007 оноос хойш тасралтгүй үргэлжилж буй хямралыг тойрч гарсан улс бол бас л нөгөө Швейцари юм.

”Чи эцэг эх, ах эгчээ хэзээ ч өрөө сонгож чадахгүй, харин эхнэрээ өрөө сонгож чадна” гэх үгсийг араб эцэг хүүдээ сурган захидаг. Үүнтэй нэгэн ижил, бид, хоёр том хөршөөсөө нүүгээд явчихаж чадахгүйгээс хойш, сүүлийн үед их хэрэглэгдэх болсон 3 дахь хөршийн бодлогоо зөв тодорхойлж, манай улсын ашиг сонирхолд нийцсэн ямар ч улс оронтой чөлөөтэй харьцаж чадах хэмжээний чиг баримжаатай болох нь чухал юм.

Одоо дэлхийд,Уинстон Черчилийн хэлсэн “…Мөнхийн дайсан үгүй,мөнхийн эрх ашиг бий” гэсэн бодлого давамгайлж байна. Энэ нь Орос, Хятадын харилцааны үндсэн зарчимыг хоёр тал ”Өнгөрснийг бус, зөвхөн ирээдүйг харна…” хэмээн тодорхойлсонтой яг тохирч байгаа юм. АНУ дэлхий дахинд нөлөөллөө нэмэгдүүлэх бодлогоо эрчимтэй явуулж байгаагийн улмаас (2011 онд цэргийн зардалд 711 тэрбум доллар зарсан нь 2 р байрт яваа Хятад улсаас 5 дахин их юм) Орос, Хятад хоёр улс хүссэн хүсээгүй хоорондоо ойртох хэрэгтэй болж байна.

“Жижиг Монголыг хэн тоох вэ”,”бид ач холбогдолоор бага” хэмээн өөрсдийгөө “доош нь хийн” бусдын өмнө бөхөлзөж байх хооронд дэлхий бөмбөрцгийн бодлогыг тодорхойлогч глобал тоглогчид манай улсад аль хэдийн ороод ирчихсэн, биднийг төлөвлөгөөндөө багтаачихсан байхад бид юугаа ч мэдэхгүй хоорондын хэрүүлээ хийгээд сууцгааж байх гэж.

“Оюутолгой  буруу болсон” хэмээн монголчууд бид сүүлийн 5 жил тасралтгүй шаагиж байх хооронд “сайн болсон” гэх дэлхийд 2-рт орох аварга РИО ТИНТО манайд хэдийнээ сууршиж амжижээ. Гэтэл РИО ТИНТО гийн эзэн хэн бэ гэвэл англо-саксон, цаашилбал дэлхийг бүхэлд нь залан удирдаж буй Ротшилдийн гэр бүлийн толгойлогч Натаниэл Ротшилд юм. Өөр юм хэлэх нь илүүц бизээ.

Эцэст нь, нэгэн удаа Израилийн Ерөнхий сайд асан Голда Маейраас, таны амьдралын үндсэн зарчим юу вэ? хэмээн асуухад “Еврейчүүдэд хэрэгтээ бүхэн...” хэмээн хариулжээ. Гэтэл бид Монголд хэрэгтэй бүхнийг сонгож  чадаж байна уу?

Ч.Өрлөг

төрөл: Хувьсгалын | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 979 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Үргэлжлэлийг нь эндээс уншаарай: http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2052-article_20130228_001
Алмас хэзээ бичсэн: 11:16, 2013-03-05 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)