Ирээдүйн хүнсний голлох 10 нөөц

2011-7-8,21:15
 Цаг агаарын өөрчлөлт, хүн амын өсөлт, дэлхийн эдийн засгийн хямрал, бүс нутгийн чанартай тогтворгүй байдлаас үүдэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам өсч, олон улс орон зарим төрлийн нөөцийн хомсдолд орж эхлээд байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний хомсдолоос үүдэлтэй дэлхийн дайн (3-р) ч гарч болох тухай зарим судлаачид өгүүлж байгаа билээ. Эдгээр болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан хүнсний бүтээгдэхүүний голлох нөөцүүд, тэдгээрийг үйлдвэрлэх арга хэлбэрийн хувьд зарим өөрчлөлтүүд гарч эхлээд байна. Ойрын ирээдүйд ямар төрлийн хүнсний нөөцүүд голлох тухай одоо хийгдэж байгаа судалгаанууд болон эрдэмтэдийн үзэл бодолд үндэслэсэн нэгэн таамаглалыг сонирхоцгооё.


Үрэл
Хүмүүс тэр болгон таашаахгүй байж болох ч үрэл хэлбэрийн хоол хүнс бий болно. Ихэвчлэн уран зөгнөлт кино зохиолд өгүүлсэнээр бидний мэддэг хүнсний үрлэн бүтээгдэхүүн та бидний төсөөлөөчгүй байхад амьдралд нэвтэрч эхэлжээ. Одоогоор витаминыг үрэл хэлбэртэйгээр үйлдвэрлэж байгаа боловч ийм төрлийн хүнс тэжээлийн бүтээгдэхүүн зохион бүтээгдэж эхлээд байна. Их британийн эрдэмтэд эрүүл хооллолтын шаардлагуудыг хангасан үрлэн хүнс бүтээжээ. Зохион бүтээгчдийн мэдэгдэж байгаагаар 2.5 кг төмсөнд агуулагдах витамин болон эрдэс бодисыг ширхэг үрэл болгон агуулдаг байна. Бодит байдалд нэг удаагийн хооллолтоор 2.5 кг төмс идэхийг хэн ч хүсэхгүй боловч энэ нь үрлэн хүнс бүтээх боломж хангалттай байгаагийн илэрхийлэл болохоос гадна хүнсний ногоо, шарсан тахиа болон десертийг үрэл хэлбэрээр хэрэглэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал болоод байгаа гэдгийг харуулж байна.


Лабораторт ургуулсан мах
Шилэн хоргонд ургуулсан мах үрлэн хүнсний адилаар хүмүүсийн таашаалыг тэр болгон хүлээхгүй боловч уламжлалт мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг ийм хэлбэрээр орлуулах бүрэн боломжтой юм. Мал, мах бэлтгэлийн уламжлалт арга нь амьд малыг өсгөж үржүүлэхийн тулд их хэмжээний буудайн төрлийн тэжээл болон зай талбай шаарддаг тул туйлын үр ашиггүй хэлбэр юм. Харин лабораторт мах ургуулахын тулд тэжээл шаардлагагүй бөгөөд бэлчээрийн хэрэгцээ мөн адил байхгүй. Одоогийн байдлаар мах ургуулахын тулд гахайн булчингийн эд эсийг үхрийн цусны ийлдэсийн тусламжтайгаар өсгөж байна. Хэдийгээр хиймэл мах бүтээх ажил 100% амжилттай хэрэгжиж чадаагүй байгаа боловч эрдэмтэд уламжлалт махтай адил амт, чанартай болгохын төлөө ажилласаар байна.


Босоо ферм
2050 он гэхэд дэлхийн хүн амын тал хувь нь томоохон хотуудад амьдарч, хот суурингийн газар нутгийн хэмжээ ихээхэн томорсоноор тэдгээрийн хүн амыг хангах хэмжээний хөдөө аж ахуйн талбайн дутагдалд орж эхлэнэ. Харин тэнгэр баганадсан өндөр барилгуудад байгуулагдах босоо фермүүд жилийн турш хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгож дээрх хүндрэлээс зайлсхийхэд туслах юм. Ийм хэлбэрийн фермүүд нь хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн болон хог хаягдал, орчны бохирдолтой холбоотой зардалыг эрс багасгана. Мөн харьцангуй хязгаарлагдмал, тусгаарлагдсан орчинг бий болгох учир хортон шавьж устгах бодисын хэрэглээг эрс багасгах зэргээр уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тохиолддог олон хүндрэлийг шийдвэрлэх юм. Энэ технологи одоогоор дөнгөж төслийн шатанд байгаа боловч 2070 оноос ийм төрлийн фермүүд түгээмэл болж дэлхийн аль ч хотоос харж болно гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.


Акуапоник (Aquaponics)
Загас үржүүлгийн үйл ажиллагаанд тохиолдож буй хүндрэлтэй асуудал нь хэдхэн тооны загас үржүүлэхийн тулд том хэмжээний ферм байгуулах шаардлагатай болдог явдал юм. Тэгвэл акуапоник нь загас үржүүлэг, хөдөө аж ахуй эрхлэгчдэд усны хэмжээ болон ургамал тариалах зай талбайг эрс багасгах боломж олгохоос гадна хүмүүст уураг болон ургамлын төрлийн хэрэгцээг нэгэн зэрэг хангах боломж олгоно. Акуапоник нь загас, далайн амьтан үржүүлэх (aquaculture), хөрс шороогүйгээр усан орчинд хүнсний ургамал тариалах (hydroponics) аж ахуйнуудын нэгдэл юм. Ус болон загаснаас ялгарах хаягдал нь аквариумын доод хэсэгт тунана. Тухайн хэсэг хаягдлаас үүсэх шим тэжээлт бодисоор баялаг болох үед усыг шугам хоолойгоор дамжуулан ургамал ургах хэсэгт шилжүүлнэ. Энэ нь ургамлыг тэжээх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд ургамлууд усыг цэвэршүүлэн хүчилтөрөгчөөр баяжуулсаны дараа загас байрлах аквариум руу буцаж шилждэг. Ийм маягаар систем өөрийн шаардлагат хэрэгцээг өөрөө бүрэн хангадаг байна.


Хөвөгч ферм
Акуапоник систем нь уламжлалт үржүүлгийн арга (aquaculture)-тай харьцуулахад илүү жижиг төрлийн загас үржүүлэхэд тохиромжтой юм. Харин том оврын загас үржүүлэхийн тулд эрдэмтэд далайд хөвөгч том хэмжээний тор хэлбэрийн байгууламжийг санал болгож байна. Энэ арга нь бусад аргатай харьцуулахад загасанд хал балгүйгээр бохирдлыг зайлуулах боломжтойгоороо давуу талтай юм. Мөн далайн ёроолд амьдардаг хавч, сам хорхой хэлбэрийн амьтадыг ч бас агуулах боломжтой учир тэдгээр нь загаснаас ялгарах хаягдлыг идэж боловруулан байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг багасгадаг байна. Уг арга одоогоор судалгаа шинжилгээний түвшинд байгаа боловч ирээдүйн загас үржүүлгийн үндсэн хэлбэр болно гэж эрдэмтэд үзэж байна.


Шавьж
Хүний өдөр тутмын хоол хүнсэнд чухал шаардлагатай уургийг бэлтгэхийн тулд байгал орчинд сөрөг нөлөө бүхий мал аж ахуйг эрхэлж, их хэмжээний бэлчээр шаардагдаж, загасны нөөцийг хомсдоход хүргэж байгаа нь амьтнаас өөр төрлийн уургийн эх үүсвэрийг хайхаас өөр аргагүй болгож байна. Уургийн өөр төрлийн эх үүсвэрт тохирох нөөц бол шавьж юм. НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллагын мэдээгээр дэлхий дээр хүнсэнд хэрэглэж болох 1462 зүйлийн шавьж байдаг байна. Элдэв гаж хоол хэрэглэх уралдаан тэмцээнээс бусад нөхцөлд шавьж идэж зүрхлэх хүн цөөхөн байж болох ч дэлхийн 90 гаруй улсад хүмүүс 1000 жилийн өмнөөс шавьжийг хоол хүнсэндээ хэрэглэсээр иржээ. Хэрэв багахан хүчин чармайлт гаргавал уураг үйлдвэрлэхийн тулд гахай, үхэр үржүүлэхээс илүү бага зай талбайд шавьж үржүүлэх боломжтой хэмээн зарим эрдэмтэд үзэж байна. Мөн 500 грам голио, царцаанаас мөн адил хэмжээний үхрийн маханд агуулагдах шим тэжээлийн бодисыг гаргаж авах боломжтой байдаг байна.


