Араа ба үнэр

2016-3-28,22:38
Хотын нэг байшингийн цонхоор 30 нэлээн гарсан ганц бие нэг залуу хамт амьдардаг бүсгүйгээ хүлээнгээ уйдсан залхсан байдлаар дээрээс харж зогсоно. Цаг наашилж дулаан орсон ч гадаа утаатаа хэвээр, загалтсан цонхны цаадах хот уйтгартайяа гэрэл гялбалзан харагдана. Магадгүй өөр нэгний хувьд энэ гэрлүүд жаргалтайгаар ирмэж, шоунд урин дуудаж байж ч магадгүй л юм.

Бага байхад байсан хот их л өнгөлөг гэгээлэг байсан мэт. Социализмын үеийн гэгдэх хуучны зурагнуудыг харж байхад их л сайхан цэвэрхэн байсан санагддаг. Хэдхэн жилийн өмнө бол эдгээр гэрлүүд ирмэн дуудаж оройн энэ цагт өөрийн эрхгүй гэгэлзэж гарч гүймээр болдогсон. Амьдрал гэдэг мөнгө, цаг, ажил гээд л сүүлийн үед ядарсан залхсан зугтмаар нэг л хоосон мэдрэмж хааяа төрж ийнхүү гэгэлзэх болсон.

Заримдаа амьдарч буй нийгэм, баян хоосны ялгаа, улс төр гээд л юм юмыг л бодож тунгаана. Нэг л тийм идэвхгүй нийгэм, өөрөө ч гэсэн идэвхгүй, сулбагар, ирээдүйдээ итгэл алдарсан мэт мэдрэмж хааяа төрнө. Гэсэн ч иймэрхүү мэдрэмжүүд төрсөн үед нь өөрийгөө зоригжуулан амжилтанд хүрч нэр алдарт хүрсэн хүмүүсийн тухай, тэдний амьдралын тухай, бууж өгөхгүй байх тухай бодно. Ингээд л нөгөө амьдрал гэж юу вэ? Яах гэж амьдарч байгаа билээ? Амьдрал үнэхээр ямар нэгэн утга учиргүй, зүгээр л хуял тачаалаараа өнөө маргаашаа өнгөрөөгөөд дуусах зүйл юм болов уу гэдэг бодлууд толгойд нь орж ирнэ. Заримдаа хүмүүстэй энэ талаар ярилцмаар санагдана. Гэхдээ аль ч тохиолдолд ямар нэгэн шийдэлд хүрэхгүй л дээ. Зүгээр л бодохгүй, толгойгоо зөвхөн ажил, зорилгодоо төвлөрүүлээд л өөр юуг ч харалгүй урагшаа зүтгэх ёстой ч юм шиг.

Хүүхэд байхдаа уншсан ном, яриулсан үлгэр, үзсэн киноноос нь амьдрал гэдэг шал өөр зүйл юм гэдгийг бусдаас нэлээд хожуу ухаарч эхэлж буй нь энэ бололтой. Тэр зүрхэндээ тээсэн хайртай бүсгүй бий. Секс хийж ч үзээгүй, цөөхөн үнссэн ч багагүй хугацаанд холбоотой байсан тэр нэг хүнийг үргэлж бодно, санана, үе үе зүүдэлнэ. Заримдаа согтуудаа зориг ороод мессеж илгээнэ. Гэхдээ өөрөө түүнийгээ гомдоож уурлуулаад салсан л даа. Бусад хүмүүсийг эмэгтэй эрэгтэй гэлгүй хатуу үгийг бодлогогүй хэлж гомдоодог хатуу сэтгэл, уйтгартай зан араншинтай нэгэн мэт заримдаа өөртөө санагдана. Уг нь түүнийг гомдоохгүйг хэт хичээдэг, биеэ барьдаг байсан ч тэр нь бас буруу байсан гэдгийг бас ойлгосон.

Одоогоор бас л нэг бүсгүйтэй хамт амьдрах гэж оролдож, амьдрал гэдэг зүйлийн бас нэг өөр амтыг мэдэрч яваа ч, юунд ч юм сэтгэл дундуур, юу ч юм болохгүй, дутуу санагдана. Амьдрал баялаг гэдэг. Гэвч амьдрал гэдэг хүссэнээр амархан болж шийдэгддэг зүйл, гараа сунгаад л хүссэнээ авчихдаг лангуу биш юм. Бас хүн гэдэг  өөрөө ч өөрийгөө тийм ч амархан боолт, гаахийг нь чангалж буй мэт тохируулаад өөрчилчихдөг эд биш бололтой юм аа.

Тэр тагтан дээр гарч тамхи соронгоо, шар айраг шимэн заваан санагдах амтыг нь амталж зогсохдоо ч эдгээр муухай зүйлсийг яагаад ингээд хэрэглээд байдагтаа, больж чаддаггүйдээ гайхна. Одоогийн найз бүсгүйдээ сэтгэл нь хөрснөөс хойш салъя гэж хэд хэд хэлсэн ч бас л татагдсаар, хамтдаа өдөр хоногийг өнгөрүүлсээр л байгаа.

Нэлээд өөр хоёр хүн хамт амьдрах гэдэг нь  өөр шүдтэй араанууд хоорондоо нийлж эргэхээр зүтгэх мэт үйлдэл юм шиг. Шүдний зөрүү олон байх тусмаа гацаж, нэг нь нөгөөгөө өвтгөж байдаг бололтой. Тиймээс магадгүй тасралтгүй эрж хайж, өөрийн тохирох арааг олж авах, эс бөгөөс өөрийн шүдийг нөгөө араатай тохируулан хуурайдахыг нь хуурайдаж, зарим хэсэгт нь нэмж гагнаж янзлах хэрэгтэй байдаг бололтой. Мэдээж багагүй өвдөлтийг тэсэж давж гарах хэрэгтэй болно. Ихэнх тохиолдолд энэ бараг боломжгүй зүйл.

Бас нэг сонголт бий заавал ингэж нэг л араатай холбогдохгүйгээр, шүд бүрээрээ тааралдсан тохирох араатай харилцан үйлчлээд эргээд явах боломж. Тийм сонголт хийдэг хүмүүс ч бас дэлхий дээр багагүй бий.

1459174676
Магадгүй бүүр энэ зураг шиг л хэн нэгэн нь өөр нэгний эхнэр нөхөртэй ч зэрэг таарч тохироод, амьдралаа зохицуулаад явах нь ч байдаг бололтой. Өөрөө ч бас нэгэн нөхөртэй бүсгүйд татагдаж, тэр нь ч бас өөрт нь сайн. Магадгүй амьдрал гэдэг өөрөө ийм л хүмүүсийн харилцаа, ямар нэгэн утга учиргүй учрал, хүсэл тачаал, ойлгомжгүй сэтгэлийн хөдлөлийн цуглуулга юм болов уу.

Уусан шар айрагны шил хогийн савны ёроол руу жингэнэн унах үед тагтнаас орж ирсэн тамхины утаа өрөөнд нь үнэртэнэ. Бага зэрэг мансуурсан толгойд нь элдэв адын бодол орж ирэн хэвтэх үед дэрнээс нь эмэгтэйн сүрчигний үнэр үнэртэж биеэр нь ямар нэгэн дааврын үйлчлэл мэдрэгдэж ганцаардах мэдрэмжийг улам нэмэгдүүлнэ.
(Жич: Дотоод ертөнчийн нэлээд их зүйл би мөн боловч энэ залуу бол бүгд би буюу xvv биш шүү. Хаана нь би хаана нь зохиол яваад байгаа юм бол?)
төрөл: Чөлөөт цаг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 80 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant