Дурсамж яриа 2

2017-03-27,23:43
...Гадаад явдлын яамны сайд байсан Аварзэд гэж хүн байсан. Цэдэнбал даргатай Оросод газраа өгөхгүй, би үр хойчийнхоо өмнө тийм юм хийж чадахгүй гэж анх зөрж муудаад, гарын үсэг бичиг цаасан дээр нь зураагүй юм гэдэг. Тэгээд тэр өдрөө гэртээ ирэхэд нь улсаас өгсөн бүх тавилга юмыг хурааж аваад, утсыг нь хүртэл таслаад явсан байсан гэж аавтай ярьж байхад нь би хүүхэд байхдаа сонсож байсан.

Удалгүй Албани руу элчин сайдаар явуулахад нь тэнд дайнтай байсан болохоор нь нутагтаа үхнэ гээд хаяад ирсэн гэдэг. Бас их хөгжилтэй хүн.

Ирэхээр нь нутаг руу нь (Говь-Алтайн Цогт сум) цөлөөд манай суманд ирж нэгдлийн дарга болсон. Их олон юм хийж өөрчилсөн дөө. Аймгийн улаан булан засварт ороход нь очиж уулзаад хуучин актлагдсан тоног төхөөрөмж юмнуудыг нь авч ирээд сумын Улаан буланг тохижуулаад их гоё болгож байсан.

Эвлэлийн хуралд залуучууд ирэхдээ хүн бүр 2 шуудай чулуу авч ирэх даалгавартай авч очдог байлаа. Түүгээр хашаа барьсан. Сүүлд дүү нар чинь очоод хашааг их сонирхоод зураг хөргийг авч байсан.

Вьетнам мэргэжилтэн авч ирээд чацаргана, тарвас, өргөст хэмх, усан үзэм, эрдэнэ шиш, байцаа, төмс янз янзын ногоо анх тарьж ургуулж байлаа. Эрдэнэ шиш чинь их өндөр ургана, тэмээ ороод харагдахгүй шүү дээ. Хуурахаар их гоё чихэрлэг амттай, хуурч байгаад хатааж тээрэмдээд гоё чихэрлэг гурил гаргаад иддэг байсан. Анх хүмүүс ногоо идэхгүй. Намар ургац хураахад хөдөлмөр өдрийн хөлсөнд бараа товар өгнө. Өгсөн ногоог нь хүмүүс зарим нь хээр хаячихна, гэрийн гадаа аваачаад хаясан байхад ямаа л иддэг байсан. Одоо бодоход хайран юм шүү. Ногоо ч идэж мэддэггүй байлаа. Анх төмс л идэж сурч байсан. Анх идэхэд их тийм сонин амттай юм байдаг байж билээ. Өргөст хэмхийг нь чинь ямаа их дуртай шажигнатал иднэ. Тэр нь их эвгүй голионы гэдэс дотор гаргаад ирж байгаа юм шиг харагддаг байсан.

Мундаг хүмүүс ер нь л мундаг, ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг ганц мундаг хүн л их юмыг хийж өөрчилж уг нь чаддаг юм билээ. Тэгэхэд хот байтугай аймгийн төв явахдаа хүртэл Аварзэд гуай дээрээс зөвшөөрөл авч байж явдаг байсан гэдэг. Сумыг тэр үед их гоё болгож хөгжүүлж байсан даа. Одоогоор бол компани шиг л олон зүйл эхэлж хийж хөгжиж, хийсэн зүйлээ зарж мөнгө хүртэл олдог байсан юм. Харин улсаас олсон орлого юмыг нь татаад авчихдаг байсан даа. Дараагийн нэгдлийн дарга нар нь тэгсгээд нэг их олигтой юм хийгээгүй гэж боддог юм...

төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 121 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)