Усны бичил биетүүд (Phytoplankton)
Хэрэв та далай болон нуурын уснаас залгисан тохиолдол байгаа бол бичил биетнүүдийг ямар нэг хэмжээгээр идэж хэрэглэсэн гэсэн үг. Усанд хөвөгч ногоон ургамлын нэг төрөл болох замгийг микроскопоор томруулан харвал тэрбумаар тоологдох бичил биетүүд, олон төрлийн витамин болон шим тэжээлт бодисуудыг агуулж байгааг мэдэж болно. Нэг эст бичил биетүүд хуваагдлын замаар үрждэг учир эх газрын амьтадтай харьцуулахад өсөж үржих хурд 100 дахин илүү байдаг байна. Одоогоор бичил биетүүдийг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болгон хэрэглэж байгаа боловч цаашид эрдэмтэдийн хүчээр ирээдүйн хүсний голлох нөөцийн нэгэнд тооцогдох магадлалтай юм.


Шаардлагатай эрдэс бодисын агууламжийг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн
Өнөөдөр дэлхийд буудай зэрэг хүнсэнд хэрэглэгддэг ургамлын тариалан түгээмэл байгаа боловч хүн амьд явахад шаардагдах эрдэс бодисын багахан хэсгийг л хангаж байна. Тухайлбал маниока хэмээх ургамал хямд өртөгтэй, ямар ч нөхцөлд ургадаг ч хэдхэн хоногийн дотор муудаж хүнсний шаардлага хангахгүй болдог. Энэ ургамалд төмөр, цайр, витамнин А зэрэг бодисууд маш бага хэмжээгээр агуулагддаг боловч 250 сая хүн хоол тэжээлийн үндсэн бүтээгдэхүүн болгон хэрэглэсээр байна. Иймд эрдэмтэд энэ ургамлын витамин болон эрдэс бодисын агууламжийг нэмэгдүүлэхээр шийдэж 4 дахин их уураг, 10 дахин их витамин Е, 8 дахин их цайр тус тус агуулах сортыг гаргаж авчээ. Энэ жишээнээс бүх төрлийн шим тэжээлт бодисыг ганцхан төрлийн ургамалд цуглуулах нь зөвхөн цаг хугацааны л асуудал гэдэг нь ойлгогдоно.


Ургамлын төрөл бүрийн сортууд
Цаг агаарын өөрчлөлт нь тариалангийн зарим бүс нутагт агаарын температурыг нэмэгдүүлэх сайн нөлөөтэй боловч бусад газруудад эсрэгээрээ хүндрэл учруулдаг. Ийм хүндрэлээс гарах үндсэн арга зам нь янз бүрийн нөхцөлд тохирох олон төрлийн сорт бий болгох явдал юм. 10-аад жилийн өмнөөс ургац нэмэгдүүлэх зорилгоор улаан буудай, эрдэнэ шиш болон хүнсний бусад ургамлуудын генетикийн хувьд төстэй удамшсан сортуудыг гарган авсаар ирсэн билээ. Энэ аргаар мөн адил цаг агаарын янз бүрийн нөхцөлд ургах чадвартай сортуудыг бий болгох боломжтой юм. Эдгээр сортууд нь хэлбэр дүрс болон амт чанарын хувьд үндсэн сортоос бараг ялгагдахгүй. Хэрэв бид ийм шинэ сортуудыг гаргалгүйгээр газар тариаланг одоогийн хэлбэрээр үргэлжлүүлэн эрхэлбэл цаашид хөгжингүй орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсч, хөгжиж буй ихэнх улсуудад хүнсний хомсдол үүсгэх нь зайлшгүй болоод байна.


Жимс болон хүнсий ногооны эрлийз
Киви, плумкот, помэло, алим зэрэг жимс болон хүнсний ногооны эрлийз бүтээгдэхүүнүүд барууны орнуудын худалдан авагчдад аль хэдийн танил болжээ. Эдгээр нь шинэ зүйл биш бөгөөд 18-р зууны үед Ямайка зэрэг улсад ургуулж байсан жүржийн төрлийн ургамлууд энэ төрөлд хамаарагдана. Гэхдээ бид одоо илүү үр ашигтай, илүү сонирхолтой холимогуудыг бий болгох чадвартай болсон. Ирээдүйд ч мөн адил тоо томшгүй олон төрлийн холимог, эрлийз бүтээгдэхүүн бий болж бидэнд шаардлагатай шим тэжээлийг хангахад туслах нь мэдээжийн хэрэг юм.


Мэдээллийн эх сурвалж: http://robomec.blogspot.com
төрөл: Мэдлэгт дусал нэмэр | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1109 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

тэврэлт angel
Зочин хэзээ бичсэн: 11:45, 2011-10-18 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant